Х.Нямбаатар: Ерөнхий сайдын барьж байгаа хатуу бодлого нь 76 гэдэг орон нутгийн төлөөллийн зарчмыг хөндөхгүй байх

Х.Нямбаатар: Ерөнхий сайдын барьж байгаа хатуу бодлого нь 76 гэдэг орон нутгийн төлөөллийн зарчмыг хөндөхгүй байх

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг мэдүүлэхдээ “Парламент нь 152 гишүүнтэй. Тэднээс 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг намын жагсаалтаар сонгохоор” тусгасан. Харин сонгогчид “152 гэдэг тоо ихдэнэ, бууруулах шаардлагатай. Мөн тойргоос сонгогдох гишүүдийн тоо нь давуу байх нь зүйтэй” гэсэн санал түлхүү гаргасан юм.

Энэ асуудлыг эрх баригч хүчин Ардчилсан нам, ХҮН-тай зөвшилцсөний үндсэн дээр парламент нь 126 гишүүнтэй байхаар, 76 нь тойргоос, 50 нь жагсаалтаар сонгогддог байхаар санал нэгдээд буй. Байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Парламент 126 гишүүнтэй болъё гэдэг тоог ямар үндэслэлээр оруулж ирэв? Түүний асуултад УИХ-ын гишүүн, хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулав. -“УИХ-ын 54 дүгээр тогтоолын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэгт эрдэмтэн судлаачид ажилласан. Ажлын хэсэг 1992 оны шинэ Үндсэн хуулийг боловсруулахад УИХ-ын гишүүдийн тоог анх хэдээр оруулж ирсэн бэ гэдгийг судалсан. Анх бол УИХ 102 гишүүнтэй байя гэдэг төслийг өргөн барьсан юм билээ.

Тухайн үеийн Ардын их хурлын депутатууд “102 гэдэг нь 100 ямаанд 60 ухна болж байна. 50 хувиар багасгаж, 51 гишүүнээр УИХ-ыг бүрдүүлье” гэдэг санал гарган, зөвшилцлийн ажлын хэсэг гараад өнөөдрийн 76 гэдэг тоон дээр тогтож, баталсан байдаг юм билээ. 1992 онд Үндэсний дэвшлийн намаас гаргасан судалгааны материалыг УИХ-ын номын сангаас олж, хэвлүүлэн, та бүхэнд тараасан. Тэрхүү материалын сүүлийн хуудаст манайтай хүн ам ойролцоо улсуудыг харахад ардчилсан парламенттай улсуудыг зөвлөх үйлчилгээтэй парламенттай улсуудыг адилтан үзээд энэ тооны гишүүдтэй байх юм болов уу гэдэг дүгнэлтэд хүрсэн юм билээ. 1991 онд судалгааны төвшинд гарсан.

Зөвлөх үйлчилгээтэй парламент гэдэг нь хаантай, угсаа залгамжлагчтай юм. 152 гэдэг тоо бол математикийн эрдэмтэд судалгааг гаргаж ирсэн. Таван сая хүртэлх хүн амтай улсад парламентын төлөөлөл ямар байна вэ гэдгийг гаргаж ирсэн. Зуун хувь пропорцианаль, тогтолцоотой оронд нэг өөр, холимог тогтолцоотой оронд хүн амтайгаа харьцуулсан тоо өөр гэдэг дүнгэлтэд хүрээд куб язгуураар 152 гэж барих нь зөв гэж үзсэн. 50х50 гэдэг харьцааг яаж гаргаж ирсэн бэ гэхээр Монгол Улс өргөн уудам нутагтай учраас газар нутгийн төлөөллийн зарчим гарцаа байхгүй байх ёстой юм байна. Сүүлийн 30 гаруй жилийн алдаа оноо юунд оршсон бэ гэхээр макро эдийн засгаа тэлэх тал дээр ДНБ-ний нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлэхэд дэвшил гаргажээ. Гэхдээ чамлалттай байна.

1990 онд ДНБ ийн нэг хүнд ногдох орлого ойролцоогоор 338 ам.доллар байсан бол 2023 оны нэгдүгээр сарын статистикаар нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.долларт хүрч 17 дахин өсчээ. 1990 онд ядуурлын түвшин 34 хувтьай байсан бол өнөөдөр 28 хувьтай байгаа нь ядуурал 6-хан хувиар буурсан нь 33 жилийн хугацаанд алдаатай бодлого явуулжээ. Эдийн засаг тэлэхэд бид нарт хамгийн том чөдөр тушаа болсон юм нь эрчим хүчний салбарт байна.

1984 оноос хойш эрчим хүчний салбарт том төсөл хэрэгжүүлээгүй нь эдийн засгаа тэлэхэд гаргасан гол алдаа. Жижиг төсвөө засгаа тойргийн зарчмаар хуваарилснаас болсон. Макро эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлдэг салбар салбарын төлөөлөл, газар нутгийн төлөөлөлтэй зарчим байх ёстой гэж үзсэн.

Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Тэр утгаараа парламентад суудалтай улс төрийн хүчнээс тоог бууруулъя, Ардчилсан нам 40х60 харьцаатай болгоё гэсэн. Ардчилсан намын гаргасан 40х60 харьцаатай дүйж очиж байгаа. Ерөнхий сайдын барьж байгаа хатуу бодлого нь 76 гэдэг орон нутгийн төлөөллийн зарчмыг хөндөхгүй байя. Одоогийн 76 гишүүн, түүнээс өмнөх үеийн гишүүд тойргийнхоо зовлонг мэддэг тогтолцоог эвдэхгүй, хөндөхгүй байя гэж үзсэн. Австралид уугуул газар нутгийн төлөөлөл, уугуул үндэстнүүдийн төлөөллийг хатуу хадгалж ирсэн сонгуулийн тогтолцоо байдаг. Энэ зарчим дээрээ явъя.

76 нутаг дэвсгэрийн төлөөлөл, нэмэх нь пропорцианаль элемент оруулж ирэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөлөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гэсэн бүлгүүдийн төлөлөл оруулж ирэхэд ч гэсэн 50-иас доошгүй тооны лист үүсгэх шаардлага байна гэж үзсэн” гэв. Ийнхүү УИХ-ын гишүүний зардлыг өсгөхгүй, илүү зардал гаргахгүй нэг зөвлөх, нэг туслахтай байхаар намууд санал нэгдлээ. Өнгөрсөн 30 жил Монгол Улс давжаа парламентын, 76 даргын зовлонг амсахаараа нэг болсон. Авлигын хэмжээ их наядаар тоологдож, 10 тэрбум төгрөг захын даргын “халаас”-наас гардагт бид хэдийнэ дасаад эхэлжээ, харамсалтай нь. Тогтолцоогоо пропорциональ болгох, тоогоо нэмэх нь шинэ сэдэв биш.

Аль 2015 оноос Ардчилсан нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа хөндөж байсан, 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга тогтолцоогоо пропорциональ болгох, 50 хувийг нь жагсаалтаар, 50 хувийг нь тойргоос сонгох саналыг оруулж байв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Үүний дараа ямар өөрчлөлтүүд орсон талаар дахин иргэдэд танилцуулж, санал авах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ