Засгийн газар мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийн төслөө өнөөдөр өргөн барина
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцээд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьж, энэ долоо хоногт хэлэлцүүлж эхэлнэ.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Энэ хуулиар дараах найман чиглэлийн арга хэмжээг авна.
-
УИХ үнийн өсөлттэй холбоотой хууль, тогтоолын төслийг дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэнэ
-
Мах, гурилын нөөц бүрдүүлэх, шатахуун импортлогчдын эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлөгдөхөд шаардагдах санхүүжилтийг өөрсдийн харилцдаг банкуудаар нь дамжуулан банкны эх үүсвэрийг дайчлах, хүүгийн боломж олгох, гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах эрхийг Төв банканд олгоно.
-
Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдаж авна. Мөн тухайн жилд олборлосон алтаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу жилдээ багтаан тушаагаагүй иргэн, аж ахуйн нэгжид энэ хуулийн үйлчлэл дуустал хариуцлага хүлээлгэхгүй.
-
Засгийн газраас мах, гурил, шатахууны хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээний тухай цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ. Ингэхдээ шатахууны гаалийн албан татварыг тав хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгож байна.
-
Мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг төсвийн нийт зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн зохицуулагч нарын хооронд зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргаж баталгаа гаргана.
-
Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргаан төв байгууллага хомстол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй нь холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулж мөрдүүлнэ.
-
Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хүнсний тухай хуульд заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний бүтээгдэхүүний хомстол үүсэхээс сэргийлж экспортлох бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг тухайн бүрд нь тогтоож, мөрдүүлнэ. Мөн энэхүү үйл ажиллагаанд оролцох аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллана.
-
20 сая төгрөгтэй тэнцэх үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно” гэлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.