Эрдэмтэд “Зөвлөлдөж шийдэх” илтгэлүүдээ танилцуулав

Эрдэмтэд “Зөвлөлдөж шийдэх” илтгэлүүдээ танилцуулав

 “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо.    Хуралд оролцсон талуудын байр суурийг хүргэе. 

 

“Дундаж давхарга нэмэгдэх боломж хязгаарлагдмал байсаар байна”

 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтөө бүрэн амилуулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Үүний дагуу 30 гаруй томоохон хуулийг шинэчлэн батлахаар тусгаснаас 13 хууль батлагдаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг одоо болтол өргөн мэдүүлээгүй байна” гэдгийг  онцлов. Мөн тэрбээр, “Монголын төрд хууль засаглаж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ.  Зөвхөн Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлээс болж алдагдсан боломжийн өртөг жилд 3.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Мөн нийгэм хэт баян цөөнх, ядуу болон ядуурал руу гулсаж буй олонх гэсэн хоёр бүлэгт хуваагдах хандлага сүүлийн жилүүдэд эрчимжлээ. Улс орны хөгжлийн гол тулгуур болдог дундаж давхарга нэмэгдэх боломж хязгаарлагдмал байсаар байгааг анхааруулсан юм. 

 

Үндсэн хуулийн 30 жилийн алдаа оноог шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэх учиртай

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилсан засаглалын гажуудал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэргүй байдал нь өнөөдрийн нийгмийг бүтээсэн хэмээн онцлоод, Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс. Гэтэл парламент өнөөдөр иргэний төлөөллийн байгууллага гэхээс илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага болж хувирлаа. Улс төрийн намын гишүүнчлэлгүй, дундаж болон дундажаас доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн бүхий л бүлгийн төлөөллүүд сонгогдох боломжгүй болжээ.  Тиймээс ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн алдаа оноог шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, шинэ 30 жилийг тодорхойлох санал, дүгнэлт гаргахыг уриалав. 

 

Онцлох илтгэлүүд

 

МУИС-ийн Үндсэн хуулийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайхан “Монгол Улс шиг нэгдмэл, Бүгд найрамдах, цөөн хүн амтай, нэг үндэстний улсад нэг танхимтай парламент тохирдог. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг хангах талаар Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэж байгаа.  2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн өнгөрч байгаа тул үр дүнг үнэлэх болоогүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагагүй буюу хугацаа болоогүй” гэдгийг итгэлдээ тусгасан байв.   Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзулын хувьд 330 гаруй хуульд агуулга, үүргийн шинжилгээ хийжээ.  Үүнээсээ тэрбээр сонгогддог ба томилогддог албан тушаалтнуудад тавигддаг хариуцлага хүлээх чадвар, шаардлагыг зохицуулж буй хууль тогтоомжийн заалт бусад төрийн албан хаагчдынхаас бага байгааг тогтоосон байна.

 

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор М.Алтанбагана “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, өнгөрсөн 30 жилд нийгэм, эдийн засгийн орон зайн зохион байгуулалт нь аяндаа явагдаж, бүх татах хүчийг Улаанбаатар хотод бий болгосныг дурдаж, хоёр дахь хотыг Монгол Улс байгуулаагүй нь өнөөгийн нөхцөлд байдлыг үүсгэсэн гэсэн юм.  МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор Б.Отгонтөгс “Баялгийн сан: Шударга,  хүртээмжтэй  хуваарилалт” гэсэн сэдвээр илтгэлдээ  Баялгийн сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд Сантьягогийн зарчимд тодорхойлсноор, Засгийн газрын эзэмшилд байдаг тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын зохицуулалтын сан юм. Энэ талаар манай улс тодорхой хэмжээний туршлага, оролдлогуудыг хийж ирсэн бөгөөд сангуудын удирдлага, менежмент, засаглал зөв бол 2046-2050 онуудад улсын нийт өр буурах, эдийн засгийн өсөлт тогтворжих, баялгийг динамикаар хуваарилах нөлөө үүсэх боломжтойг тэрбээр урьд өмнө хийгдсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан дурдаж байлаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 3 (6988)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.