Өнөөдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр Монголын гурван тамирчин чөлөөт бөх болон марафоны төрөлд оролцоно.
05:00 цагт: Монголын шилдэг марафонч ОУХМ Б.Мөнхзаяа уралдана. Түүний өмсгөл 2942 дугаартайгаар уралдахаар болжээ. Тэгвэл зохион байгуулагчид гүйлт эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулж, өглөөний 06.00 цагаас /Улаанбаатарын цагаар 05.00-д/ эхлүүлэхээр болов. Саппород урьд өмнөх жилүүдээс илүү халж байгаа учир тамирчдыг эрсдэлээс хамгаалах зорилгоор тус шийдвэрийг гаргажээ.
17:45 цагт: Өнөөдөр зодоглосон манай хоёр бөх болох Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой япон бөхчүүдэд дийлдсэн. Тэгвэл Японы хоёр бөх финалд шалгарснаар манайхан дагаж барилдах боломж гарч ирлээ. Эрчүүдийн 65 кг-д барилдсан Т.Отогуро шөвгийн наймд Унгарын И.Мусукаевийг 4:1, Оросын Г.Рашидовыг хүнд барилдааны эцэст 3:2-оор ялан финалдсан юм. Т.Тулга маргааш түүнд хожигдсон Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялж чадвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулна.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдөж буй Ц.Намуунцэцэг шууд хүрэл медалийн төлөө барилдана. Учир нь түүнтэй дагах барилдаан хийх байсан Экуадор тамирчин Лусиа Ямилет Йепез Гузман гэмтэл аван олимпоо үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Ингэснээр манай тамирчин үдээс хойш хүрэл медалийн төлөө Азербайжаны Мария Стадниктай учраа таарав. Өдгөө 33 настай Мария Стадникийн хувьд олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, дэлхий, Европын аварга тамирчин.
Тэдний дагах барилдаан маргааш 17.45-д эхэлнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.