Есөн боксчин медалийн болзол хангалаа

Есөн боксчин медалийн болзол хангалаа

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотноо аравдугаар сарын 31-нд эхэлсэн. Тэмцээн арваннэгдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжлэх юм. Энэхүү тэмцээнд дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин хүч үзэж байгаа.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас оролцож буй тамирчдын олонх нь залуу тамирчин бөгөөд 9 тамирчин медалийн болзол биелүүлснээс долоон тамирчин нь анхны медалиа хүртээд байгаа юм. Ингээд Азийн АШТ-ий эргэн тойрон дахь мэдээллийг хүргэе.

Одоогоор 63 кг-ийн жинд У.Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен вен Суг, 54 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова Ферузаг ялж хүрэл медалийн болзол биелүүлэн мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байгаа юм.

Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ өнгөрсөн шөнө хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчин Ази тивийн хошой аварга  Волоссенког ялж 19 насандаа тивийн медальтан боллоо. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа манай багийн хамгийн залуу тамирчин юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд залуу тамирчин Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинтай тулалдаж хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн.

Эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Энхмандах БНСУ-ын тамирчинг хүрэл медалийн төлөө ялсан. 57 кг-ын жинд Г.Лундаа Хятадын Тайваний тамирчин Чен Вей Лийг, 60 кг-ын жинд Б.Буяндалай Ираны тамирчинг тус тус ялж хүрэл медалийн болзол биелүүлээд байна.

Ази тивийн аваргын алт мөнгө хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг Палестины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч өрсөлдөгч тамирчин тулалдах боломжгүй болж Б.Чинзориг медалийн болзол биелүүлээд байгаа юм. Ингэснээр манай улсаас 9 тамирчин одоогоор медалийн болзол биелүүлж мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна.

Эрэгтэй тамирчдаас 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Өнөболд Японы тамирчинд, 54 кг-ын жинд Ганболд Казакстаны тамирчинд тус тус медалийн төлөө тоглолтонд хожигдоод байна.

Өнөөдөр буюу даваа гарагт эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Бямба-Эрдэнэ БНСУ-ын тамирчинтай, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнсаран Казакстаны тамирчин Дэлхийн хошой аварга Ази тивийн аварга Назим Кызайбайтай тус тус тулалдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.