Аса аваргын зүтгэл одоо л хэрэгтэй байна

Аса аваргын зүтгэл одоо л хэрэгтэй байна

Бразилын Риод болсон зуны Олимпийн наадамд өндөрлөж, манай тамирчид эх орондоо ирцгээлээ. Энэ удаагийн Олимпийн наадмаас манай тамирчид хоёр медальтай ирсэн ч тэр нь чамлагдлаа. Цахим ертөнцөд эдлэх ёстой эрх чөлөөгөө монголчууд хэтрүүлж, мэдэх, мэдэхгүй баахан “донгодлоо”. Жаахан хэтэрсэн гэж хэлэх гээд байна л даа.  Энэ бүхэн цаашлаад одоо л хөгжлийнхөө төвшинг олоод, эрч хүчтэй урагшилж байгаа жүдо, чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагчид, холбооны Ерөнхийлөгчдийн урам руу ус цацсан хэрэг болж хувирав. Тиймдээ ч жүдогийн ч, чөлөөтийн ч холбооны Ерөнхийлөгчид ажлаа өгөх гэж ярьж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч жүдогийнхонтойгоо хуралдаад, алдаа гаргасан бол хариуцлагаа үүрч, ажлаа өгье гэдгээ хэлсэн байсан. Гэхдээ жүдогийнхон юу гэж явуулах вэ дээ, ямар нэг аргаар аваад л үлдэнэ.

Тэгвэл өнөөдөр Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж аварга бас л ажлаа өгч, хариуцлагаа үүрэхээ мэдэгдлээ. Яг үнэндээ тэр хүн ажлаа өглөө гээд бөхчүүд нь аваагүй медалиа авчих уу. Үгүй биз дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн циклд Монголын чөлөөт бөхийн тамирчид ямархуу амжилт гаргав. Дэлхийн аваргад ямар амжилт гаргалаа. Эмэгтэй тамирчдын чансаа хаана хүрэв. Илт уначихаад байсан эрэгтэй тамирчдын чадвар чансаа ч дээшилж, Олимпийн наадамд бүтэн багаараа оролцлоо. Энэ бүхний гавьяаг тэр хүн хуваалцах эрхгүй байна гэж байх уу.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МЧБХ-ны эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр саяхан өгсөн ярилцлагадаа “Ер нь Г.Мандахнарангийн буруутанг хайгаад холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадоржийг чичилсэн олон хүн байна. Өнгөрсөн жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай тамирчид гурван медаль хүртээд ирэхэд “Энэ амжилт МЧБХ-нд, ялангуяа Асашёорюүд ямар ч хамаагүй" гэж телевизийн эфирээр С.Шижирбат тунхаглан зарласан. Дараа нь ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба тамирчдыг хүлээж авахад Ц.Цогтбаяр дасгалжуулагч мөн энэ үгийг хэлсэн. Амжилтад хүрэхээрээ хамаагүй, арга нь барагдахаараа хамаатай гээд бахираад байж болохгүй л дээ” хэмээн ярьсан байна билээ.

Яг л энэ шүү дээ. Дэлхийн аваргаас олон тамирчин медаль хүртэхээр л дасгалжуулагч нарын гавьяа болоод, Дагваад хамаагүй байдаг. Олимпийн наадмаас медаль хүртэж чадахгүй болохоор дасгалжуулагч нарын буруу биш Дагваад хамаатай байж болохгүй биз дээ. Өмнө нь Монголд чөлөөт бөхийн тэмцээн болдог байв уу, үгүй шүү дээ. Гэтэл одоо яаж байна. Олимпийн эрх олгох тэмцээн хүртэл болж байна. Энэ хэний гавьяа вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Монголд Олон улсын чанартай том тэмцээн зохион байгуулахд хэчнээн хэмжээний зардал гарч байгаа. Түүнийг хэн гаргаж байгаа вэ, холбооны Ерөнхийлөгч л зүтгэж байгаа шүү дээ. Гадаад руу хэчнээн удаа манай тамирчид уралдаанд явдаг билээ. Хуучныг бодвол илүү олон тэмцээнд явдаг болсон гэж хардаг. Тэр бүхнийг, зардал мөнгийг гээд бүгдийг нь зохицуулж байгаа шүү дээ, холбооны Ерөнхийлөгч. Тэр бүхнийг, тэр их хөдөлмөрийг ганц Олимпийн үр дүнгээр баллуурдах нь арай л харамсалтай байна.

Ядаж байхад одоо Монголын чөлөөтийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гарах гэж байдаг. Ямар ч байсан шийтгэх нь тодорхой байгаа. Ийм үед Аса аваргын гадаад нэр хүнд л хэрэгтэй байна. Одоо бид дотооддоо хэн нэгнийг шүүх гээд, медаль хүртээгүйн бурууг ямар нэг буруутан олж наах гээд байх хэрэг байна уу. Тэглээд гээд яах юм. Чөлөөт бөхийн хөгжил улам нэмэгдэх үү. Аваагүй медаль нь эргээд ирэх үү. Тамирчдын ур чадвар дээшлэх үү. Эсвэл манай холбоог Дэлхийн бөхийн холбооноос шийтгэхээ больчих юм уу. Ёстой тийм юм байхгүй шүү. Харин хоорондоо хэмлэлдэж, энэ спортын төлөө зүтгэж байгаа хүмүүсээ өөлж байхаар яаж шийтгэлгүй үлдэх вэ.

Эсвэл шийтгэлийг яаж бууруулах вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй биз дээ. Энэ бүхэнд Аса аваргын гадаад нэр хүнд тун хэрэгтэй байна. Д.Дагвадорж аварга ч гэсэн энэ битгий хэлийг л сүмогийн дэвжээнд үзэж байсан хүн. Хэдэн хүн цахим хуудсаар “хуцлаа” гээд, ганц нэг дасгалжуулагчид өөрийнхөө үзэл бодлыг ярилаа гээд эхлүүлсэн ажлаа дундаас нь хаячих хэрэг байна уу. 2020 онд Олимпийн наадмаас чөлөөтийнхөн олон медаль аваад, олон долоон юм онхолдоод байсан нөхдүүдийн “ам руу чихвэл” харин сайхан биш үү.  Аса аварга Чөлөөтийн холбоо одоо ийм хүнд байхад арай ч хаяад явчихгүй болов уу гэж бодож байна. Хэрвээ шийдчихсэн бол түр азнаач гэж гуйх гээд байгаа хэрэг.

Өөрөө хөлсөө дуслуулж, барилдаан гэж юу байдгийг, тамирчны хөдөлмөр ямар хэцүүг мэддэг хүн л тэднийхээ төлөө байгаа бүхнээ, сэтгэлээ, зүтгэлээ, мөнгө төгрөгөө хүртэл зориулдаг юм. Түүнээс биш хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтэн холбоог аваад зүгээр л унагадаг биз дээ. Бид тийм байхыг нь өдийг хүртэл хангалттай харсан. УИХ-ын гишүүн бүр нэг нэг холбооны Ерөнхийлөгч байсан нь ч саяхан. Тэглээ гээд Монголын спорт хөгжсөн үү, үгүй. Тийм болохоор чөлөөтийнхөн жүдогийн дасгалжуулагч нар шиг Ерөнхийлөгчөө гуйж байгаад болов аваад үлдэх л хэрэгтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.