“Рио-2016” олимпын наадмын боксын тэмцээний үр дүнд шинжилгээ хийсэн хараат бус мөрдлөгийн тайланг танилцууллаа. Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан багийн мөрдлөгийн тайланд дурдсанаар авлига авч, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй 10 гаруй сэжигтэй тоглолтыг илрүүлсэн байна.
149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг тухай, шүүгчдэд өгөх авлига нь зургаан оронтой тоо бүхий асар их мөнгөн дүнтэй байдаг талаар дурджээ.
Тухайн үеийн AIBA-гийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгч Ү Чин Коу, гүйцэтгэх захирал Карим Боузиди нар тус хэрэгт гар бие оролцсон болохыг энэхүү тайлан илчлэв. Хуудуутай тоглолтын тоог нарийвчлан тогтоох боломжгүй ч 11 орчим тоглолт байж магадгүй гэж мэдэгдлээ.
Эдгээр тулааны тоонд 56 кг-ын шөвгийн наймд учраа таарсан Ирландын Майк Конлан, Оросын Владимир Никитин (Никитин 2:1-ээр хожсон), -91 кг-ын финал Оросын Евгений Тишенко, Казахстаны Василий Левит (Тишенко 3:0-ээр хожсон) нарын тоглолт багтжээ.
Түүнчлэн Монголын Д.Отгондалай, Францын С.Умиа нарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын дүнг өөрчлөхын тулд 250 мянга хүртэлх ам.долларын хахууль өгсөн байж болзошгүйг Макларен хэлэв.
Энэхүү тайланд AIBA-гийн бий болгосон шүүлтийн “соёл”, шүүгч нар энэхүү “соёл”-ыг хэрхэн дуулгавартай дагаж мөрдөн Риогийн олимпын боксын тэмцээнийг сүйтгэсэн талаар дэлгэрэнгүй дурджээ. Шүүлтийн “соёл”-ыг бий болгож, тоглолтын үр дүнг өөрчилдөг байсан гол хүмүүс нь Ү Чин Коу, Карим Боузиди нар байсан хэмээн Макларен хэлэв.
Шалгалтын үр дүнд үндэслэн хэрэгт холбогдсон шүүгчдэд сахилгын шийтгэл оноож магадгүй гэжээ.
Шударга бус шүүлт Риогийн олимпоос өмнө, бүр Лондоны олимпоос эхтэй байж магадгүйг тайланд дурдсан байна. Тус тайланд “AIBA-гийн одоогийн тэмцээний шударга байдлыг хангахын тулд өргөн хүрээний шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн дүгнэжээ. Харин AIBA-гийн одоогийн ерөнхийлөгч Умар Кремлев “Профессор Макларенийг бид ажилд авсан. Бидэнд нуух зүйл байхгүй. Бид залилан мэхлэх арга хэмжээнд оролцсон хүмүүст арга хэмжээ авах тал дээр хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Рио2016 олимпын хагас шигшээд мөнгөн медалийн төлөө МУГТ Д.Отгондалайг Францын тамирчинтай тулалдаж ялагдсан билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.