Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас нийт 1800 алба хаагч, 434 техниктэйгээр цасанд боогдсон 23,451 км зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 669 өрх айлд өвс, тэжээл, нүүрс хүргэсэн, одоо зам, гарц хаагдсан 13,573 малчин өрх рүү 38,444 км зам гаргах ажлыг зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд зургаан аймгийн 23 суманд “төмөр буюу шилэн зуд”-ын, 17 аймгийн 88 суманд“цагаан зуд”-ын, 17 аймгийн 79 сум, нийслэлийн хоёр дүүрэгт “цагаанаар зудархуу” байна.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 611,924 толгой мал хорогдоод байна. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт малын хорогдол хамгийн их байна.
Засгийн газар хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор гурван үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн гурил, тэжээл зэрэг импортын зарим барааны татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.