Финландын Тампере хотод өчигдөр эхэлсэн залуучуудын ДАШТ-ий эхний өдөр манай тамирчдаас 50 кг-ын жинд зодоглосон Н.Насанбуян хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол залуучуудын ангилалд амжилтаа бататгаж чадсан юм. Мөн Н.Насанбуян манай эрэгтэй бөхчүүдээс өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн анхны тамирчин болж байна.
Түүний жинд 15 бөх барилдснаас Дархан-Уул аймгийн унаган хүү Н.Насанбуян эхний даваанд Туркийн Явуз Фатих Сентуркэд зургаан оноо дараалан алдаж дийлдэж явсан ч өрсөлдөгчөөсөө хоёр оноо авч тэндээсээ даралтад оруулан цэвэр ялжээ. Харин шөвгийн наймд энэ жилийн залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Армений Карен Зурабянд 2:13 буюу оноогоор цэвэр ялагдсан юм. Армений бөх шигшээд шалгарснаар түүнд дагаж барилдах боломж гарч ирсэн. Улмаар дагах барилдаанд Косовогийн Дрилон Силаг 14:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Рахат Калзаныг 6:4-өөр ялсан юм.
60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах жиндээ наймдугаар байрт оров. Түүнд медаль хүртэх боломж бүрэн дүүрэн байсан ч ашиглаж чадаагүй байна.
Өнөөдөр ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Д.Эрдэнэтулга нар барилдана.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.