З.Батзориг: Хүний төлөө эдийн засгийг цогцлоож, хөгжлийн төлөө зөв бодлого баримтална

З.Батзориг: Хүний төлөө эдийн засгийг цогцлоож, хөгжлийн төлөө зөв бодлого баримтална

Булган аймгийн Засаг дарга З.Батзоригийг энэ удаагийн дугаартаа урьж, ярилцсанаа уншигч түмэндээ хүргэж байна.

-Энэ зун сонгуулиар илт давуу ялалт байгуулж, аймгийн Засаг даргаар сонгогдсон. Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Цаг агаарын байдал ч нэлээд хүндэрчихлээ. Булган аймагт өвөлжилт нэлээд хүндэрч байгаа талаар салбар яамнаас мэдээлэл өгч байна. Тэгэхээр өвөлжилт хэр байгаагаас ярилцлагаа эхлэх үү?

-Юуны өмнө танай сониноор уламжлан нийт булганчууддаа өнгөрсөн УИХ болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн бид бүхнийг багаар нь сонгосонд талархаж байгаагаа илэрхийлье.

Манай аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан. Аймгийн Засаг даргын захирамжаар мал аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтөд бэлтгэх комисыг томилж ажиллуулсан. Нөгөө талаар өнгөрсөн аравдугаар сарын 19-нд болсон орон нутгийн сонгуультай холбоотойгоор орон нутгаас шалтгаалах өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нэлээд удаашралтай явагдсан. Ерөнхийдөө улсаас тогтоосон статистик үзүүлэлтээр 86 хувьтай бэлтгэлээ хангасан. 85 хувиас дээш хангах юм бол улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангагдсан гэж үздэг учраас энэ үзүүлэлтээр аваад үзэх юм бол манай аймгийг бэлтгэл сайн хангасан гэж үзэж болно.

-Хадлан, тэжээлийн нөөц хэр байгаа вэ. Ер нь Булган аймагт хэчнээн толгой мал өвөлжихөөр байна?

-Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд байх ёстой өвс, тэжээлийн нөөцийг аймгийнхаа нэгдсэн дүнгээр сайн хангасан. 2-3 суманд хангалтгүй байгаа. Тэдгээр сумдын удирдлагуудад үүрэг өгч, тодорхой шаардлагуудыг тавиад ажиллаж байна. Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумдад зундаа гандуу, өвс ногооны гарц тааруухан байсан. Аймгийн хэмжээнд 3.5 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна. Дашинчилэн сумын нутаг, аймаг, отрын бүсийн нутаг дээр бидний тооцоогоор 30-60 орчим мянган мал отроор нүүдэллэх бололцоотой гэж харж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар Төв, Дундговь зэрэг гурван аймгийн 300 мянга гаруй мал оторлуулах хүсэлт ирээд байна. Энэхүү хүсэлтийг ХХААХҮЯ-нд уламжилсан.

-Энэ жилийн хувьд нэлээд хүйтэн өвөл болно гээд байгаа шүү дээ?

-Цаг уурын мэдээгээр Булган аймагт олон жилийн дунджаас хамгийн хүйтэн өвөл энэ жил тохиох төлөв гарсан байна. 2017 оны нэг, хоёрдугаар сард нэлээд хүйтэн өвөл болох, урьд урьдын жилүүдээс хүйтэн өвөл болох төлөвтэй байна. Тэгэхдээ бид цаг агаараас шалтгаалаад, алмайрч суулгүй боломжоороо бэлтгэлээ хангаж, энэ өвлийг өнтэй давах талаар онцгой анхааран ажиллаж байна.

-Малын гоц халдварт өвчин гарсан талаар мэдээлэл гарч буй. Одоогийн байдлаар нөхцөл байдал ямар байна. Хэдэн суманд, хэчнээн тоо толгой мал өвчлөөд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар манай аймгийн Могод, Гурванбулаг сумдад хонины гоц халдварт цэцэг өвчин гараад байгаа. Могод суманд бол цэцэг өвчний голомтод долоон айлын 7600 гаруй мал байгаагаас 4500 нь хонь. Энд найман пост гаргаад, нийт 71 хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Ерөнхийдөө Могод суманд голомтыг нэлээд сайн хумьж чадлаа. Мөн Гурванбулаг суманд гурван газар цэцэг өвчний голомт илрээд хорио цээрийн дэглэм тогтоогоод ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 20 гаруй айлын 20 мянга орчим хонийг хорио цээрийн бүсэд оруулсан. Нөхцөл байдал Гурванбулаг суманд хүндрэх төлөвтэй байна. Гэхдээ бид аймаг орон нутгаас шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Сум бүрэн боломжоороо ажиллаж байгаа. Аймгийн онцгой комисс голомтын бүс болгон дээр пост ажиллуулж эхэлсэн. Мөн устгалын болон үнэлгээний комисс байгуулж, устгалд оруулж буй малыг маш гүнзгий нүхэнд булж байна. Энэ ажилд хэрэглэгдэх техник хэрэгслийг боломжоороо зохицуулаад, хүн хүчээ хуваарилаад шуурхай ажиллаж байна. Түүнээс гадна малын халдварт өвчинтэй холбоотойгоор вакцин нэлээд яаралтай шаардлагатай байгаа боловч улсын хэмжээнд вакцины нөөц их тааруу байдаг юм байна. Манай холбогдох мэргэжилтнүүд ХХААХҮЯ-тай байнга холбогдож байгаа. ОХУ-аас вакцин оруулж ирэх сурагтай байна. Вакцин 7-14 хоногийн хугацаанд орж ирнэ гэсэн мэдээтэй байна.

-Ер нь ямар төсөвтэй, ямар чадавхитай аймаг хүлээж авав. Ажлаа хүлээж авснаасаа хойш ямар ажлуудыг хийж, амжуулав?

-Манай аймгийн хувьд Сэлэнгэ мөрний усыг “Эрдэнэт үйлдвэр”-т ашиглуулдаг, улсаас татаас авдаггүй цөөхөн аймгуудын нэг. Үүгээрээ санхүүжээд гол ажлаа хийгээд явдаг. Ерөнхийдөө нэгдсэн дүнгээрээ нэг тэрбум орчим төгрөгийн төсөвтэй аймаг хүлээж авсан. Мөнгөн дүн нь том боловч энэ мөнгийг бид юунд ч зарцуулж чадахгүй байгаа. Учир нь оны эцэс болчихсон, бүх төрийн болон төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд энэ мөнгө хүрэлцэхгүй болчихож байгаа юм. Тэгэхээр нөгөө талаас нь тайлбарлахад аймаг маань хэцүүхэн санхүүтэй байгаа гэж хэлж болно. Ер нь ганц манайх ч гэлтгүй нэлээд олон аймаг ийм байдалтай байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд бидний хийсэн хамгийн том ажил бол 2016-2020 онд хэрэгжүүлж ажиллах аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг боловсруулж, батлуулсан явдал. Бусад аймгуудтай харьцуу­лахад, бараг эхний нэг, хоёрт шахам мөрийнхөө хөтөлбөрийг боловсруулж, батлуулаад хэрэгжүүлээд эхэлчихсэн. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор 2016, 2017, 2018 онуудад  төвлөрсөн хөрөнгө оруулалт улсын хэмжээнд бага ирэх юм билээ. Тиймээс бид гадаад харилцаагаа нэлээд сайн өргөжүүлье, эдийн засгийн үр ашигтай гадаад харилцааг бий болгоё, гадна, дотны хандивлагч байгууллагууд, томоохон бизнесүүдтэй холбогдъё, тэдний эдийн засгийн сонирхлыг Булган аймагт бий болгоё гээд, нэлээд ажил зохион байгуулсан нь түрүүчээсээ үр дүнгээ өгч эхэлж байна.

-Аймгийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж байсан. Ерөнхийдөө ямар асуудлыг голлож ярилцав. Ямар шийдэлд хүрэв?

-Бид Засаг даргын зөвлөлийн хурлаар есөн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, 2016 оны ургац хураалтын дүнг сонслоо. Манай аймаг энэ жил өмнөхөөсөө харьцангуй их ургац хураалаа. Аймгийнхаа хэмжээнд 53 800 гаруй тонн ургац хурааж авсан байна. Энэ нь 1993 оноос хойш авсан хамгийн их ургац гэсэн сайхан мэдээтэй байна. Мөн оны эцэс болж байгаа тул аймгийн сайн малчин, сайн тариаланч, тэргүүний тариаланч хамт олон шалгаруулах болзолт журмуудаа шинэчилж баталлаа. Энэ бол орон даяар хийгддэг ажил.  Булган аймагт маань мал аж ахуйн гол хоёр брэнд байдаг. Нэг нь  Хангайн бүсийн нарийн ноостой хонь. Нөгөөх нь Сэлэнгэ аймагт байдаг Сэлэнгэ үүлдрийн үхэр.

Сэлэнгэ үүлдрийн үхэрт ангилалт явуулсан мэдээгээ сонслоо. Энэ үүлдрийг гаргаж ирснээрээ Булган аймгийн нэлээд хүн Төрийн соёрхолт хүртсэн байдаг юм. Өнөөдөр энэ үүлдрийн маань үхрийн нөхцөл байдал ямархуу байна, цаашид бид яах ёстой юм гэдэг дээр мэдээлэл сонсч, шийдвэрүүдээ гаргалаа. Мөн мал тооллогын асуудал мэдээж орон даяар чухалд тооцогдоно. Тэгэхээр мал тооллогыг яаж зохион байгуулах юм. Ялангуяа малын гоц халдварт өвчин гарсан Могод, Гурванбулаг суманд мал тооллогыг яаж зохион байгуулах вэ гэдэгт нэлээд анхаарч ярилцлаа. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 5-нд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит III хуралдаан болно. Энэ хурал дээр тавих аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 онд хөгжүүлсэн зорилтын хэрэгжилт, 2017 оны зорилтын хэрэгжилтийг сонслоо.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн багагүй ажлуудыг сонссон. Анхаарах зүйлүүд байна. Мөн бид бүхэн Засгийн эрх аваад аймаг орон нутагтаа төрийн байгууллагын үйлчилгээний шуурхай байдлыг хангая, хүнд суртлыг арилгая гэдэг үүднээс “Инээмсэглэн угтаж, баярлуулан үдье” гэдэг аян зарласан. Учир нь өнгөрсөн хугацаанд манай төрийн албаны чадавхи доройтсон байна, хурд нь саарсан байна. Ард иргэдээ хүндлэхээ больсон байна. Тийм учраас бид төрийн байгууллага болгон стандарт тогтоо гэж байгаа юм. Нэг иргэн ороод ирэхээр мэдэхгүй, чадахгүй гээд явуулчихдаг. Баян цатгалан хүн ороод ирэхээр ажлыг нь таван минутад бүтээгээд явуулдаг. Ийм зүйл байж болохгүй. Ямар ч иргэн орж ирсэн 15-20 минутын дотор үйлчилгээ үзүүлээд, инээгээд гаргадаг стандартыг тогтооё, цуг сууж байгаа хүнийхээ юу хийж чаддагийг нь мэдье. Адаглаад хүнтэй сайхан харьцдаг байя. Өглөө гэртээ ямар ч асуудалтай ажил дээрээ ирсэн тухайн өдөр тэр хүн ажлаа л хийх ёстой гэсэн ийм наад захын асуудлуудыг ярилцаад, энэ аяныг зохион байгуулахаар болсон. Аяныхаа үр дүнг үзэж байж дараагийн аянаа зохионо. Ерөнхийдөө хурлаар тодорхой чиглэлүүд гарсан байгаа.

-Таны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт яг ямар асуудлууд нэлээд гүнзгий орсон бэ. Ер нь юуг хамгийн түрүүнд хөгжүүлчихвэл, хийчихвэл энэ аймаг хөгжинө гэж та харж байна вэ?

-Аймгийн Засаг даргын хөтөлбөр нь дунд хугацаанд Булган аймгийг хөгжүүлэх гол хөтөлбөр учраас бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын санал бодлыг сонсож, боловсруулалт хийж тусгалаа.

Тийм учраас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт ард иргэдээ нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, зөв засаглал, хууль, эрх зүй, аюулгүй байдал зэрэг таван үндсэн чиглэлээр хөгжүүлэхэд анхаарч, тэдгээрт 70 зорилт, 383 арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана. Нөгөөтэйгүүр өнөөдөр иргэдийн амьдрал, орлого, сэтгэл ханамж хэр байгаа билээ, өнгөрсөн хугацаанд гаргасан бодлогын алдаа, оноо юу байв гэдэгт үнэлгээ хийж, дүгнэх нь чухал. Хөтөлбөрийн амин санаа нь хүний төлөө эдийн засгийг цогцлоож, хөгжлийн төлөө зөв бодлого баримтлахад чиглэнэ. Аймаг, орон нутгийн үе үеийн удирдлагуудын хүрсэн ололт амжилтыг бататгаж, алдаа дутагдлыг залруулан, эдийн засгийн хөгжлийн салаа мөчир бүрийг иргэдийнхээ амьдрал, орлогыг дээшлүүлэх, дэмжин тэтгэхэд чиглүүлнэ. Өнөөдөр ард иргэдийн маань дунд ажилгүйдэл маш их байна. Ядуурал их байна. Тийм учраас энэ мөрийн хөтөлбөрийн эцсийн цаад зорилго Булган аймгийн 61 мянган иргэний амьдралыг дээшлүүлэхэд л чиглэж байгаа юм.

Бид бүтээн байгуулалт хийгээд яах юм, өнөөдөр хүн орохгүй байгаа олон барилга байна. Үр дүнгээ өгөхгүй байгаа зүйлүүд ч байна. Бид эцсийн дүндээ ард иргэдийн амьдрал ахуй, халаасан дахь орлогыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн зүйлүүдийг мөрийн хөтөлбөртөө тусгаж, шингээгээд явж байгаа юм. Бид засгийн эрх авснаасаа хойш ахмадууд, залуучууд эмэгтэйчүүдтэйгээ уулзлаа. Бизнес эрхлэгчидтэйгээ уулзлаа. Засаг даргын дэргэд эдийн засгийн орон тооны бус зөвлөлийг байгуулсан. Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа банкны захирлууд, томоохон бизнес эрхлэгчидтэй уулзаж, өнөөдөр бизнес эрхлэхэд Булган аймгийн зүгээс, төр захиргааны байгууллагын зүгээс ямархуу хүнд суртал, алдаа дутагдлууд байна. Үүнийг яаж засч, залруулах вэ гэдэг асуудал дээр тэднийхээ санаа оноог сонсч, тогтож ярьж, чиглэл өгөөд байгаа. Бас нэг зүйлийг өнгөрсөн хугацаанд хийлээ. Тэр юу гэвэл, тендер хуулийн хүрээнд л явагддаг шүү дээ. Гэхдээ бид тендерүүдийг, ямар нэгэн худалдан авалтыг болж өгвөл аймаг, орон нутгаасаа авах, аймаг орон нутгийнхаа бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдээс авах уриалга гаргаад хэрэгжилтэд нь хяналт тавиад явж байна.

-Орон нутгийн хөгжлийн сан ямар чадавхитай вэ. Иргэд өөрсдийнхөө саналаар энэ сангаас хийгдэх ажлыг тогтоодог болсон. Тэгвэл Булганчууд ямар ажил хийгээсэй гэж хүсч байна. Та их олон хүнтэй уулзсан байна шүү дээ?  

-Ер нь л ажлын байр бий болгох. Эцсийн гол зорилго л тийм байна. Өнөөдөр над дээр ажил хайж орж ирж байгаа маш олон хүн байна. Бүгд л ажил гэж байна. Социализмын үед хүн бүхэн ажилтай байсан. Цалин их, бага нь хамаагүй бүгдээрээ л ажилтай байсан. Өнөөдөр бол үнэхээр ажилтай хүн, ажлын байр гэдэг зүйл хомс болсон юм байна, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад. Дээр нь хүн бүхэн төрд ажиллахыг хүсдэг болсон байна. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөх ёстой гэсэн бодол өдрөөс өдөрт толгойд бат сууж байна даа.

-Тэгэхээр аймгийн хэмжээнд ажлын байр нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

-Манай аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн сумдад алт болон уул уурхайн чиглэлээр хэд хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Өмнөх

Засаг дарга нар газар шороогоо ухуулах талаар бодлого барьж байгаагүй, би ч гэсэн бас дэмжихгүй гэж боддог юм. Хэрэв уул уурхайгаа ухах болох юм бол дараа дараагийн үе маань л ухна биз. Өнөөдөр манайд байгаа хамгийн давуу тал бол мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал. Үүнийг л бид ашиглая. Энэ давуу тал дээрээ түшиглээд ажлын байраа нэмэгдүүлье гэсэн бодолтой байгаа. Мэдээж би боловсролын салбарт ажиллаж байсан учраас ер нь ямар ч улс орны тэргүүлэх салбар боловсрол байх ёстой гэж боддог.

Манай боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлууд нэлээд байна. Тэгэхдээ манай Булган бол үе үеийн дарга, их хурлын гишүүд, сайд удирдлагуудын ач тусаар боловсролын салбарын орчин нь бусад аймгуудтай харьцуулахад сайхан хөгжчихсөн.

Одоо харин чанарын асуудлыг л бид энэ дөрвөн жилийн хугацаандаа маш сайн хөндөнө гэж бодож байна. Мөн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудал байна. Ганц Булганд байгаа юм болов уу гэсэн нэлээд олон аймагт байдаг юм байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэхээр нэг зүйл тойроод яриад байж болохгүй юм шиг байна билээ. Олон зүйл байна л даа. Удирдлага менежмент, тогтолцооны асуудал байна. Хүмүүсийн хандлага сэтгэхүйн асуудал байна. Энэ мэтчилэн шийдэх ёстой олон ажил байна. Ер нь олон талаас нь сайн судалж байж шийдлээ гаргаж хийхгүй бол болдоггүй юм байна. У.Хүрэлсүх сайдын хэлсэн шиг судлах гэж дарга болоогүй, шийдэх гэж дарга болдог гэдэг шиг шийдлүүдээ л гаргах гээд явж байна даа.

-Булган бас ч гэж аялал жуулчлал хөгжих боломжтой газар шүү дээ. Рашаанаа тойруулаад аяллын маршрут гаргасан ч болох юм шиг санагдаж байна?

-Аялал жуулчлалын тухайд манай аймагт төдийлөн хөгжөөгүй. Урд талын Өвөрхангайн замд байдаг Элсэн тасархайн хэсэгт хамаг гайгүй гэсэн аялал жуулчлалын баазууд байна. Ер нь зуны идэвхтэй хоёр сард бол Хөвсгөлийн чиглэлд хүмүүс их явдаг. Тиймээс тэр зам дээр бид ашиглалтай байрлалаа бий болгох хэрэгтэй байгаа юм. Уг нь бол Хөвсгөлөөс илүүтэйгээр Тэшиг гээд ямар сайхан байгальтай газар нутаг байгаа билээ.

Хутаг-Өндөр гэдэг ямар сайхан байгальтай билээ. Тиймээс бид энэ тал руугаа нэлээд анхааръя гэж бодож байгаа. Босоо тэнхлэгийн зам Рашаант, Гурван булаг, Хишиг-Өндөр, Орхон, Булган тэгээд Хөвсгөл гээд холбогдоод ороод ирэхээр хойд чиглэлийн замын маань ачаалал багасаад урд руугаа ороод ирнэ. Энэ хугацаанд бид зам дагуух сайн байрлалуудыг хөгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Мөн манай аймгийн нэг онцлог нь бараг бүх суманд эмчилгээний чиглэлийн рашаан бий. Энэ давуу тал дээрээ бас тулгуурлана. Өнөөдөр дотоодын аялал жуулчлал,  нийгэм, эдийн засгийн хөгжилтэй  холбоотойгоор хүмүүсийн амьдралын төвшин, хэвшил ч өөрчлөгдсөн. Үүнийг зөв сурталчлаад, зөв менежмент хийж чадах юм бол бидэнд боломж байгаа юм болов уу гэж бодож байна.

-Рашааны талаар хүмүүс сайн мэддэггүй юм шиг санагдсан. Ам дамжсан яриагаар л ирэхээс биш яг ирээд үзэхээр рашааны тухай танилцуулга, түүх домог, юунд сайн рашаан бэ гэдэг нь байдаггүй юм байна билээ?

-Манай аймгийн Хануйн рашааныг хүмүүс их сайн мэддэг. Хажууханд нь Цагаан голын рашаан бий. Энэ хоёр рашааныг хүмүүс сайн мэддэг болсон. Бас ч гэж бизнес эрхлээд уддаг болсон байна. Хөвсгөлийн замд байгаа Хутаг-Өндөрийн Их булагийн рашаан гээд хүмүүсийн ярьдгаар сахарын рашаан байна. Энэ дээр бас сүүлийн үед маш их амралтын газар баригдаж байна. Гэвч тэр нь эргээд рашааныхаа байгаль экологийн байдалд нөлөөлж байна. Хогноос эхлээд янз бүрийн асуудал үүсч байна. Магадгүй энэ бүхэн 100 жил ашиглах рашааны маань чанарт нөлөөлөөд 5-10 жилийн настай болчихвол яана. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай. Тэшиг суманд л гэхэд бүр Орос, Монголын хил дээр шахам ходоодны рашаан байна. Сэлэнгэ суманд Хоодын рашаан гээд ходоодны рашаан байна. Сайхан суманд хүн ордог шавартай сахарын рашаан байна. Могод суманд халуун рашаан гээд байна. Дашинчилэн, Баяннуур сумын зааг дээр бөөрний рашаан бий. Орхон суманд бас хэд хэдэн рашаан бий. Ер нь бүх сум сайн рашаантай. Үүнийг л бид хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь байгаль экологийн үнэлгээг нь хийлгээд, үйлчилгээ явуулах үед нь хяналт сайн тавиад, менежментээ хийгээд явбал аялал жуулчлал хөгжих боломжтой. Тэгэхдээ заавал эмчтэй байх ёстой. Мэдээж түүх, домог нь хэрэгтэй. Хүмүүс их бэлгэшээдэг шүү дээ. Ерөнхийдөө домог болоод орчин үеэ зөв хослуулах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.

-Аймгийн Засаг даргын ажил үнэхээр их юм. Ажил, амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Миний хувьд өмнө нь төрийн албанд 10 гаруй жил ажилласан. Аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд даргаар ажиллаж байгаад, аймгийн ИТХ-ын сонгуульд төрж өссөн Шинэ хороо буюу 1-р багтаа нэр дэвшиж сонгогдсон. Ингээд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас аймгийн Засаг даргад нэр дэвшин олонхийн дэмжлэгийг авч, 2016 оны долдугаар сарын 25-ны өдрөөс албан ёсоор үүрэгт ажлаа хүлээн авсан. Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл байдаг. Өнгөрсөн зургадугаар сард манайх шинэ хүнтэй болсон, ар гэрийн бүх ажлыг эхнэр маань зохицуулж байна. Тэр бүр гэртээ, хүүхдүүддээ цаг, зав гаргаж чадахгүй л байна. Хоёр талын аав, ээж, ах дүүс тусалж дэмжээд явж байгаа болохоор ар талдаа санаа зовох зүйлгүй, олон түмнийхээ итгэл, хүндлэл, бас хүлээлтэд хүрч ажиллах юмсан гэж ажилдаа л гол анхаарлаа хандуулж байна даа.

-Таныг боловсролын болон соёл урлагийн салбарынхан андахгүй мэдэх байх. Ер нь З.Батзориг гэдэг хүн хэн болохоо товчхон танилцуулахгүй юу?

-Миний аав, ээж төрийн албанд ажиллаж байсан эгэл жирийн хүмүүс. Одоо хоёулаа өндөр насны тэтгэвэртээ суусан. Аав минь Сайхан сумын гаралтай, ээж маань Орхон сумын хүн. Харин би өөрөө аймгийн төвд төрсөн, Шинэ хорооны хүү дээ. Бага насаа Булган хотын дөрөвдүгээр цэцэрлэгт өнгөрүүлж, Улсын тэргүүний нэгдүгээр бага сургуульд элсэн орж, П.Е.Щетинкиний нэрэмжит нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Арван жилийн сургуулиа төгсөөд МУИС-д элсэн орж суралцсан. Мөн Удирдлагын академийг дүүргэсэн. Япон, АНУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Гурван дүүтэй айлын ууган хүү, мөн 17 ач, зээтэй гэр бүлийн ууган ач. Овог ураг, гэр бүлдээ хариуцлага үүрч ирсэн бол одоо аймгийнхаа нийт иргэдийн өмнө хариуцлага хүлээж, эрх ашгийг хамгаалах эрхэм албыг хашиж байна. Дан ганц боловсролын салбар биш, соёлын салбарт ч бас ажилласан. Тэгэхээр боловсрол, соёлын салбарынхан аль аль нь андахгүй. Анх Боловсрол, соёлын газрын соёлын мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн, дараахан нь боловсрол, соёл хариуцсан мэргэжилтний ажлыг давхар эрхэлсэн. Боловсрол, соёлын салбарт өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж, тэр хүндтэй хүмүүсээс их зүйлийг сурч авсандаа баярлаж явдаг. Үүнээс өмнө аймгийн ЗДТГ-т аймгийнЗасаг даргын туслах, төрийн албан хэрэг хөтлөгчөөр гурван жил ажилласан. Ямар хүн хамгийн их мэдээлэлтэй байдаг вэ гэхээр Засаг даргын туслах, банкны зээлийн эдийн засагч хоёр л хамгийн их мэдээлэлтэй байдаг гэсэн наргиа үг бий. Дээр нь аймгийнхаа хамгийн том салбарын хүний нөөцийг барьж байсан хүний хувьд төв, хөдөөд маш олон хүнийг сайн мэднэ.

-Улсын хэмжээнд болон аймгийнхаа түүхэнд та хамгийн залуу Засаг дарга юм. Булганчууд аливаа зүйлд анхдагч гэдгээрээ их бахархдаг улс. Тэгэхээр хамгийн залуу Засаг даргатай болж, бас л нэг анхдагчтай болж дээ?

-Энэ сайхан нутагт төрж өссөнөөрөө би бахархаж явдаг. Булганчууд бид аливаа зүйлийг шинээр хийх, түүхэн үүрэг хүлээх гээд чухал мөчүүдэд эх орондоо өргөх тийм нэг хүч байдаг нь сайхан. Гэхдээ нас бол тоо гэдэг нэг үг бий. Өнгөрснөөс сургамж авч,  ирээдүйгээ харан өнөөдрөөрөө ажиллаж амьдрах нь бидний барих зарчим.

-Удирдах албан тушаалд таны боловсрол, ур чадвар, туршлага нэг их дутаад байхгүй юм байна. Гэвч гар, сэтгэл нийлж ажиллахад баг их чухал. Багаа яаж бүрдүүлэх вэ?

-Миний хувьд ирэх дөрвөн жилд хамтдаа ажиллах багаа бүрдүүлсэн гэж ойлгож байгаа. Одоо бидэнд багийн тоглолт, итгэлцэл чухал. Итгэл алдсан, итгэл даагаагүй тохиолдолд тухай бүрт нь хариуцлагыг нь үүрүүлээд явна.

-Таныг аймаг удирдах хугацаанд Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиох юм байна. Одоогоор төлөвлөсөн ажил байгаа юу?

-Өөрт хоногшсон дурсамжаас хуваалцахад аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд цэцэрлэгийн хүүхэд байхдаа гимнастик хийж оролцож байлаа. 60 жилийг арван жилийн сурагч байсан болохоор анзаарахгүй өнгөрөөсөн шиг байгаа юм. Гэхдээ тэр үеэр бараг айл бүрт цаг, тор, төрийн албан хаагчдад үзэг, балны цуглуулга өгч байсныг санаж байна. 70 жилийн ойн нийгэм, соёлын ажлын хэсэгт ажиллаж, нээлт, хаалт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байлаа.

Удахгүй Булган аймгийн маань 80 жилийн ой тохиох гэж байна. Энэ талаар хийж, бүтээхээр төлөвлөсөн олон зүйл бий. Аймгийн 80 жилийн ойг зохион байгуулах комиссыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгууллаа. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар ажлын таван салбар хороог байгуулан, ажилд нь  орууллаа.

“Булган-80” гэсэн нүүр хуудсыг олон нийтийн цахим сүлжээн дээр нээлгэж, иргэд, олон нийтийн санаа бодлыг авч байна. Мөн сум, агентлаг, төрийн бус байгууллагуудаас аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бүтээлч ажлын саналыг авлаа. Ойрын хугацаанд төлөвлөгөөгөө баталж, хэрэгжүүлэх ажилдаа ханцуй шамлан орно. Хугацааны хувьд хоёр жилийн дараа боловч хийж бүтээхийн талаар ганцхан жилийн идэвхтэй хугацаа байна. Тиймээс бид ажлын хуваарийг маш нарийвчлан гаргаж, зохион байгуулалтаа сайн хийж ажиллах ёстой.

Тухайн үед аймгийн 50 жилийн ойг зохион байгуулахдаа гурван жилийн өмнөөс, М.Оюунбат дарга аймгийн 70 жилийн ойг зохион байгуулахдаа хоёр жилийн өмнөөс бэлдсэн гэдэг. Тэгэхээр бидэнд цаг хугацаа гэдэг тун  үнэ цэнэтэй байна. Ой тэмдэглэнэ гэдгийг дан ганц аймгийн ЗДТГ болон тухайн ойг зохион байгуулах комисс, салбар хорооны гишүүдийн хийх ажил гэж ойлгож болохгүй. Булган аймгийн иргэн бүрт хамаарах, хүн бүхний оролцоо, дэмжлэг, санаачилгад тулгуурлаж хамтдаа хийх бүтээн байгуулалт гэж ойлгох хэрэгтэй. Энэ талаас нь бид бүхэн анхаарч, хамгийн гол нь иргэдэд чиглэсэн тодорхой ажлуудыг зохион байгуулах нь чухал юм.

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймаг дахь нутгийн зөвлөл, бусад аймгуудад амьдран сууж буй нутгийн уугуул, суугуул болоод ажил хэргийн холбоотой иргэдтэй хамтрах нь энэхүү ойн зохион байгуулалтын бас нэг чухал хэсэг. Нийслэлд байгаа Булган сумын нутгийн зөвлөлийн залуучуудтай уулзаж, санал бодлоо солилцсон. Тэд төрөлх аймгийнхаа 80 жилийн ойг зохион байгуулах талаар олон шинэлэг зүйлсийг санал болгосон, цаашид ч тэдгээр саналуудыг улам боловсронгуй болгон хэрэгжүүлж ажиллана. Түүхэн их ойг тэмдэглэнэ гэдгийг бөх барилдах, морь уралдуулах төдийгөөр хязгаарламгүй санагддаг. Мэдээж 80 жилийн ойн түүхэн ном, наадмын нээлт, хаалт, үзвэр үйлчилгээ зэрэг зүйлс хийгддэгээрээ хийгдэнэ.

Хол ойроос зорьж ирсэн зочид гийчид, нутгийнхаа иргэдийг сэтгэл хангалуун, нуруу тэнэгэр үзэж харах, ярих зүйлтэй, төрөлх нутгаараа бахархах сэтгэлийг бадраан омогшуулсан тийм ажлыг зохион байгуулах болно. Нөгөө талаас их ойд чиглүүлэн хийж хэрэгжүүлж, бүтээн байгуулж буй бүх ажлын үр дүн энэ нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэх учиртай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.