Английн премьер лигийн 35 дугаар тойргийн гол гол тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб “Эвертон”-ы талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 81 оноотой болж, араас нэхэж буй багаас онооны зөрүүгээ барьж чадлаа.
Тоглолтын 66 дахь минутад Педро гоолдож, тооны харьцааг нээсэн. Шигүү хамгаалалт, аюултай сөрөг довтолгоо хийж байсан “Эвертон”-ы тоглолт энэ гоолоос хойш унасан. Улмаар 79 дэх минутад Кейхилл нэг гоол нэмэрлэсэн бол Виллиан 86 дахь минутад гүйцээсэн юм.
Тэгвэл хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Тоттенхэм” клуб энэ тойрогт “Арсенал”-ыг талбайдаа хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 77 оноотой болж, “Челси”-гээс 4 оноогоор хоцорч буй зөрүүгээ барьж үлдэж чадлаа. Тоглолтын 55 дахь минутад Деле Алли гоолдож, тооны харьцааг нээсэн. Мөн тэрбээр премьер лигт 17 гоолтой болж ирлээ. Харин тоглолтын хоёр дахь гоолыг 58 дахь минутад Харри Кейн торгуулийн цохилтоос оруулсан. Ингэснээр 21 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтад хоёрдугаар байрт бичигдэж байна.
Топ дөрөвт багтахын төлөө өрсөлдөж буй “Манчестер Сити” энэ тойрогт доошоо унахгүйн төлөө тэмцэж буй “Мидлсбро”-гийн талбайд зочилж, 2:2-оор тэнцсэнээр оноо алдлаа. Тиймээс 66 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Харин “Манчестер Юнайтед” клуб талбайдаа мөн л дооошоо унахгүйн төлөө тэмцэж буй “Соунси”-тай тулж, 1:1-ээр тэнцсэн юм. Ингэснээр 65 оноотой болж, тавдугаар байрт бичигдэж байна. “Соунси”-гийн хувьд 32 оноотой болж, 18 дугаар байрт бичигдэж байна. Тэд үлдсэн гурван тойргоос зайлшгүй есөн оноо авч байж дээд лигт үлдэх магадлал өндөрсөнө. Тэгвэл Манчестер хотын багууд энэ тойрогт хоёулаа оноо алдсанаар “Ливерпүүл”-д топ дөрөвт багтах боломж нээлттэй үлдлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.