Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон. Тодруулбал, таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг ирэх сарын 1-ны дотор чөлөөлөгдөх ёстой болоод байгаа юм. Үүнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Усны газрын дарга Ш.Мягмар, Иргэний нийсэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй Засгийн газрын 17 агентлагийн дарга нар багтаж байгаа юм. Үүнээс Жижиг, Дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Оюуны өмчийн газрын дарга зохих шалгалтаар хуулийн дагуу томилогджээ.
Харин одоогийн байдлаар нэр нь тодроод буй таван яамны ТНБД нараас ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг нар сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна.
Үлдсэн Батлан хамгаалах яамны ТНБД Д.Ганхуяг, Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох шалгалтаар томилогдсон бол БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн сайдын албан тушаалд томилогдож Засгийн газарт байж байгаад буцаад Төрийн нарийн бичгийн даргаар очжээ. Харин Онцгой байдлын ерөнхий газар, ШШГЕГ, ТЕГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, ЦЕГ нь тусдаа хуулийн зохицуулалттай, түүний дагуу томилгоо хийгддэг учир бусад агентлагуудын адил олон нийтийн дунд сонгон шалгаруулалт зарлагддаггүй гэдгийг холбогдох байгууллагаас хэллээ.
Түүнчлэн цар тахлын хуулиас өмнө сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дөрвөн агентлагын дарга нарыг чөлөөлөх ёстой болж байна. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга нар сонгон шалгаруулалтгүй томилогджээ.
Ямартай ч сонгон шалгаруулалтгүй томилогдсон эдгээр Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргыг Засгийн газрын тогтоолоор томилгоог хийдэг учир чөлөөлөх асуудлыг Засгийн газар өөрсдөө хийх ёстой болж байна. Хэрэв ирэх сарын 1 гэхэд сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нарыг чөлөөлөхгүй бол томилсон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох хүсэлтийг Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлэх аж. Мөн чөлөөлөгдсөн тохиолдолд ТНБД, агентлагийн дарга нарын орон тоонд нөхөн сонгон шалгаруулалт зарлана.
Үүнтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.
-Сонгон шалгаруулалтгүй томилогдсон ТНБД, агентлагийн дарга нар чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн хүмүүсийг хэзээ сонгон шалгаруулах вэ?
-Эдгээр албан тушаалыг одоогийн байдлаар сул орон тоо гэж үзэхэд хэцүү. Төрийн албаны зөвлөлөөс хууль зөрчиж томилогдсон, удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд, албан хаагчдаа арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон чөлөөлөх мэдэгдлийг 411 дүгээр тогтоолоор дамжуулж өгсөн. Хэрэв чөлөөлөгдсөн тохиолдолд хууль ёсны дагуу томилогдсон, удирдах, гүйцэтгэх албан тушаал дээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр 1-2 сарын хугацаанд түр орлон гүйцэтгэгч ажиллах хугацаанд тус байгууллагууд төрийн албаны зөвлөлд сул орон тоогоо нөхөх захиалга ирүүлнэ. Захиалгыг үндэслэн Төрийн албаны зөвлөл нийтэд зарлан мэдээлж, сонгон шалгаруулалтыг хийдэг. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо, үнэлгээ авсан хүнийг томилуулахаар нэр дэвшүүлдэг хуулийн зохицуулалттай. Харамсалтай нь төрийн байгууллагууд бизнес, улс төр, ТББ-аас эсвэл төрийн үйлчилгээний албан тушаалаас ТНБД, агентлагийн даргын хариуцлагатай албан тушаалд хууль зөрчин томилгоо хийж байна.
-Сонгон шалгаруулалтгүй томилогдсон тэргүүн түшмэдийг хэн чөлөөлөх вэ. Энэ эрх нь ТАЗ-д бий юу?
-Засгийн газрын шийддэг томилгоог засгийн газрын хуралдаанаар шийднэ. Бусад газрын дарга, нэгжийн дарга, мэргэжилтнийг ажлын байрнаас чөлөөлөх асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга өөрөө шийддэг.
-Төрийн албаны зөвлөлөөс хоёрдугаар сарын 1-ний дотор чөлөөлөх үүрэг өгсөн. Хэрэв өгсөн хугацаанд ямар нэгэн зохих арга хэмжээ авахгүй бол яах вэ?
-Өгсөн хугацаанд сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар, гэрээгээр томилгоо хийсэн зөрчлүүдийг арилгахгүй бол томилгоо хийсэн эрх бүхий албан тушаалтныг өөрийг нь огцруулах саналаа дээд байгууллагад нь гаргадаг. Гэхдээ хэн нэгэн сайдын, аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг шууд хүчингүй болгох эрхтэй ч захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийг барьж сонсох ажиллагаа явуулдаг. Гэвч “томчууд” тэр болгон олддоггүй, томилолтоор явчихдаг гэсэн асуудлууд бий. Ер нь Монгол Улсын хэмжээнд байгаа нэг хүндрэлтэй асуудал нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр бүү хэл, Шүүхийн шийдвэр гурван шатанд гарчихаад байхад хэрэгжүүлдэггүй. Монгол Улсад хууль дээдлэх зарчмыг дээд, дунд түвшинд, сум, орон нутаг ч хэрэгжүүлэхгүй байна. Энэ асуудал төрийн өндөр албан тушаалтнууд дунд ч байгаа.
-Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дахин сунгасан. Үүнтэй холбоотойгоор дахин сонгон шалгаруулалтгүй томилгоо хийх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Төрийн албаны зөвлөлөөс энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ хуулийн зургаан сарын үйлчлэлийн хүрээнд томилгоо хийхдээ заавал нээлттэй сонгон шалгаруулалтаар хүмүүсийг томилох зөвлөгөөг өгч байгаа. Зайлшгүй томилгоо хийх бол олон нийтэд зарлан мэдээлж шалгалтаар нөхөх, шалгалтгүйгээр хууль зөрчиж хэн нэгнийг ажил албан тушаалд гэрээний үндсэн дээр томилсон бол гэрээгээ дуусгавар болгох, гэрээг сунгахгүй байх чиглэлийг 411 дүгээр тогтоолоор өгч байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн 49 салбар зөвлөл, улсын хэмжээнд ажилладаг. Сул орон тоо гарвал долоо хоногийн дотор Төрийн албаны салбар зөвлөлд мэдээлж 21 хоног дотор багтааж захиалгаа ирүүлнэ. Захиалгыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулдаг.
-Төрийн албанд хууль бусаар томилогдсон 530 гаруй иргэн байгаа гэсэн. Тэдгээр хүмүүсийг мөн чөлөөлөх үү. Түүнчлэн хууль бусаар томилогдсон нь сонгуулийн цикл дагаад солигддог асуудалтай холбоотой юу?
-Төрийн албанд хууль бусаар томилогдсон 1100 гаруй албан хаагч байгаа гэсэн мэдээллийг өмнө өгч байсан. Үүнээс шаардлагатай мэдээлэл, баримтыг дахин нягталж, шигшихэд 532 болсон. Тэгэхээр тэгш байдлын зарчимд оруулж Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хууль зөрчсөн томилгоонуудыг чөлөөлж хуулийн дагуу шалгалтаар нөхөх үүрэг өгсөн. Сонгуулийн циклтэй холбоо, тоо, мэдээлэл одоогоор өгөхөд эрт байна. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлан буюу төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлдөг. Тоо, бүртгэл 2022 оны нэгдүгээр улиралд багтаж гарна. Одоогийн байдлаар бүх төрийн байгууллагуудаас мэдээ, тайлангаа авч эхэлсэн.
-Төрийн албаны зөвлөлийн эрх мэдэл сонгон шалгаруулалтын томилгоотой холбоотой асуудал дээр хүрэхгүй байна уу?
-Төрийн албаны зөвлөлийн эрх мэдэл хүрнэ. Хүний нөөцийн томилгоо хууль бус байвал түүнийг хүчингүй болгох, томилгоог хийсэн удирдах албан тушаалтан, байгууллагад Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлэх эрхтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (6736)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.