Б.Болортуяа хүрэл медалийн эзэн боллоо

Б.Болортуяа хүрэл медалийн эзэн боллоо
Өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр Монголын дөрвөн тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.
 
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд Б.Болортуяа зодоглолоо. Камеруны бөх Жозеф Эссомбег барилдаж 14-4 харьцаагаар оноогоор цэвэр ялж хүрэл медаль хүртэж Монгол Улсын 30 дахь медалийн эзэн боллоо. Мөн чөлөөтийнхөн олимпийн наадмаас 10 дахь медалиа өөрийн болгож байна. Түүнчлэн тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх болов. Болортуяа хоёр жилийн өмнө дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн бол өдгөө ийнхүү олимп, дэлхийн медальтан гэж дуудуулах боллоо. Монголын баг дөрвөн медальтай болсноор “Токио-2020” түүхэн өндөр амжилттай олимпийн тоонд багтах болов. Манай тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таван медальтай ирсэн билээ. Олимпийн наадмын медалиар Монголын ард түмнээ баясган цэнгүүлсэн Болортуяадаа баярлалаа.
 
24 настай тэрбээр эхний шатанд Номхон далайн орнуудын хошой аварга Гуамын Ркаела Мари Рамос Акинотой барилдаж цэвэр ялсан бөгөөд шөвгийн наймд Пан Америкийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендрес барилдлаа. Дэлхийн медальт Б.Болортуяа олимпын медальтан болоход ганц ялалт л хэрэгтэй болоод байна. Тэрбээр Эквадорын бөхийг оноогоор цэвэр (15:5) ялснаар хагас шигшээд шалгаран үлдсэн.
 
Улмаар хагас шигшээд Япон бөх, Дэлхийн хошой аварга хүлээж байсан бөгөөд Мая Мукаиадад 6:3-аар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Барилдааны эхэнд Мукаида манай хүний хөлд орж, түрж гарган нэг оноо, дараа нь идэвхийн нэг оноо авснаар 2:0-ээр тэргүүлж эхлэв. Үүнээс хойш Болортуяа хоёр ч удаа хөлд сууж, шилбээр нь тун нарийн авсан ч оноо болгож чадсангүй. Сүүлд япон бөх дахин хөлд орон хоёр оноо, залгуулан крест эргүүлж хоёр оноо авснаар 6:0-ээр тэргүүлэх болсон юм. Төгсгөлд Болортуяа гурван оноо авсан ч хэтэрхий оройтсон байлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.