Н.Учрал: Намын бүлгүүд гэнэтийн шийдвэр гаргахгүй, бодлогын хороо шийднэ

Н.Учрал: Намын бүлгүүд гэнэтийн шийдвэр гаргахгүй, бодлогын хороо шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

 

-Хуралдаанаар намуудын хамтарсан гэрээний асуудлыг хэлэлцсэн байна.  Ямар шийдвэр гаргасан бэ?

-Засгийн газрын гэрээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголыг хэлэлцэж нэгтгээд ирэх даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Засгийн газар нүүх байршлыг тодорхойлох, туннел, гүүрэн байгууламж гаргах, Туулын хурдны замаас хэрхэн Засгийн газрын шинэ байгууламж барих холболт хийх вэ зэргээр нөхцөл байдал дээр мэргэжлийн байгууллагын төлөөллүүдтэй очиж, танилцсан. Төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд олон улсын жишгийн дагуу зөвлөх үйлчилгээ авах төсвийг төсвийн тодотголд суулгаж өгч байгаа. Үүний дараа зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах зардлуудыг шийдвэрлэх юм. Төсвийн тодотголын гол зорилго нь хүлээгдэж буй төслүүдийг урагшлуулах, олон улсын зөвлөх үйлчилгээг авахад чиглэнэ.

 -Намуудын хамтарсан гэрээний төсөл дээр Германы парламентын судалгааны хүрээлэнгээс тодорхой зөвлөгөөг авсан гэсэн.  Ямар зөвлөмж өгсөн бэ?

-Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилснаар онцлог. Талууд гэрээгээр үүрэг хүлээж байна гэсэн үг. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дотор бүсчилсэн хөгжлийн бодлого гэх тухайлсан бүлэг бий. Үүн дотроо хэрэгжүүлэх нэр бүхий таван төсөл, бүс болгон дээр хийгдэх томоохон төслүүдийг жагсаасан. Засгийн газрын тэргүүлэх чиглэл 15 мега төслийг оруулсан. Тухайлбал, Хүний хөгжлийн бодлогыг авч үзэж байна. Тус бодлого нь боловсрол, эрүүл мэнд болон хөдөлмөр эрхлэлт гэсэн гурван чиглэлтэй. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор орон сууцны бодлого хэрхэн явагдах, эрүүл мэнд, боловсролын бодлого хэрхэн үргэлжлэх вэ гэдэгт салбар дундын уялдааг зохицуулна. Хүртээмжтэй цомхон төр гэсэн агуулга руу илүү хандаж байгаа.  Гурван нам гол төслүүдээ хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах чиглэлд зорилтуудаа дэвшүүлсэн. Герман улс 1949 оноос хойш Эвслийн Засгийн газар байгуулсан туршлагатай. Эвслийн Засгийн газрын хамтарч ажиллах сайн туршлагуудыг нь хамтарсан Засгийн газрынхаа гэрээнд тусгахаар саналуудыг оруулж байгаа.

Тиймээс Германы парламентын судалгааны хүрээлэнгээс тодорхой зөвлөгөөг авч, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд сайн саналуудыг танилцуулсан.

-Гэрээг хариуцах бодлогын хороо байгуулна гэсэн.  Энэ нь ямар чиг үүрэгтэй байх вэ?

-Гурван намын хамтарсан Засгийн газрын гэрээний бодлогын хороо гэж байна. Энэ бодлогын хороонд гурван намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн дарга нар орно.  Тэгэхээр энэ бодлогын хороо нь no surprise буюу гэнэтийн шийдвэр гаргахгүй байх зарчмыг баримтална. Улс төрийн намуудын УИХ-д төлөөлж буй бүлэг нь эрх хэмжээгээ хэрэгжүүлээд шийдвэр гаргах нь нээлттэй.  Энэ бол хамтарсан Засгийн газар гэнэтийн шийдвэр гаргахгүй байхад аль аль тал нь анхаарах талаар ярьж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын гэрээний гол онцлог нь гурван намын төлөөллийн төв байгууллагаар дамжуулж шийдвэр гаргаж байгаа.

-Намын бүлгүүд гэнэтийн шийдвэр гаргахгүй гэж заасан нь юу гэсэн үг вэ?

-Эвслийн Засгийн газар гэнэтийн шийдвэр гаргахгүй гэдэг дээр аль, аль талууд нь анхаарна гэсэн үг. УИХ-ын бүлгүүд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж буй гэдэгт үнэлэлт дүгнэлт өгнө. Бид УИХ-ын бүх гишүүнтэй зөвшилцөж байна. Бүсээс сонгогдсон гишүүдийн тулгамдсан асуудлаа ярина.Зөвшилцлийн хүрээнд бүс, нийслэлээс сонгогдсон гишүүдийн саналууд хангагдаад ороод ирвэл хяналт тавих бололцоог бүрдүүлж байгаа юм.  УИХ-ын гишүүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь чөлөөтэй хангагдаж байгаа гэж ойлгож байна.  Гурван нам хамтарч байгаа учраас дундаа бодлогын хороотой байя. Энэ хороогоор гэнэтийн асуудлыг шийдвэрлээд явна. Жишээлбэл 2021 онд Герман улс гурван намын хамтарсан Засгийн газар байгуулаад үйл ажиллагааны хөтөлбөр, гэрээгээ цар тахлын улмаас өөрчилсөн.Байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарч гэнэтийн шийдвэр гаргах шаардлага үүсвэл Бодлогын хороо хуралдаж гэрээнд өөрчлөлтийг цаг үетэйгээ нийцүүлээд гаргаад явна. Намын бүлэг зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавина. Бүлгийн дарга нар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж буйд хяналт тавихаас биш ямар нэгэн үүрэг хүлээхгүй.  Гэрээг гурван намын дарга нар зурж байгаа юм. Гэрээг боловсруулахдаа УИХ-аас баталсан урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050" дээр суурилсан.  Гэрээг улс төрийн тогтвортой байдлыг хангуулах, хамтдаа зөвшилцөөд тухайн төслийг урагшлуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд хэн нэгэн замын дундаас цаг үеэс шалтгаалж ухрах буцах эрхгүйгээр харж явах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 152 (7396)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ