УИХ-ын гишүүн Н.Учрал Инновацийн тухай хуулийн талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьж, баасан гарагийн чуулганы үеэр мөн ажлын хэсгээс хуулийн зарим журам, заалтын талаар асуулт асууж, саналаа хэлсэн.
Тэрбээр “Шинжлэх ухаан инновацийг төрөөс дэмжих талаар тодорхой зорилтыг оруулсанд баяртай байгаа. Гэхдээ энэ бол тийм амархан хэрэгжихгүй зүйл. Яагаад гэвэл, хууль эрхзүйн орчин нь боловсронгуй болоогүй. 2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан даруйдаа “гар, хөл”-өө тасдуулсан. Нийт 22 журам гарах ёстой байснаас хамгийн чухал хоёр журмыг нь хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, хууль нь байгаа хэдий ч журмууд нь хүчингүй болсон. Шинжлэх ухааны байгууллагын дэргэд гарааны компани байгуулж өгнө гээд хувийн байгууллагууд бусад их, дээд сургуулиудыг эндээс хассан ийм ялгавартай зүйл заалтыг хуульдаа оруулсан. Үүнийхээ дараа дахиад энэ гарааны компани байгуулахтай холбоотой журмаа устгачихсан. Сая Ж.Энхбаяр гишүүн инновацийн сан байгуулах ёстой гээд яриад байсан. Энэ бужигнаан дунд инновацийн санг байхгүй болгосон.
Тодруулбал, “хөл, гар”-гүй болсон Инновацийн тухай хууль цаашид хэрэгжих ямар ч боломжгүй. Гэтэл бид энэ өндөр технологийн салбарыг түшиж байж, цаашид нийгэм эдийн засгийн зорилтоо биелүүлэх учиртай. Гэтэл хууль эрхзүйн зохицуулалт нь боловсронгуй болоогүй байна. Ер нь бол манай гадагшаа гаргаад байгаа бүтээгдэхүүнүүд ямар нэгэн агууламжгүй болчихоод байна. Зүгээр нэг нүүрс гадагшаа гаргадаг. Ядаж монгол оюун ухаан шингэсэн нүүрс гадагшаа гаргамаар байна шүү дээ. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн 0.04-хөн хувийг эзэлж байна.
Засгийн газраас нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн экспортлох санал санаачилга дэвшүүлж, зорилтоо тодорхойлоод байгаа ч хууль эрхзүйн орчин нь тодорхой биш байна. Өмнөх Засгийн газрын үед баталсан энэ хуулийг бид шинэчлэх ёстой. БСШУСЯ инноваци буюу өндөр технологийг анхаарах ёстой. Алслагдсан аймаг, хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинэ инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэх хууль эрхзүйн зохицуулалт орчихсон явж байгаа.
Өөрөөр хэлбэл, цагаан дээр хараар бичсэн энэ хуулиудыг сайн ажиглаад байвал бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, төр засгийг хүнд байдалд оруулахаар олон бодлогогүй зохицуулалтууд орж ирчихсэн байгаа. Тодруулбал, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд инноваци хөгжиж явдаг.
Манай улсын хувьд инновацийг төр нь авч явна гээд эрхзүйн зохицуулалтыг нь хийсэн учраас хүссэн ч хүсээгүй ч үүнийг бид авч явахаас гарцгүй. Манай улсад хэдэн оюуны өмч байгаа юм. Тэр патентуудыг эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Инноваци шинжлэх ухаа хоёроо холиод байгаа. Шинжлэх ухааны академи суурь судалгаа хийхгүй хэрэглээний судалгаа хийгээд их, дээд сургуулиудтайгаа өрсөлдөөд байна. Мөн хэрэглээний судалгаа хийх мөнгөө наад хүмүүс чинь цалиндаа тавьчихаад байна. Төрийн олон их, дээд сургууль дулаан цахилгааны мөнгөө улсаас авчихаад дахиад өнгөрсөн жилүүдийнх өр зээлд мөнгө нэмүүлж тавиулсан шүү. Төлбөрөө авч байгаа бол өөрсдөө санхүүжээд төр засагтаа дэмжлэг үзүүлмээр байна” гэлээ.