Засгийн газраас Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийг дэмжиж, парламентад өргөн мэдүүлэхээр болсон. “Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах хуулийн төслийн талаар 25 экспертийн байр суурийг хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
- Баялгийн шударга бус хуваарилалтад иргэд хамгийн их бухимддаг. Засгийн газар авлигатай тэмцэх үүрэгтэй. Төрийн өндөр албан хаагчид баяжиж хөлжиж байгаатай тэмцэнэ. Иргэд шударгаар баяжиж хөлжих нь нээлттэй гэдгийг Үндсэн хуулийн 16.3-т заасан. Өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг нь хураах ажил байнга гацсан нь хуулийн зохицуулалтгүй байв. Нийтийн албан тушаалтнууд шударга бусаар хөлжиж болохгүй, энэ нөхцөлд хөрөнгийг нь хураан авах, нөхөн төлүүлэх хуулийг зайлшгүй батлуулах шаардлагатай. Энэ хуулийн үндэслэл нь Үндсэн хуулийн дээрх заалт юм. Нийтийн албан хаагчид хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол энэ хуулиар шалгаж, арга хэмжээ авна. Авлигын тухай хуульд шударга бусаар олсон хөрөнгийг хураана гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлэх процесс тодорхойгүй, хэн, яаж хураах, дараа нь юу болох нь ойлгомжгүй байв. Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгийг шалгах, хураах хуультай хамт нийт 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Эдгээр нь Авлигын, Эрүүгийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд юм. Өндөр албан тушаалтнуудыг хамгийн түрүүнд шалгана. Энэ төсөлтэй хамт маш их эсэргүүцэл ирнэ. Үнэхээр авлига авсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар шийтгэлээ хүлээнэ. Албаны эрх мэдлээ урвуулаагүй л бол энэ хууль үйлчлэхгүй.
Шадар сайд Т.Доржханд:
- Бүх улстөрч орлогоо нотлуулъя. Засгийн газрын гишүүд ч мөн шалгуулъя. Би ч бас нотлуулна. АН-ын дарга, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд орлогоо нотлуулж бүгдээрээ уг асуудалд цэг тавья. Орлогоо нотолж чадахгүй байгаа хүмүүс нь мөнгөө улсдаа тушаа. Нотолж чадаж байгаа нь эргэлзээ тээнэгэлзээгүйгээр цааш явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Эрх зүйн хувьд орлогоо нотлох зохицуулалтыг нэмэх шаардлагатай учраас энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор бусад хууль хяналтын байгууллага, ерөнхий прокурор, АТГ-ын дарга, ерөнхий шүүгч, шүүгч нар орлогоо нотолж иргэддээ ил тод байж, эргэлзээг тайлахгүй бол үл итгэлцэлтэйгээр ардчиллаа бэхжүүлж цааш явах боломжгүй. Албан тушаалаа ашиглаад орлогоо хууль бусаар нэмэгдүүлж, авлига авсан бол хариуцлагаа хүлээгээд шоронд суух, үгүй бол мөнгөө буцаан төлөөд эрх чөлөөтэй байх боломжийг олгох юм. Энэ нь хүний орлогыг үндэслэлгүй хураана гэсэн үг биш. Үүнийг хуулийн хүрээнд зохицуулна. Орлогоо нотол, нотолж чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй.
Өмгөөлөгч П.Эрхэмбаяр:
- Монголд хууль бус, гэмт хэргийн шинжтэй эд хөрөнгүүдийг цагдаагийн байгууллага шалгаад прокурор хяналтаа тавиад шүүх нь хурааж авч улсын орлого болгодог хуулийн зохицуулалт, тогтолцоо байгаа. Гэтэл дахиад заавал “нийтийн” гэдэг нэр томьёо нэрийнх нь эхэнд бичсэн хууль гаргах нь зохимжгүй. Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлдэг. Тэрийг харахаар нийтийн албан тушаалтнууд шиг ядуу хүн байхгүй шүү дээ. Гэтэл бодит амьдрал дээрээ том том жийп унадаг, гадаад дотоодод үл хөдлөх хөрөнгөтэй, хаустай байдаг. Эндээс юуг харж болох вэ гэхээр хөрөнгөө нууж чадаад байна шүү дээ. АТГ-аас шалгахаар тогтоогддоггүй. Ийм нөхцөлд Нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах хууль гарлаа гээд юу өөрчлөгдөх вэ. Үүнийг шалгадаг АТГ хэвээрээ, мөрдөн байцаах алба хэвээрээ, хяналт тавьдаг прокурор хэвээрээ. “Салхи ороогүй”, социализмын үеийн тогтолцоогоороо хүний эрхийг зөрчдөг хууль хяналтын байгууллагуудад шинэчлэл хийгээгүй тохиолдолд мянга сайхан хууль батлаад үр дүнд хүрэхгүй. Мөн шалгагдаж байгаа нийтийн албан тушаалтны буюу тухайн эрх зүйн субъектын эрх зүйн байдлыг нь дордуулах ёсгүй. Хууль буцааж хэрэглэж болдоггүй. Нэг хууль батлаад, нэг гэмт хэрэг шинээр гаргаж ирээд хүнийг яллаад байна гэсэн үг. Тогтолцооны, шинжлэх ухааны хувьд маш том гажуудал болно.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх:
-АТГ хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах явцад хөрөнгө нь нэмэгдсэн атал мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогоороо хууль ёсны гэдгийг нотолж чадахгүй бол хууль бусаар бий болгосон байна, үндэслэлгүй хөрөнгөжөөд байна уу гэдгийг баримтжуулж Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж, хянан шалгадаг.
50 мянга гаруй нийтийн албан тушаалтнаас нэг жилд дунджаар 500-600 мэдүүлэгт хяналт шалгалт хийдэг.
Жил бүр 50 мянган хүнийг амжиж шалгаж чадахгүй шүү дээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганхүрэл:
-Хуулийн төслийн зорилго нь аятайхан. Гэхдээ хэрэгжүүлэх зарчмаа тодорхой болгож, одоогийн болон өмнөх хууль тогтоомжуудын уялдаа холбоог маш нарийн тооцоолохгүй бол хууль хоорондын ноцтой хэмжээний зөрчил бий болох магадлалтай. Мөн прокурор болон мөрдөгчийн дуудсан цагт ирж мэдүүлэг, тайлбар өгөх үүргийг хэргийн оролцогчид хүлээлгэхээр заасан байна. Ингэж ерөнхий байдлаар томьёолчихоор мөрдөгч яг хэзээ дуудах вэ, хэрэв одоо нийтийн албан тушаалтнаар ажиллаж байгаа бол ажил алба нь цалгардах уу гэх зэрэг олон асуудал үүснэ. Түүнчлэн хэрэгт холбогдуулан шалгагдана гэдэг бол сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд оруулдаг. Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа одоогийн Эрүүгийн хуульд зааснаар таван жил байгаа. Гэтэл энэ хууль батлагдвал өмнөх 20 жилийн асуудлыг хөндөөд гаргаад ирж байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчимтай. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэв хохиролтой байх тохиолдолд буцаан хэрэглэхгүй гэдэг зарчимтай.
Сэтгүүлч Ж.Баттуул:
-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн төсөл багтлагдвал маш том реформын эхлэл тавигдана. Тэгэхээр энэ хуулийг заавал батлах ёстой. Өнөөдөр төрийн бүх шатанд авлига, хулгай нүүрлэчихсэн байгаа. Дарга нар сард хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгээ ч мэдэхгүй болтлоо “томорсон”. Тэдэнд цалин чухал биш болоод удаж байгаа. Тиймээс бүх шатны нийтийн албан тушаалтнуудын орлогыг тодорхой болгож цэгцлэх шаардлагатай байгаа. Сошиал руу ороод хар. Хэний хүүхэд брэндээр гангалж, гадаад дотоодоор зугаалаад байна. Хэн хаана хэдэн тэрбумын хаус орон сууцанд амьдраад байна вэ. Бүгд нүдний өмнө ил байна шүү дээ. Хэдийгээр засаг төр жил болгоныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарладаг ч нэр төдий явж ирсэн. Тэр ч бүү хэл авлигач хулгайчдаа хууль гаргаад өршөөчихдөг байсан шүү дээ, манай улс. Тэр нь ч бидэнд дасал болоод ужгирсан байна. Хамгийн ноцтой нь хулгай, авлига газар авах тусам чөлөөт хэвлэлийн орон зай багасдаг. Хэвлэлийн эрх чөлөө хумигддаг. Аажимдаа ардчилсан нийгмийн үнэ цэн үгүй болж дарангуйлал руу шилждэг юм билээ.
Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Отгонтуяа:
-Энэ хуулийн гол үзэл баримтлал нь “Хөрөнгөө тайлбарла, чадахгүй бол хураалга” гэж байгаа юм билээ. Зарим улс оронд ийм хууль хэрэгждэг. Авлига, хээл хахууль аваад албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдвол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ өнөөдөр манай улсад авлигын шинжтэй болон үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг Авлигын эсрэг болон Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтуудаар зохицуулаад явж байгаа тул заавал тусад нь дахиад шинэ хууль батлах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн хүний эрхийг хангах, зөрчихгүй байх асуудал. Ялангуяа хувийн хэвшил, бизнесийн өмчид халдаж огт болохгүй. Хэдийгээр нийтийн албан тушаалтанд хамаарах хууль боловч уг хуулийн төсөлд “төлөөний хүн” гэсэн нэр томъёо орсон байгаа нь хэнийг ч хардах, дарамт шахалт учруулах, хууль бус аргаар хөрөнгөжсөн гэж гүтгэх эрсдэл харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг улс төрийн зорилгоор ашиглаж, хүний эрхийг зөрчиж, улмаар дарангуйлал бий болох вий гэдэг болгоомжлол олон нийтэд үүсээд байгаа. Одоогийн нөхцөл байдалд энэ хууль шударга үйлчлэх эсэхэд би, бид эргэлзэж байна гэсэн үг. Цагдаа, прокурорын байгууллага хуулийн хүрээнд, хэн нэгнээс хараат бусаар шалгаж, хяналт тавьж чаддаг болсон тохиолдолд энэ хуулийг оруулж ирэхэд татгалзах зүйлгүй. Цаг нь болоогүй л гэж харж байна.
УБТЗ-ын ТУЗ-ийн дарга Б.Цогтгэрэл:
-Ардчилсан, чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш хүн бүр өөрийн өмч хөрөнгөтэй болсон. Гэвч чөлөөт эдийн засгийн давуу байдлыг илтэд ашиглан төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн эрх ашигт нийцүүлэн улсын өмч хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан асуудал цөөнгүй. Тиймээс цаашид ийм үйл ажиллагааг таслан зогсоох хуулийн төслийг дэмжиж байна. Мөн хөрөнгө гэдэг нь зөвхөн мөнгөний асуудал биш шүү дээ. Монголбанкны сан хөмрөгт байсан зүйлс, Их тэнгэрт байсан уран зургууд, соёлын өвийн дурсгалууд гээд төрийн нэртэй хувьд очсон өмч хөрөнгүүдээ бид буцаан авах ёстой. Манай өндөр Гэгээн Занабазарын баримлууд гэхэд хулгайн гараар ороод алга болчихсон байна. Тэд бол мөнгөөр үнэлж баршгүй үнэт өвүүд шүү дээ. Мөн уул уурхайн ордууд байна. Тухайн үед ашигт малтмалын дарга байсан мэдээлэлд ойрхон хүмүүс Монголын ард түмний өмч хөрөнгийг өөрийн мэт хувьдаа авчихсан байдаг. Тэгэхээр бид тэднийгээ эргээд олж авах ёстой. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд асуудлыг ярихад болохгүй зүйл байхгүй.
Улс төр судлаач Г.Ариунболор:
-Нийтийн албан тушаалтан (төрийн албан хаагч, улс төрч, шүүгч зэрэг) хөрөнгө орлогоо үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг орнууд олон байдаг. Энэ төрлийн зохицуулалтыг “Хөрөнгө орлогын зөрүүг үндэслэлгүйгээр эзэмших” буюу “Тайлбарлаж чадахгүй хөрөнгө” гэх мэт нэр томьёогоор тодорхойлдог юм билээ. Жишээлбэл Колумб, Аргентин зэрэг орнуудад нотолж чадаагүй бол албан тушаалаас чөлөөлөөд зогсохгүй эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэдэг жишиг байна. Хөрөнгөө нотолж, тайлбарлаж чадахгүй бол хариуцлага хүлээлгэх” гэдэг нь авлигатай тэмцэх гол механизмын нэг бөгөөд олон оронд хуульчлагдсан. Монгол Улсын хувьд ч мөн “Авлигын эсрэг хууль”, “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн тухай хууль”-д үүнтэй төсөөтэй зохицуулалт бий боловч хэрэгжилт, хариуцлагын тогтолцоо сул байна гэж судлаачид үздэгтэй миний хувьд санал нэг байдаг. Аргентины хувьд бүр Public ethic law буюу ёс зүйн хууль гэж баыдаг. Албан тушаалтан хөрөнгөө нотлоогүй тухайн албан тушаалд ажилласнаар илтэд хөрөнгөжсөн бол эрүүгийн хариуцлагаас гадна тухайн ёс зүйн хуулиар ахин удирдах албан тушаалд очих эрхгүй болдог. Мөн хөрөнгө орлогоо хугацаандаа мэдүүлээгүй тохиолдолд ч энэ хууль хэрэгждэг нь их сайн зохицуулалт шиг санагддаг.Аргентины хувьд бүр Public ethic law буюу ёс зүйн хууль гэж баыдаг. Албан тушаалтан хөрөнгөө нотлоогүй тухайн албан тушаалд ажилласнаар илтэд хөрөнгөжсөн бол эрүүгийн хариуцлагаас гадна тухайн ёс зүйн хуулиар ахин удирдах албан тушаалд очих эрхгүй болдог. Мөн хөрөнгө орлогоо хугацаандаа мэдүүлээгүй тохиолдолд ч энэ хууль хэрэгждэг нь их сайн зохицуулалт шиг санагддаг.Аргентины хувьд бүр Public ethic law буюу ёс зүйн хууль гэж баыдаг. Албан тушаалтан хөрөнгөө нотлоогүй тухайн албан тушаалд ажилласнаар илтэд хөрөнгөжсөн бол эрүүгийн хариуцлагаас гадна тухайн ёс зүйн хуулиар ахин удирдах албан тушаалд очих эрхгүй болдог. Мөн хөрөнгө орлогоо хугацаандаа мэдүүлээгүй тохиолдолд ч энэ хууль хэрэгждэг нь их сайн зохицуулалт шиг санагддаг.
Сингапурын Setia хуулийн фирмийн захирал Викториа Тин:
-Хуулийг боловсруулсан байдлаас харахад нэлээд хөдөлмөр орсон байна. Хуулийг гаргасан улс орнуудыг харахад ерөнхийдөө энэ хуулийг улс орондоо байлгах хэрэгтэй гэсэн байдлаар хандвал хуулийн хэрэгжилт хангалгүй байх учраас дотоодын нөхцөлдөө тохируулсан байдлаар онцгой гаргалгаануудыг гаргаж хийх шаардлагатай хууль гэж бидний зүгээс харж байгаа. Одоогийн байгаа хуулийн төслийн бичвэрийг харвал нэлээн ажилласан ахисан түвшинд орсон гэж харсан. Хөрөнгө хураахыг үр дүнтэй болгоход тогтолцооны түвшинд холбогдох бүх хуульдаа хоорондоо уядаатай зүйл заалтуудыг оруулж өгсөн байдаг. Жишээлбэл, Авлигатай тэмцэх хууль байна, давхар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Мөнгө угаахтай тэмцэх хууль гэдэг ч юм уу, энэ дундаа мөнгө хураах ажиллагаатай холбоотой зүйл заалтууд орж ирж байна. Мөн хуулиа баталлаа гээд биеллээ олно гэсэн үг биш учраас төрийн захиргааны байгууллага дотроо хуулиа хэрэгжүүлэхтэй холбоотой хууль сахиулах байгууллага дотроо ч бас холбогдох хөрөнгө нөөц хэрэгслүүдээр нь хангаж өгсөн байдаг. Ингэснээр хөрөнгө хураалт нь үр дүнтэй байна. Зарим нэг талаар хуулийг сайжруулах боломжтой гэдэг нь бусад орнуудын хуультай харьцуулж сонголтууд гаргаж ирэх байдлаар цогцоор нь зөвлөж байгаа.
ХБНГУ-ын Ханноверын их сургуулийн Бизнесийн эрх зүйн профессор Артур Гаиэр:
-Энэ төрлийн мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн процессоор явуулж, иргэний процессоор хөрөнгийг хурааж байгаа нь АНУ, Сингапур, Герман зэрэг жишиг орнуудад хэдийн тогтсон, зугтааж болохгүй арга.
Нөгөө талаас хууль бус хөрөнгөөс эх авч арвижсан хөрөнгө, хүүгийн орлогыг хүртэл тооцож торгууль авдаг жишиг олон улсад бий.
ХЗДХЯ-ын Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъяанхүү:
-Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан, түүний шууд болон шууд бус өмчлөл, эзэмшилд байгаа, эрхэлж байсан болон эрхэлж байгаа албан тушаалын эрх нөлөөгөө бий болсон, хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлүүлэх зорилготой энэхүү хуулийн төслийн талаар олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Хуулийн төсөл батлагдсанаар авлигын эсрэг тэмцэлд чухал алхам болно.
Энэ хуулийг хэрэгжүүлэх болон ямар нэгэн байдлаар энэ хууль дээр тодорхой саналуудыг өгсөн төрийн бус байгууллага, судлаач, хууль захиулах байгууллага тодорхой яам хэвлэлүүдээс ирсэн төлөөлөгч нарт баярласан талархсанаа илэрхийлмээр байна.
Хуульч Б.Билгүүн:
-Шинэ хууль анх удаагаа гарч ирж байгаа ойлголт юм шиг, тухайн хуулийг баталж байж нийтийн албан тушаалтнуудын хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах боломжтой юм шиг буруу агуулга нийгэмд яваад байна.
Энэ талын хуулийн зохицуулалт нь угаасаа байгаа. Бидний хувьд энэ байгаа хуулийн суурь зохицуулалтаа амилуулах, одоо байгаа хуулийн зохицуулалтыг сайжруулах, эрх зүйн орчны хамгаалалтыг дэмжих, нийгэмд хэрэгждэг болгох, тухайн хуулийг хэрэгжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэж байгаа субъектуудын эрхийг хамгаалдаг тэр хэмжээнд төрийн өндөр албан тушаалтныг дуудаад мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой болдог.
Тэр нөхцөл байдлыг бүрдүүлэх нь чухал болов уу гэж харж байна.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан:
-Олон ч аймгаар явлаа ард иргэд ч олон зүйлийг ярьж байна. Авлигатай тэмцэнэ гэдэг нь биднээс эхлэх ёстой. Нийгэмд татвар төлж үзээгүй, нэг хүний цалинг тавьж өгөөгүй хүмүүс төрийн албанд ажиллаад амьдрал ахуй нь эрс сайжраад явж байгаа нь ард иргэдэд муухай харагдаж байгаа.
Жирийн сумын засаг даргын асуудлыг утсаар яриад шийдчихэж байгаа зэрэг асуудалд ард иргэд бухимдалтай байгаа. Хууль жирийн иргэдэд хатуу, төрийн албан тушаалтан буюу танхимд сууж байгаа хүмүүст бүрэн утгаараа үйлчлэхгүй байна.
Үүнтэй холбоотой О.Алтангэрэл сайд хууль бусаар орлого олсон, хөрөнгөжсөн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг хураах гэсэн саналыг оруулж ирсэн.
Үнэн ба зөв намын дарга Т.Отгонбаатар:
-Бид хуулиа хүмүүсийн тайлбарлаж байгаагаар биш өөрсдөө уншиж танилцах хэрэгтэй. Жишээлбэл, нэг их наядын хулгай хийсэн хүн 70 хувийн хэргээ өгөхөд 300 тэрбум аваад үлдэх нь байна.
Энэ хууль хөрөнгө хураах хууль юм уу, хууль бус хөрөнгөө баталгаажуулж байгаа хууль юм уу. Улс төрийн албан тушаалтанд ч мөн хамааралтай тусгай хууль гаргах хэрэгтэй. Алдаагүй хуулийн төсөл хийвэл авлигачдад халтай, ард иргэдэд ээлтэй болно.
Хууль ард иргэдийн эсрэг биш хууль бусаар хөрөнгө идэж ууж байгаа сайд дарга нарын эсрэг байх ёстой. УИХ хуралдахгүй байна гэдэг нь хулгайчдад цаг хожиж өгч байгаагийн илрэл. Ард иргэд хэчнээн жил төрийн алба хашсан хулгайчдыг тэжээж өөрсдөө ядарч зүдэрсэн хүлцэнгүй байх вэ.
ХЗДХЯ-ын Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн дарга Ж.Амгалан:
-Бид бусад орны хуулиудыг судалж үзсэн. Солонгос улсад эрүүгийн хуулийнх нь нэг хэсэг болох төрийн албан хаагчийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль үйлчилдэг. Армен улсад хууль бус хөрөнгийг шалгах ажиллагааны процесс явагддаг.
Прокурор нь хяналт тавина, прокурор нь иргэнийхээ шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний шүүхийн шийдвэрээр хууль бус хөрөнгийг хурааж авах ажиллагаа явагддаг.
Мөн нийтийн албан тушаалтныхаа болон бусад иргэдийнхээ хууль бус хөрөнгийг хурааж авахтай холбоотой зохицуулалт Серби улсад үйлчилдэг.
Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан С.Гантулга:
-Авлигын мөнгө гэдэг нь тогтоогдсон ч жолооч юм уу бусад ойр дотнын хүмүүс нь түүнийг захиран зарцуулдаг тухайн асуудлыг шийдэж чаддаггүй байсан бол энэ нь одоогийн төсөлд тусгагдаад явж байна.
Үүнийг УИХ баталбал тухайн зөрчилтэй үйлдлийг бүрэн шийдвэрлэх боломжтой. Авлигатайгаа үр дүнтэй тэмцдэг өндөр хөгжилтэй улс орнуудад бусад этгээд болон төлөөний хүн гэдэг ойлголт нэгэнт ороод хуульд нь хэвшсэн тодорхой үр дүн туршлагууд бусад орноос харагдаж байна. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах нь үнэлгээнд ахиц гаргах нэг алхам болно. Мөн нийтийн албан тушаалтнуудын тухай хуулийг чандлан мөрддөг гаднын улс орнууд байдаг ба тэдгээр хуулиудыг судалж энэ хуулийн төслийг боловсруулсан.
Хэнтий аймгийн Биндэр сумын зөгийчин И.Энхчимэг:
-Орлогоо нотолж чадахгүй бол хураах нь зөв гэж бодож байгаа тул энэ хуулийн төслийг дэмжиж байна. Өөрсдийн эрх ашгийн төлөө олон нийт, ард иргэдийг золиосолж болохгүй. Гарц гаргалгаа нь зөв бол хурааж авах нь зөв. Гэхдээ тэр хураасан хөрөнгө нь дахиад хэн нэгний хоол болчихвол дэмий.
Тиймээс энэ асуудал давтагдахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болов уу. Энэ талаар сайн мэдэхгүй байгаа ч ингэж бодож байна. Ард иргэдийнхээ төлөө ажиллана гэж нэр дэвшиж сонгогдчихоод эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа нь буруу. Хамгийн гол нь сэтгэлээсээ үнэнч ажиллах хүмүүс сонгогдохгүй байна. Ийм хууль аль эрт байх ёстой байсан юм. Гэвч өөрсдийнхөө төлөө энэ хуулийг боловсруулаагүй 30 жил болжээ.
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Боловсрол, Соёл, эрх зүйн дээд сургуулийн багш Ч.Мөнхбаяр:
-УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлан гаргасан боловч өнөөг хүртэл нийтийн албан тушаалтны ашиг сонирхолд өөрчлөлт орохгүй, үр дүн гарахгүй байсаар байна. Төсөвт байгууллагад сар бүр тогтсон, үндсэн цалингаас өөр орлогогүй иргэн бизнес эрхэлдэг хүмүүсээс илүү эд хөрөнгө, баялаг эзэмшиж, өмчилж байгаа нь бодит байдал хөрөнгө, орлогынхоо эх үүсвэртэйгээ нийцэхгүй байна. Ард иргэд шударгаар хөдөлмөрлөж олсон цалин, орлого бүрээсээ татвар төлж төсөв бүрдүүлж байгаа. Гэтэл Монгол улсад Нийтийн албан тушаалтан нь эдийн засаг, эрх мэдлийн хувьд бусадтай харьцуулашгүй өөр түвшинд байсаар байгаа юм. Энэ нь өнөөгийн нийгэмд албан тушаалтны хувийн ашиг сонирхол байсаар байгаагийн жишээ. Иймээс бүгдэд адил, тэгш боломж олгох, нийгэмд шударга байдлыг тогтоох “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийг дэмжиж байна. Нийтийн албан тушаалтан, өөрийн бүрэн эрх, албан тушаалын давуу байдлаа ашиглаж өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгийнхөө эх үүсвэрийг нотлох хэрэгтэй. Нотлож чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээх нь зүй ёсны шаардлага. Энэ талаарх эрх зүйн орчныг бий болгож нийгэмд тэгш, хүртээмжтэй байдлыг иргэн, хуулийн этгээд хэн бүхэнд олгох хэрэгтэй.
“SKYPASS EVENT” -ийн захирал Б.Нарангэрэл:
-Нийтийн албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орлогоо нотолж чадахгүй байгаа тохиолдолд эд хөрөнгийг хурааж авч, эрүүгийн ял үүрүүлж, хорих, нийтийн албанд ажиллуулахгүй байх зэрэг заалттай Эрүүгийн тухай хуулийн 22.10-т маш тодорхой заасан байдаг. Тиймээс үүний хэрэгжилтэд хяналт тавьж, энэ байгаа хууль бусад хуультай хэрэглэгдэхдээ яаж байна вэ гэдгээ шалгах ёстой болов уу. Ер нь манай УИХ-ын гишүүд хууль санаачилж, санаачилсан хууль нь батлагдаж “поп” ажилладаг байдлаа одоо болих хэрэгтэй. Иргэд мэдээлэлтэй, мэдлэгтэй болсон шүү дээ. Массын хуулийн талаарх ойлголтгүй байдлыг тайлбарладаг, массыг хуулийн ойлголтыг нэмдэг, хууль бол хүчтэй, хууль бол хатуу, хуулийг дагаж мөрдөх хэрэгтэй гэдэг ойлголтыг түгээх хэрэгтэй байна. Жишээлбэл, нийтийн албанд ажиллаж байхдаа илүү хөрөнгөжөөд байгаа тухайн хүмүүсийг энэ эрүүгийн хуулиараа шийтгэж, ял оногдуулдаг. Ингээд иргэд ч хахууль өгч ямар нэг ажил бүтээх гэдгээ болино. Төрд ажилд орвол удалгүй нэг сайхан том жийп хөлөглөнө, амьдрал нь нүдэн дээр сайжирлаа гэдэг явцуу ойлголтыг л халчих хэрэгтэй. Үүний тулд нэгэнтээ байгаа эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлээ бариад хяналт шалгалтаа хийх хэрэгтэй байна. Юун хууль санаачлах, огт байхгүй юм шиг нэг хуулийн төсөл бариад яриад яваад байгаа юм бэ, тусдаа хууль болгож оруулж ирэх ямар хэрэгтэй юм, шинэ хууль болох тусмаа өмнөх хуультай холбогдох уялдаа холбоо, хэрэглээн дээр алдаа гарна. Өмнөх хуулиа нэг эргэж харсан уу.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Хуулийн төслийн зорилго нь зөв мэт боловч хуулийн системчлэл, эрх зүйн зохицуулалтын хувьд алдаатай тул дэмжихгүй байна. Хууль бус хөрөнгө, буюу эс үүсвэрийг нь нотолж чадахгүй байгаа орлогыг Эрүүгийн хуулиар хураах, ял оногдуулах боломж нь одоо ч нээлттэй байна. Түүнчлэн хүний эрх зөрчигдөх, хэлмэгдүүлэх үр дагавар үүсгэхээр байгаа тул маш хянамгай авч үзэх ёстой.
Жишээ нь, уг хуулийн төслийн 30.1-д “Хууль бус хөрөнгө шалгах тусгайласн нэгж нь гомдол, мэдээллээр болон ... хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа (цаашид “шалгах ажиллагаа” гэх)-г явуулахаар холбогдох баримт бичиг, мэдээллийн хамт прокурорт шалгах ажиллагаа явуулах тогтоол (цаашид “тогтоол” гэх) гаргах санал хүргүүлнэ.”, 30.12-т “Өмчийн хэлбэр үл харгалзан бүх хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэн шалгах ажиллагаа явуулах боломжийг олгож, холбогдох баримт, мэдээллийг төрийн болон албаны нууц, хувь хүн, хуулийн этгээдэд хамаарах эсэхээс үл хамааран саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.” гэсэн байгаа нь хэн нэгний талаар гомдол мэдээлэл ирэхэд тэр хүний бүх мэдээллийг гаргуулан авах эрхийг нээж өгч байгаа зохицуулалт юм. Энэ мэтчилэн зүйл заалт бүрээр задлавал нэлээд дэлгэрэнгүй тайлбар бичигдэнэ. Ямартай ч энэ хуулийн төслийг өргөн барихаас өмнө ХЭҮК, УДШ, УЕП-оос санал, дүгнэлтийг авах ёстой бөгөөд Хууль зүйн дүгнэлт зайлшгүй шаардлагатай.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Ард иргэд хардах, орлогоо нотлохыг шаардах эрхтэй, төрийн өндөр албан тушаалтан нотлох үүрэгтэй. Хууль бусаар олсон орлогыг хураахтай холбоотой асуудал яригдаж буй нь явцуу бүү байгаасай.
Төрийн дунд шатны албан тушаалтнууд хамгийн их авлигажсан байгаа шүү. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар олон нийтийн өмнө ил байдаг тул харьцангуй гайгүй байдаг. Тиймээс энэ хууль бол зөвхөн төрийн өндөр албан тушаалтан бус төрийн бүх албан тушаалтанд хэрэгжих ёстой. Ёс зүйн хувьд хууль хяналтын байгууллагууд шийдвэрээ гаргах ёстой.
Нийгмийн ухааны зөвлөх багш Г.Ганбаяр:
-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн зүйлчлэл дээр нийтийн албан тушаалтан гэх ойлголт нь авлигын эсрэг хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг албан тушаалтнуудад хамааралтай байдаг. Энд бол төрийн өндөр албан тушаалтан, үйлдвэр, ТӨК-ийн захирлууд болон бүх шатны ИТХ-ын дарга нар үүнд хамаардаг. Гэхдээ энэ хуулийн зүйлчлэлийг эхний удаа хэлэлцүүлж, хуулийн үйлчлэх хүрээг төрийн өндөр албан тушаалтнуудын эсрэг хамааралд оруулах нь зүйтэй. Жишээлбэл, Сумын ИТХ-ын төлөөлөгчийн ХОМ жил бүр өөрчлөгдөхгүй байх. Харин төрийн өндөр албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүн, Сайд, дарга нарыг энэ зүйлчлэлээр нарийвчлан оруулж өгөх нь оновчтой санагдаж байна. Нийтийн албан тушаалтан гэдэг утгаараа бүх хүнд энэхүү хуулийн зүйлчлэл хамаарах байх. Энэ хуулийг олон нийтэд сурталчилъя гэх юм бол нийтийн албан тушаалтан гэдэг дээрээ хуулийн хамрах хүрээг өөрчлөх нь зүйлтэй байх. Хууль бус хөрөнгийг хэрхэн илрүүлж, шийдвэрлэх талаар оруулж өгөх хэрэгтэй. Хуулиараа илрүүлээд гараад ирлээ гэхэд бусад хуулийн хугацааны явцад замхрах магадлалтай. Тэгэхээр бусад хуулиудад бас өөрчлөлт оруулах нь зөв байх. Одоогийн процедураар албан тушаалтай холбоотой хэргийг АТГ шалгаад замхарч буй олон жишээ бий. Тэгэхээр давхар бусад хуулиудад энэ хуулийн зүйлчлэлийг оруулах нь зүйтэй. Мөн оффшор бүсэд буй мөнгийг илрүүллээ гэхэд хэрхэн, яаж татах вэ гэдгийг тодорхой оруулж, хуульдаа бүрэн тусгах хэрэгтэй
МУИС-ийн дэргэдэх Улаанбаатар шинжлэх ухааны паркийн захирал, доктор профессор О.Мөнхбат:
-Монгол Улсын нэгдэж орсон Авлигын эсрэг НҮБ -ын конвенци болон авлигын эсрэг хууль тогтоомжид нийтийн албаг тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжин баяжихтай тэмцэх зүйл заалтууд тусгагдсан боловч хэрэгжилт асар сул бна. Төрөөс төгрөгтйн тэрбумтан төрдөг бсан бол эдүгээ долларын тэрбумтан төрж бна. Өндөр түвшний авлигатай тэмцэх нэг чухал хэрэгсэл бол орлогоо нотолж чадахгүй бол эл хөрөнгө хураах, хариуцлага тооцох явдал. Хэдхэн төгрөгөөр торгосон болж байгаа нь ял завшуулахын зэрэгцээ авлигаас олсон хөрөнгөө зувчуулах боломж олгож бна. Энд хувийн өмч, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нэрээр хаацайлж хамгаалах ёсгүй. Энэ хуулийн төслийг даруй баталж, хүчлэн хэрэгжүүлэх ёстой. Гадаадад оргон зайлсан тохиолдолд ч НҮБ конвенцид зааснаар хулгайлагдсан хөрөнгийг буцааж авчрах ёстой.
Хан-Уул дүүргийн иргэн Д.Уянгацэцэг:
-Дэмжиж байна. Нийтийн албан тушаалтан орлогоо нотлож чадахгүй байна гэдэг чинь хууль бусаар л олсон гэсэн үг. Тиймээс хөрөнгийг нь хураах нь зүйтэй. Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг ардын үг ч байдаг. Хэрэв бие болон гэрээ засаж чадаагүй байж нийтийн албан тушаалтан болж хахуулийн мөнгөөр гэр болон биеэ засах төлөвлөгөөтэй байгаа бол тэр олсон хөрөнгийг нь хураадаг л байх хэрэгтэй. Хууль тогтоож, шийдвэр гаргаж байгаа эрх мэдэлтнүүд хүүхдээ улсын эмнэлэгт төрүүлж, улсын сургууль цэцэрлэгт явуулж, улсын эмнэлгээр үйлчлүүлж байж ард иргэдийн тулгамдсан асуудлыг ойлгох байх. УИХ, Засгийн газрын гишүүд үнэхээр төрд ажилламаар байвал тийм нөхцлийг нь зөвшөөрч анхнаасаа нэр дэвшиж, албан тушаал авах хэрэгтэй гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. ¹ 95 (7592)