Жүдо бөхийн холимог баг эхний өрсөлдөгчөө яллаа
“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын долоо дахь өдрийн байдлаар 70 орны баг тамирчид медаль хүртсэний дотор Монголын баг маань нэг мөнгө, хоёр хүрэл , нийт гурван медальтай 45-д бичигдэж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 31-ний өдөр манай жүдо, буудлага тамирчид тэмцээнтэй.
Жүдо бөхийн тэмцээний сүүлчийн өдөр. Холимог багийн төрөл олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бөгөөд нэг улсын баг 6 жүдочтой( эмэгтэй 57 кг, 70 кг, +70 кг , эрэгтэй 73 кг, 90 кг, +90 кг) байна.
Эхний барилдаан +90 кг-ынхны хооронд болоход Ө.Дүүрэнбаяр улсаа төлөөлөн дэвжээнд гарав. Энэ барилдаанд солонгос бөх Ким Мин Жон манай бөхийг ороод ирэхэд нь дагуулж хөл тавиад цэвэр ялав.
БНСУ 1:0-ээр тэргүүлж эхэлсэн эгзэгтэй мөчид манай гол найдвар Д.Сумъяа дэвжээнд гарав. Тэрбээр энэ удаа өрсөлдөгч Ким Жи Сүг мэхээ дутуу хийхэд нь дагуулж дайраад вазари авч яллаа. Хожлын харьцаа 1:1.
Гурав дахь барилдаанд манай Ц.Цогтбаатар Ан Чан Римтэй хүч сорилоо. Хоёр бөх хувийн төрөлд хоёулаа хүрэл медаль авсан гэдгээрээ онцлог. Тун чухал энэ барилдаанд манай бөх торгуулиар ялснаар 2:1 болгов.
Үүний дараа дэвжээнд гарсан Б.Ганхайч дээд жингийнхээ бөх Ким Сеон Гёныг солгой хутгаж вазаригаар ялснаар Монголын баг 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Барилдаан бараг 10 минутын турш үргэлжилж, хоёр бөх маш их ядарсан байв.
Улмаар -90 кг-д Г.Алтанбагана дэлхийн аварга Гвак Дон Ханыг торгуулиар ялснаар Монголын баг солонгосчуудыг 4:1-ээр буулган авлаа.
Одоо манайхан шөвгийн наймд Оросын багтай хүч сорих болно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.