Д.Сумъяа: Сэтгэл тайван сайхан болчихлоо

Д.Сумъяа: Сэтгэл тайван сайхан болчихлоо

Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй  зуны олимпийн наадмаас Монголын тамирчид мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчраад буй.  Тэгвэл тэмцээнээ өндөрлүүлсэн жүдогийн тамирчид өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Олимпийн жүдо бөхийн төрөлд Японы чоно хочит Мацүмотог ялж, 2012 оны олимпоос хойш монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө дахин нэг удаа уяж, бас баярлуулж мөнгөн медаль хүртсэн  Д.Сумъяаг гэр бүл, төрөл садан, Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлага, хамт олон, Увс аймгийн нутгийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд тосч авсан юм. Нисэх буудалд Д.Сумъяаг гэр бүл, албаны хүмүүсээс гадна нислэгээ хүлээж буй болон энгийн иргэд угтан авлаа. 

Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин  Д.Сумъяа  “Эх орондоо ирэх үнэхээр сайхан байна. Сэтгэл тайван сайхан болчихлоо. Энэ амжилтыг гаргахад бүхий л талаар дэмжиж тусалсан хүмүүст баярлалаа гэж хэлье. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, Хил хамгаалах байгууллага, Жүдо бөхийн холбоо, Монголын үндэсний олимпийн хороо гээд баярлалаа гэж хэлэх хүн маш олон байна. Нийт хилчидтэйгээ баяраа хуваалцмаар байна. Үнэхээр сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Х.Эрдэнэт-Од: Бид их хичээсэн

Мөн энэ үеэр Д.Сумъяагийн багш Х.Эрдэнэт-Од “Бид их хичээсэн. Түүнийхээ үр шимийг ч үзлээ. Энэ амжилт бол баг хамт олны хүч хөдөлмөрийн үр дүн. Энэ дашрамд олон хүчтэй өрсөлдөгч нартай сайхан барилдаж амжилт гарсан шавьдаа баярлалаа гэж хэлмээр байна. 28 жилийн дараа анхныхаа эмэгтэй олимпийн медальтныг өлгийдөн авлаа. Маш их баяртай байна. Сэтгэл хөдөлж байна” гэсэн юм.

М.Доржсүрэн: Охиноо үнсэх мөчид өөрийн эрхгүй огшсон

Д.Сумъяагийн аав, ээж, өвөө эмээ төрөл төрөгсөд нь охиноо тосч авсан юм. Д.Сумъяагийн аав М.Доржсүрэн “Сэтгэл маш өндөр байна. Охиноо тосоод үнсэх мөчид өөрийн эрхгүй огшсон. Ярилцах зав гарсангүй. Үнсүүлчихээд л байгууллагын дарга нар, сэтгүүлчид бүчиж аваад явчихсан. Гэртээ очиж байгаад охиноо дахиад үнсч, тавтай ярилцана. Ямар ч байсан багш нартай нь ярилцаж байгаад охиноо төрсөн нутагт нь сайхан амраана гэж бодож байгаа” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.