Манай улс сонгууль болгоны өмнө Сонгуулийн хуулиа өөрчилж, өөрсдөдөө ашигтай байх бүхий л боломжийг хайдаг. Тэр жишиг 2016 оны өмнө ч давтагдсан. Уг нь Сонгуулийн хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах ёстой байв. Гэтэл тэр чухал заалтыг авч хаяад, сонгууль болохын өмнө баахан өөрчлөлт хийсэн. 2012 оны сонгууль холимог системээр явж, намын жагсаалтаар баахан хөгшчүүл, оймсны хавчуургууд орж ирснийг өөрчлөх гэж өөрчлөлт оруулсан ухаантай. Сахил хүртээд шал дордов гэгчээр УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, нийслэл, дүүрэг, аймаг, сумын сонгуулийг тусад нь хийсэн нь ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов.
Ерөөс 2016 оны турш монголчууд сонгуульдсаар байгаад л таарлаа. Худал хэлсэн хүнд одоог хүртэл монголчууд сонгуулийн темпнээсээ гараагүй, улс орны ажил жигдрээгүй байна. Ер нь УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийг нэг дор явуулчихад яах вэ дээ. Манай эрхэм улстөрчид ард түмнээ тэнэг, юм ойлгодоггүй, гурав, дөрөвхөн хүний нэр дугуйлчих чадваргүй гэж бодож, доромжилж, тус тусад нь хийж байгаа гэсэн.
Үүний гайгаар нийслэлийнхэн, цаашлаад аймгийн Засаг дарга нар юу хийв. Юу ч хийсэнгүй. Суманд, дүүрэгт, хороонд ямар намын, хэн ялахыг үндсэндээ хүлээгээд л хэвтчихсэн. Тэр хооронд хаа сайгүй л халаа сэлгээ, томилгоо. Тэрний дүү нь тийм албанд очлоо, хамаатнаа тэгж дарга болголоо гээд л. Дээрээс нь нийслэлээс авахуулаад яам, тамгын газрын дарга нар нь өрөөгөө гоёж, чимэглээд л. Өөр юу хийх вэ дээ, үнэндээ. УИХ-ын гишүүд ч ажлаа хийгээгүй. Бүр орон нутгийн сонгуулийн өмнө УИХ-ын чуулганаа завсарлуулаад, хөдөө орон нутагт ажиллаж ч байх шиг.
Тэгж тэгж нэг юм орон нутгийн сонгууль болж дууслаа. Тэглээ гээд одоо улс орны ажил жигдрээд, сайхан болчихсон юм алга. Сум, дүүрэгт бас л баахан халаа сэлгээ, томилгоо. Өнөөдөр аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэл ч гүйцэд хангагдаагүй байна. Гэтэл сүүлийн хэдэн жилд тохиогоогүй хүйтэн өвөл болно гээд байдаг. Нэг иймэрхүү янзтай бүтэн жил сонгуулиар амьсгаллаа. Үр дүнд нь монголчууд бид өвөл болохыг мартсан аятай бэлтгэлээ ч базааж чадаагүй шахам л сууна. Ийм байж таарах уу даа, энэ чинь.
Сая хэд хоног хөдөөгөөр явлаа. Хаа сайгүй л сонгуульдсаар байгаад таарч байна, балай юм. Шинэ хуучин, намчирхал гээд хэрэг алга гэсэн юм чрьсан хүмүүс байлаа. Тэгэхээр 2016 оны сонгуулийн өмнө ийм хууль санаачилсан, өргөн барьсан, өөрчилсөн хүмүүсийг бараг л дүүжилбэл таарна гэж зүхэж сууна.
Ёстой л ийм хогийн хууль гаргасан нөхдүүдэд хариуцлага тооцож болдог бол тооцох юмсан. Уг нь сонгуулийг нь ингэж хоёр хувааж хийгээд байх шаардлага ч байхгүй. Системээ тохироод л, УИХ болоод орон нутгийн сонгуулиа нэг дор хийчихэд болно. Нэгдүгээрт, өч төчнөөн тэрбум төгрөг хэмнэнэ. Тэр хэмнэсэн мөнгөөрөө арай өөр зүйл хийж болно шүү дээ.
Манай улсад юу л байна, асуудал л байгаа. Сургууль, цэцэрлэгээс авахуулаад. Тэгээд ч эдийн засаг хүндрэлтэй. Ер нь ингэж жилд, хоёр гурван удаа сонгууль хийгээд байх хөрөнгө мөнгөтэй, баян улс биш, манайх. Дээрээс нь, монголчууд хэчнээн тэнэг байлаа ч сонгуулиар хэдэн хүний нэр дугуйлчихтайгаа бичиг үсэгтэй улс. Хэрвээ өнгөрсөн зургадугаар сард УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийг нэг дор явуулчихсан бол өнөөдөр улс орны ажил арай л өөр, урагшилчихсан байх биз, эрхбиш. Мөн эдийн засаг элгээрээ мөлхөж байгаа энэ үед хэдэн тэрбум төгрөг хэмнэчих л байсан. Сая орон нутгийн сонгуулиар 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.
Хэрвээ УИХ-ын сонгуультай нэгтгэсэн бол ядаж л тал нь хэмнэгдэнэ. Хэмнэсэн 6-7 тэрбум төгрөгөөрөө ядаж л өрөө төлөхөд нэмэрлэсэн бол юу шиг байх вэ. Гэх мэтээр давуу талыг нь тооцвол барагдахгүй их. Гэтэл одоо болтол бид сонгуулийн үр дүнтэй зууралдаж, зарим нэг газар маргаан, тэмцэл өрнөсөөр л. Ингэж байтал 2017 он гарна. Он гарахтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн синдром ширүүснэ. Одооноос нам доторх Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх тэмцэл өрнөөд эхэлчихээд байна. Монголчууд бид жинхэнэ утгаараа сонгуульд дарлуулж гүйцлээ.
Сүүлдээ иргэдийн итгэл алдарч, сонгууль өгөхөөсөө хүртэл цааргалж байгаа. Гэтэл сонгууль өгөөгүйнхээ төлөө оркоороо дуудуулж сууна. Өөрсдөө залхмаар юм хийчээд буруугаа иргэддээ өгч байгаа нь царай нь энэ. Олон сонгуулиа нэг дор хийж, зардал мөнгө, цаг заваа хэмнэж, улсын ажлаа урагшлуулдаг болмоор байна.
Ядаж байхад манайд төрийн залгамж чанар гэж байх биш. Нэг дарга гарч ирээд, өмнөхийнхөө хийсэн болгоныг сайн, муу, зөв, буруугаар ялгахгүй үгүйсгээд, цоо шинийг хийнэ гээд тэнэгтээд давхична. Хэрвээ төр нь залгамж чанартай, төрийн албан хаагчид нь халагдах айдасгүй байж, улсын ажил ямар ч үед урагшилдаг бол хэдэн сонгууль хийсэн ч яахав. Тийм соёл тогтоогүй, тогттол ч өдий учраас сонгуулиудыг нэг дор хийдэг болъё. Ерөнхийлөгчийн сонгууль ч гэж хийгээд яадаг юм. Парламент нь сонгогдсоныхоо дараа бэлгэдлийн шинж чанартай нэг хүн томилоод л гүйцээ шүү дээ. Ядуу улс байж ямбаар яадгын. Хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийцгээе, зүгээр.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.