Өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр Монголын хоёр тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.
Манай чөлөөтийнхөн хүнд жинд харуулдах нэгэн сайн бөхтэй болсныг Токиогийн олимп бидэнд харууллаа. 125 кг-д зодоглосон залуу тамирчин М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө Туркийн Олимп, дэлхийн аварга Таха Акгюль барилдаж 5-0 харьцаагаар ялагдаж тавдугаар байрт орлоо.
Хагас шигшээд Америкийн Габле Стивенсонд 5:0-ээр ялагдсан ч барилдаан тун ойролцоо өрнөснийг дурдах хэрэгтэй.
Америк бөх эхний үед хөлд орон ард нь гарч хоёр оноо авснаар тэргүүлж эхэлсэн. Дараа нь Лхагвагэрэл идэвхийн 30 секунд явж байх үед шилбээр нь нарийн авсан ч оноо болгож арай л чадсангүй. Хэрэв энэ байдлаас хоёр оноо авчихсан бол сүүлийн оноог авсан гэдгээрээ давуу тал манай хүнд шилжиж, барилдаан огт өөр дүр зурагтай үргэлжлэх байлаа. Улмаар идэвхийн нэг оноо, сүүлд дахин ардаа алдаж хоёр оноо алдсанаар эцсийн дүндээ 5:0-ээр ялагдав.
М.Лхагвагэрэл эхний шатанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Беларусийн Зианис Храмианкутай барилдаж 8-4 харьцаагаар ялсан бөгөөд шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудинович барилдаж 2:4-өөр хожигдож явсан эгзэгтэй мөчид дөрвөн оноо дараалан авч ялалт байгуулснаар хагас шигшээд үлдэж, цааш медалийн төлөө барилдахаар болов.
Барилдааны эхэнд манай хүн идэвхийн болон дэвжээнээс түрж гаргасны оноо авснаар 2:0-ээр тэргүүлж байсан. Гэтэл өрсөлдөгч нь ууцаар нь тэвэрч унаган бүхэл дөрвөн оноо авчихав. Манай хүн зүгээр ухраад дэвжээнээс гарчихсан бол нэг оноо алдаад л өнгөрөх байлаа.
Гэхдээ тэрбээр алдаагаа залруулж, хоёр удаа ард нь гарч дөрвөн оноо авснаар эцсийн мөчид 6:5-аар ялалт байгууллаа.