Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Яйши хотноо болж, манай тамирчид багаараа дэлхийн аваргын алтан цомыг хүртлээ. Уг тэмцээнд нийт 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид 12 ангилалд 36 цогц медалийн төлөө есөн өрөг тоглож өрсөлдсөн байна.
Тэгвэл манай шатарчид энэхүү тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа дэлхийн аварга болсон байна. Тэмцээний долоон нас хүртэлх эмэгтэй төрөлд Д.Цэлмүүн, 9 нас хүртэлх нээлттэй төрөлд Э.Азжаргал, 11 нас хүртэлх эмэгтэй төрөлд Д.Мөнхзул нар тус тус алтан медаль хүртсэн аж.
Харин 7 нас хүртэлх эмэгтэй тэмцээнд Б.Марал, 13 нас хүртэлх нээлттэй төрөлд Д.Батсүрэн, 15 хүртэлх насны эмэгтэй төрөлд О.Өлзийхишигжаргал мөнгө, 13 хүртэлх насны эмэгтэй төрөлд Б.Алтантуяа хүрэл медаль хүртсэн байна.