С.УРТНАСАН
Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит хуулийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
-Төсвөөс гадуур хяналтгүй зарлагатай төрийн өмчийн компаниудад зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Олон улсын валютын сангийн шалгуур үзүүлэлтээс харахад өр төлбөр хөрөнгийн эрсдэлээр 99 компаниас 23 хувь нь дунд түвшний эрсдэлтэй, 20 хувь нь өндөр эрсдэлтэй байна. Төрийн өмчит компаниудын зарлага улсын төсөвтэй харьцуулахад өндөр үзүүлэлттэй байгаа нь дүрэм журмаа барьж, хууль эрх зүйн хүрээнд ажиллахгүй байгааг харуулна. Нэг жилийн хугацаанд алдагдалтай ажилласан төрийн өмчит есөн компани 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшууллыг удирдлагууддаа олгож тооцоолоогүй зардал гаргасан нь зохимжгүй. Алдагдалтай ажилладаг компаниуд нийгмийн хариуцлагатай ажил хийх нь буруу. Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.
-Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн жортой холбоотой асуудлаар иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, төвийн дуудлага алдалтыг арилгах, үйл ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмүүдийг гэрээтэй 1400 эмийн сангаар цахимаар олгож байсан бол үлдсэн 1100 эмийн санд цахим жорыг олгох эхний шатны ажлуудын үр дүнгүүд гарч эхэлсээр байна. Эмнэлэгт үзүүлж цахим жор бичүүлээд, эмийн сангаас кодоор авах боломжтой болсон нь эмийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний стандартад өөрчлөлт гаргах бодлого юм.
Монгол Улс НҮБ-ын гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103 ордог. НҮБ-аас таван үндсэн зүйлээр манай улсын зэрэглэлийг гаргахад техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагаа талбарт хамгийн муу үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Хуралдаанаар Улсын төсвийг батлахдаа мэдээллийн технологийн зардал гэдэг ерөнхий зүйл ангиар биш кибер аюулгүй байдлын зардал гэсэн тусгай зүйл ангитай болж албан ёсны лицензтэй болох шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 221 (7465)