Т.Эрдмаа
Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны байдлаар 34 тэрбум ам.доллар болоод байна. Үүнийг задлаад харвал аж ахуйн нэгжийнх 22.5, Засгийн газрынх 7.9, Монголбанкных хоёр, арилжааны банкнуудынх 1.6 тэрбум ам.доллар тус тус эзэлж байгаа юм. Энэ нь Монгол Улсын нийт гадаад өр асар өндөр төвшинд хүрснийг илтгэж буй явдал хэмээн эдийн засагчид хэлэх болсон. Тодруулбал, Монгол Улсын нийт гадаад өрийг ДНБ-д харьцуулан харвал энэ оны байдлаар 191 хувьтай тэнцэж байна. Үүнд Оюу Толгойн өp төлбөр орсон. Харин хасаад тооцвол манай улсын нийт гадаад өр ДНБ-ий 117 хувьтай тэнцэнэ.
Манай улсад зээл олгосон газар нь олон улсын банк санхүүгийн байгууллагууд юм. Эдгээрээс гадна Нидерланд улс 11.6, БНХАУ 3.6, Япон улс 1.2, Сингапур улсын нэг тэрбум ам.долларын зээл олгосноор тэргүүлж байна.
Засгийн газрын өрийг төгрөгт шилжүүлэн тооцвол 30.8 их наяд болж буй билээ. Өөрөөр хэлбэл манай улсын хоёр жилийн төсөвтэй бараг тэнцэж буй юм.
Харин Засгийн газрын дотоодод арилжаалсан үнэт цаасны өрийн үлдэгдэл энэ оны байдлаар 534.1 тэрбум төгрөг болсон. Үүнийг задлаад үзвэл 437.5 тэрбум төгрөг нь төсвийн алдагдал санхүүжүүлэх, 96 тэрбум төгрөг нь “Сайн хувьцаа” хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулжээ.
Засгийн газар 2017 оны аравдугаар capaac хойш дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалаагүй. Ийм учраас дотоодод арилжаалсан үнэт цаасны өр гурав дахин буурав. Гэвч төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 2022 оны долоо болон арваннэгдүгээр саруудад нийт 683.9 тэрбум төгрөгийн үнэт цаасыг “Хадгаламжийн даатгалын корпораци сан”-д, “Монгол Улсын Хөгжлийн банк”-д хаалттай хүрээнд арилжаалсан байна.
Манай улсын төсөв жил бүр алдагдалтай батлагдаж ирсэн. Тухайлбал, жилд хоёр их наяд орчим төгрөгийн алдагдалтай төсөв баталж ирсэн. Иймд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх мөнгөний эх үүсвэр хэрэгтэй. Тэгэхээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 2023 онд Засгийн газрын дотоод үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах шийдвэр гарсан. Энэ хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих зорилгоор Тендерийн барьцааны зориулалттай дотоод үнэт цаас гapгax, үүнтэй холбоотой журамд нэмэлт өөрчлөлт оруулах, арилжааны дэд бутцийг сонгох зэрэг бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Тэгэхээр ирэх жил буюу 2024 оноос Засгийн газар үнэт цаасаа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх нь.
Засгийн газар 2023 онд 2.6 сая гаруй ам.долларын бонд олон улсын зах зээлд арилжаалсан. Энэ нь мөн л нөгөө төсвийн алдагдлаа санхүүжүүлэхэд зарцуулсан мөнгө.
Өнгөрч буй 2023 онд “Гэрэгэ” бондын үлдэгдэл төлбөрийг төлж дууссан бөгөөд 2024 онд “Хуралдай” бондын 392.5 сая ам.долларыг төлнө. Төлбөрийг төсвийн хөрөнгөөс төлөх боломж бүрдүүлсэн хэмээн эрх баригчид хэлж байгаа. Мөн арваннэгдүгээр сард 350 сая ам.долларын, 5.5 жилийн хугацаатай 7.875 хувийн хүүтэй “Сенчири-3” бондыг гаргаад байна.
Засгийн газрын 2022- 2023 онд эргэн төлөх “Гэрэгэ” бондын 15.8, “Чингис” бондын 2.5 сая ам.доллар буюу нийт 18.3 сая ам.долларын өр байсан. Тэгвэл энэ өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор Засгийн газрын гадаад үнэт цаасны ханш зах зээл дээр унасан цаг үеийг ашиглан эргэн төлөгдөх үнээс хямд өртөгөөр буцаан худалдан авчээ. Ингэснээр Засгийн газрын өрийн үйлчилгээний зардлаас нийт 1.8 тэрбум төгрөгийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хэмнэлт гарсан байна.
Өрийн удирдлагын тухай хууль 2015 оны хоёрдугаар сард батлагдсанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргахад баталгаа гаргуулагч болон төсөл apra хэмжээнд тавигдах шаардлага хуульчлагдаж, өрийн баталгаа гаргуулах хүсэлтэд эрсдэлийн үнэлгээ хийх, төсөл apra хэмжээнд хяналт тавих зэрэг хууль эрх зүйн орчин бүрдсэн. Tyc хууль батлагдахаас өмнө Засгийн газрын зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкны дунд хугацааны “Евро” бонд, “Самурай” бонд, Кредит Свисс банкнаас авсан зээл, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан зээл, “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн санхүүжилт зэрэгт нийт 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх зээлд баталгаа гаргасан байдаг. Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл 2023 оны байдлаар 728.3 тэрбум төгрөг байна. Үүнээс Монгол Улсын Хөгжлийн банкны баталгааны үлдэгдэл 696.9, “Эрдэнэс Монгол” ХК-ний баталгааны үлдэгдэл 31.4 тэрбум төгрөг байна.
Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийн 95.7 хувийг эзэлж байгаа Монгол Улсын Хөгжлийн банкны 30 тэрбум иенийн “Самурай” бондын төлбөрийг 2023 онд төлөх бол “Эрдэнэс Монгол” ХК-ийн техникийн туслалцааны зээлийг 2031 онд тус тус төлөх хуваарьтай.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэл 2024 онд буурах эрсдэлтэй хэмээн анхааруулж байгаа юм.
Ингээд зээлжих зэрэглэл буурах эрсдэлд дараах хүчин зүйлсийг онцоллоо. Үүнд:
- Гадаад санхүүжилтийн эх үүсвэр татах чадвар буурах, гадаад валютын албан нөөц нь БНХАУ-ын хилийн боомтын асуудлаас шалтгаалдаг.
Иймд гадаад нөхцөл байдлыг үнэлж цэгнэхгүй байх...
- Төсвийн алдагдлыг бууруулах, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх харьцааг тогтворжуулж чадахгуй байх...
- Улс төрийн тогтворгүй байдал нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бууруулах, стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн төслүүдийг зогсоох эрсдэлтэй байна гэж үзжээ.
Энэ оны тавдугаар сард Засгийн газраас олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч”, долдугаар сард “Эс энд Пи” агентлагийн төлөөлөлтэй тус тус уулзаж зохион байгуулж, зээлжих зэрэглэл тогтоолгосон байдаг. Тэд Монгол Улсын 2023 оны зээлжих зэрэглэлийг “В” тогтвортой төвшинд хэвээр байна гэсэн дүгнэлт хийжээ. Цаашид зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэхэд дараах нөхцлийг тавьж буйгаа мэдэгдсэн. Үүнд:
- Гадаад валютын албан нөөцийг их хэмжээгээр нэмэгдүүлэх, Засгийн газрын гадаад өрийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх, гадаад санхүүжилтийн хэрэгцээг бууруулж тогтвортой байдлыг хадгалах;
- Макро эдийн засгийн зөв, зохистой бодлогыг хэрэгжүүлэх, түүхий эдийн үнийн болон олон улсын эдийн засгийн савлагаанд хэт мэдрэг байдлыг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхэд таатай бизнесийн орчныг бүрдүүлэх;
- Засгийн газрын өрийн ДНБ-тэй харьцах харьцааг тогтмол бууруулах;
- Монгол Улсын эдийн засаг ижил орлоготой улс орнуудтай харьцуулахад сайжрах;
- Эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж өссөн тохиолдолд энэ нь төсөв, өp, гадаад зах зээлийн үзүүлэлтийг хурдан сайжруулах;
- Монгол Улсын тогтолцооны шинэчлэл, сайжруулалт хийх, ялангуяа бодлого боловсруулахдаа бодит ахиц дэвшил гapгax зэрэг шаардлага тавьсан байна. Хэрэв эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсын санхүү, эдийн засгийн зах зээлд буурах нөхцөл болох юм.
Албан эх сурвалжийн мэдээллээс харахад Монгол Улсын өрийн өнөөгийн нөхцөл байдал, зээлжих зэрэглэл нэг иймэрхүү. Тэгвэл эдийн засагч Р.Даваадорж “Хэрвээ интернэтээр ороод харвал 2016 оны УИХ-ын өмнө МАН-хан иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо. Улс орон элгээрээ хэвтлээ. Хүүхэд төрмөгц 15 сая төгрөгийн өртэй боллоо. МАН шилдэг Монгол Улсын эдийн засагчдынхаа тооцооллыг ард түмэндээ хүргэж байна. Энэ хэмжээг бууруулах тооцоо бидэнд байна гэсэн мэдээллийг харж болно. Өөрсдөө Монгол Улсын нийт өрийн хэмжээг иргэддээ хувааж гаргаад харанга балбасан. Бүтэн найман жил өнгөрч байхад юу болов гэдэг энгийн асуултын хариу бол 33 сая төгрөг юм. Одоо иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэн. Гадаад өрийн зохист хэмжээ улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-хээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилсан байдаг. Тухайлбал, Белорусс улсын хувьд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувь, дотоод өр нь 20 хувиас хэтрэхгүй байдаг. Харин Монгол Улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан билээ. Энэ нь дэлхийн жишигт нийцэхүйц зохист хэмжээ бөгөөд манайхан “өрийн тааз” гэж нэрлэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улс төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санааг эвдэж дээрх заалтуудын хэм хэмжээг хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Тиймээс хуулийн үндсэн утгыг гээгдүүлж, “өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг дагасан тэлсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдал ба өрийн хэмжээ хоорондын уялдааг хангалгүй хэрэгжүүлэх үндсийг тавьсан байдаг” хэмээн мэдэгджээ.
Энэ бүгдээс харвал Монгол Улсын өр өндөр хэмжээнд байна. Иймд төсвийн сахилга бат барих, түүхий эдийн үнийн өсөлтөөс олсон мөнгөө ариг гамтай ашиглаж өр төлбөрөө бууруулах асуудал тулгарч байна.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны арванхоёрдугаар сарын 25. Даваа. №188 (5916)