Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг хөндөв. “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлье гэдгийг Төрийн тэргүүн онцоллоо.
Тэрбээр “Тариаланчдын шинэ хотхонуудыг бий болгосноор нийслэл хот, төв суурин газрын хүн амын төвлөрөл саарч, хөдөө орон нутаг дахь ажлын байр олон мянгаар нэмэгдэж, эх байгаль, эрүүл орчиндоо ажиллаж, амьдрах амьдралын шинэ орчин бий болно.
Монголчууд бид зөвхөн уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж асар их ашиг шим, үр өгөөж хүртэх боломж байна. Үүнд дэлхийн хүн амын өсөлт, хүнсний хангамжийн асуудал ч нөлөөлж байна.
Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол асар том зах зээл. Энэ боломжийг бид ашиглах ёстой.
Энэ цаг мөчөөс эхлэн бид өөрсдөө үйлдвэрлэж, эх орныхоо ариун дагшин хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ хүнс экспортлогч орон болох хатуу зорилго тавьж ажиллах шаардлагатай болж байна.
Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна.
Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү. Энэ бол жинхэнэ эх оронч үзэл юм шүү. Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе” гэлээ.
Хүнсний салбарт хувьсгал хийхийг уриалж, гарц шийдлийг бий болгох талаар онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.