МВХ-ны 2017 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөсөн билээ. Тэгвэл тус тэмцээнээс Говьсүмбэр аймгийн охидын баг хүрэл медаль хүртэж, ирэх намар зохион байгуулагдах “Супер-8” лигийн тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Энэ талаар аймгийн Биеийн тамир, спортын газрын Нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн, волейболын дасгалжуулагч Б.Баярмаагаас тодрууллаа.
-Танай аймгийн өсвөрийн эмэгтэйчүүдийн баг “Супер-8” лигийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон гэсэн. Энэхүү тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?
-Гар бөмбөгийн Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр үе шаттайгаар явагддаг. Нэгдүгээр шатны тэмцээн бүсийн хэмжээнд болдог. Энэхүү тэмцээнд баруун, зүүн, төв, нийслэл, хангайн гэсэн таван бүсээс баг, тамирчид ирж өрсөлддөг. Тус тэмцээнээс шалгарсан 16 баг Улсын аварга шалгаруулах тэмцээн буюу хоёрдугаар шатны тэмцээнд оролцох эрхээ олж авдаг. Харин улсын аваргын төлөө өрсөлдсөн нийт 16 багаас шилдэг найм нь “Супер-8” буюу лигийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болдог. Манай аймгийн хувьд эрэгтэй, эмэгтэй баг маань Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Эмэгтэй баг I байрт шалгарч, алтан медаль хүртсэн. Харин эрэгтэй баг, тамирчид маань хүрэл медаль хүртэж, улсын аваргын эрхээ авсан. Ингээд манай аймгийн гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг Баянхонгор аймагт өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд зохион байгуулагдсан УАШТ-д оролцсон. Тус тэмцээнээс МУГД Л.Цэдэнсодном зөвлөх дасгалжуулагчтай, Спортын дэд мастер Б.Баярмаа ахлах дасгалжуулагчийн удирдлага дор оролцож, хүрэл медалийн болзол хангасан. Мөн УАШТ-ээс багийн ахлагч С.Будсүрэн шилдэг давуулагч, багийн холбон тоглогч Ч.Номин-Эрдэнэ шилдэг холбогчийн шагнал хүртсэн.
-“Супер-8” лигийн улсын аварга шалгаруулах тэмцээн хэзээ болох вэ?
-Энэхүү тэмцээн намар зохион байгуулагддаг. Гэхдээ хуучин дээд лиг гэж тэмцээн болдог байлаа. Тэр тэмцээн Монголын Волейболын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн гэдэг нэртэй болсон. Тус тэмцээнтэй хамт “Супер-8”-ын аварга шалгаруулах тэмцээн болно. Буянт-Ухаа спорт цогцолборт өглөө нь “Супер-8”-ын буюу идэрчүүдийн тэмцээнтэй. Харин үдээс хойш нь цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах юм. Дээрх хоёр тэмцээн ирэх намар удирдамжийн дагуу заасан хугацаанд зохион байгуулагдана.
-Танай эмэгтэйчүүдийн баг өмнө нь ямар амжилт гаргаж байсан бэ?
-Манай охидын баг тамирчид өмнө нь Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн буюу 12-14 насны хүүхдүүдийн УАШТ-ий гурван удаагийн алтан медальтай, Хошой аварга баг. Мөн 2015 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай. Хүүхдийн спортын V их наадмын волейболын төрлийн мөнгөн медальтай баг тамирчид юм.
-Говьсүмбэр аймагт гар бөмбөгийн спортыг сонирхох хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэж байгаа юу?
-Маш их нэмэгдэж байгаа. Хүүхдийн спортын V их наадмаас мөнгөн медаль авснаас хойш гар бөмбөгийн спортыг сонирхож, секцид явах сонирхолтой хүүхэд болон насанд хүрэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Манай волейболын секцид явдаг, бүртгэлтэй 128 хүүхэд бий. Манайх жил бүр тавдугаар сарын 25-нд шинээр элсэлтээ авч, хүүхдүүдийг бүртгэдэг. Ингэхдээ 7-8 настай хүүхдүүдийг бүртгэн авдаг. Ингэснээр хүүхдүүд дээшээ шат ахих боломжтой болдог.
-Аймагтаа волейболын спортыг сурталчлах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжийн дунд тэмцээн зохион байгуулдаг уу?
-Тийм шүү. “Бидний лиг” гар бөмбөгийн тэмцээнийг 2001-2004 онд төрсөн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг. Мөн “Чойр лиг” тэмцээн болдог. Энэхүү тэмцээн нь өөрийн гэсэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, баг тамирчдын заавал нэг байгууллага байна гэлгүй өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдсэн эрэгтэй, эмэгтэй багийн хооронд болдогоороо онцлогтой юм. Өнгөрсөн жил сагс, волейболын лигийн тэмцээн зэрэг болсон. Энэ жил сагсан бөмбөгийн лиг нь хавар, гар бөмбөгийн лигийн тэмцээнийг намар зохион байгуулна. Манай сагсан бөмбөгийн лигийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт дуусч, хаалтын үйл ажиллагаа болсон.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.