Ц.Өнөрбаян: Өөрийн сурсан эрдмээ 45 жил шавь нартаа түгээж явна

Ц.Өнөрбаян: Өөрийн сурсан эрдмээ  45 жил шавь нартаа түгээж явна

Монгол Улсын ууган сургуулиудын нэг МУБИС-ийн түүхт 65 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс энэ удаагийн “Чухал хүн” буландаа тус сургуульд 40 гаруй жил багшилж, олон мянган судлаач, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчдийг төрүүлэн гаргах их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, мөн бахархам түүхийг бичилцэж яваа МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, МУ-ын гавьяат багш Ц.Өнөрбаянг урьж, ярилцлаа.

-Манай булангийн маань нэр “Чухал хүн”. Тиймээс  таны өсч төрсөн нутаг, ээж аав, бага насны он жилүүдийн талаар  ярилцлагаа эхлэе?

-Монголын баруун хязгаар Увс аймгийн Хяргас сумын уугуул.  Миний эцэг, эх Хяргас сумын нутагт төрж өссөн Баяд удмын жирийн малчин ард байсан.  Насаараа мал маллаж, 11 хүүхэд төрүүлж өсгөсний хамгийн ахмад нь би.

Эрдэм номын мөр хөөж, өдий зэрэгтэй яваа минь эцэг эх, эрдэмтэн багш нар эрдэм номын хишиг хүртсэний гавьяа гэж бодож явдаг юм.  Би 1949 онд төрсөн. Тэр утгаараа 1940, 50, 60-аад оны хөдөөний малчдын хүүхдүүд ямар байсан тэр л жишгээр өсч өндийсөн. Эцэг, эх маань ууган хүүгээ эрдэм номын мөр хөөлгөх ёстой гэж үзээд,   намайг найман настайд Увс аймгийн Хяргас сумын бага сургуульд оруулж байлаа.  Сумын бага сургууль, дараа нь Баруунтурууны арван жилийн  сургуулийг 1967 онд төгсч,  МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид элсэн суралцсан.  

Ингэж л  65 жилийн түүхт МУБИС-тай хувь заяагаа холбосон. Хагас зуун жил энэ л сургуулийн босгыг өглөө бүр алхаж,   эрдэмтэн  мэргэд, багш сурган хүмүүжүүлэгчидтэй  мөр зэрэгцэн ажиллаж,  эрдэм номын  авшиг хүртэж,  бас эрдэм номын хишгийг залуу хойч үедээ  түгээж явна.  МУБИС-ийн 20 жилийн ойгоор буюу 1971 онд  төрөлх сургуулиа төгсч байсан юм. Түүнээс хойш 45 жил энэ сургуульд эрдэм ном зааж, монгол хэл, уран зохиолын салбарын  сургалт судалгааны салбарыг удирдаж, шавь нартаа эрдэм номын дуу сонсгож яваа маш товчхон намтартай хүн дээ.

-Багадаа хэр сахилгагүй хүү байсан бэ?

-Намайг ямар хүүхэд байсныг тэр үеийн хүмүүс андахгүй л дээ.  Гэхдээ тийм ч ноомой нэгэн  байгаагүй юм даг. Юм юмыг сонирхдог сэргэлэн, цовоо хүү байсан гэж нутаг  усныхан маань дурсдаг юм. Хонь хурга хариулж,  мал маллаж тэр үеийн хүүхдүүдийн хийдгийг л хийж явлаа. Эрдэм номд шамдахдаа муу сурч, нэрээ хөөдөж явсангүй.  Бас шилдэг тэргүүний хэмээгдэж мандан бадарсангүй.   Багын шүлэг зохиол унших дуртай. Эх хэл, эрдэм номд хайртай байх сэтгэлгээг тэр үеийн бага ангийн багш нар надад олгосон.

-Шүлэг, яруу найрагт сонирхолтой байсан гэлээ. Та яруу найраг оролдож байсан уу?

-Хүүхэд байхдаа шүлэг бичээд,  концерт дээр уншдаг байлаа. Тэр л үеийн сэтгэлгээний шүлэг байсан даа. Түүнээс хэвлүүлсэн шүлэг байхгүй. Хэвлүүлье ч гэж боддоггүй. Надад тийм авьяас байхгүй. Харин эх хэлийг нь чин сэтгэлийн угаас  заая л гэсэн хүсэлтэй монгол хэлний мэргэжлийн багш юм даа.

-Айлын 11 хүүхдийн ахмад нь гэхээр том ахын үүрэг хариуцлага их байсан байх даа?

-Байлгүй яах вэ. Айлын 11 хүүхдийн ахмад нь төдийгүй доороо найман эмэгтэй дүүтэй хүн шүү, би.  Бага хоёр нь эрэгтэй.  Айлын том хүүхэд болохоор бүсгүй хүүхэд шиг л гэрийн ажилд нухлагдаж өссөн.   Түүнийхээ буянаар хүний гар хараад сууж байдаггүй л  эр хүн. Аав,  ээж минь  бурхан болцгоосон.  

Эцэг эхийн минь өгсөн хүмүүжил гэвэл эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандах явдал. Би тэр л жаягаар яваа. Үүнийг минь Монголын төр үнэлж, 2000 онд Монгол Улсын гавьяат багш гэх эрхэм хүндтэй цолыг надад хүртээсэн.   Энэ эрхэм хүндтэй  цолны  нэр хүндийг хугалчихгүй юмсан гэж хичээж явна даа.  Английн Кэмбрижид төвтэй Дэлхийн намтар судлалын нийгэмлэгээс олгодог Дэлхийн тэргүүлэгч сурган хүмүүжүүлэгч цолыг 2009 онд  хүртсэн. Тэр миний гавьяа төдийгүй Монголын боловсролыг  дэлхийд гаргасан тохиол байлаа.  Их сайхан цол байдаг.  

-Та багын багш болно гэсэн мөрөөдөлтэй байв уу, эсвэл?

-Багшийн мэргэжлийг  эрт сонгосон. Долдугаар ангид байхдаа монгол хэл, уран зохиолын багш болно гэж мөрөөддөг байлаа. Тэр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн эрдмийн шилтгээнд ирж, 50 шахам жил ажиллаж хөдөлмөрлөсөн байна. Бараг миний хоёр дахь гэр минь юм даа.  Эх хэл эрдэм соёлоо сайтар эзэмшиж, түүнийгээ шавь нартаа хүртээчих юм сан гэсэн сэтгэлээр мэргэжилдээ хандаж ирсэн.

Миний ганц чаддаг зүйл, эсвэл төрөлхийн чадвар юм уу  бусдад өөрийн сурсан мэдсэнээ түгээх дуртай. Тэр утгаараа  одоо хүртэл  сургуульдаа  багшилж  байна.   Сургуульдаа 1971 онд  багшаар үлдэж, 14 жил ажилласныхаа дараа Унгарын Будапештийн Төв Азийн тэнхимд  таван жил монгол хэлний багшаар  ажилласан юм. 

Олон улсын монгол судлалын нэрт эрдэмтэн Кара Дёрдь буюу манайхны “Хар Дорж” гэж  нэрлэдэг агуу багшийн шавь болж, эрдмийн зэрэг хамгаалсан. Дараа нь МУБИС-даа  тэнхимийн эрхлэгчээр 10 жил, Монгол судлалын сургуулийн захирлаар 18 жил,  2014 оноос хойш  МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байна.

-Дунд сургуулиа төгсч, МУБИС-д тэнцэж байсан дурсамжаасаа хуваалцаач. Тухайн үед онцчууд л их сургуульд элсдэг байсан болов уу?

-Тэр үе их сонин. Одоо бол ЕБС-иа төгсөөд аймагтаа  элсэлтийн шалгалт өгдөг шүү дээ.  Харин 1967 онд намайг төгсөх үед  нийслэлд  элсэлтийн шалгалтаа өгдөг байсан юм. Эрсдэл байсан. Баруун хязгаар Увс аймгаас Улаанбаатарт ирээд элсэлтийн шалгалтдаа тэнцэхгүй бол буцаад харьдаг байлаа  шүү дээ.  Баруунтуруун сумын арван жилийн сургуулийг төгсөөд, МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид оръё гэж боддог байлаа.  Нэр хүндийн хувьд МУИС бусад сургуулиас илүү гэх сэтгэлгээ нийгэмд давамгайлж байсан хэрэг.  Гэхдээ , МУИС-ийн хуваарь ирээгүй. 

Тэгээд МУБИС-д шалгалт өгч,  Монгол хэл, уран зохиолын багшийн ангийн хуваарийг авсан нь тэр. Тухайн үед Монгол хэл, уран зохиолын багш л болж байвал аль ч сургууль хамаагүй гэж бодож явсан хэрэг.  Тэр үед элсэлтийн ерөнхий шалгалт их эрт болдог байв. 1967 оны долдугаар сарын 10-нд Увс аймгаас онгоцоор ирж,  долдугаар сарын 20-нд Багшийн дээд сургуульд шалгалт өгсөн. Шалгалтыг тэр үеийн бурхан багш Ж.Надмид, Ц.Жанчивдорж нар авч байсан.  Харин Орос хэлний шалгалтыг Цэвэлмаа гээд залуухан багш  авч байлаа. 

Шалгалтыг билет сугалуулах маягаар авдаг байсан юм. Харин надад аз таарч хамгийн сайн цээжилсэн нэрт зохиолч Д.Нацагдоржийн намтрыг оросоор ярих даалгавар ирсэн.  Д.Нацагдоржийн намтрыг би сайн мэдэхээс гадна  орос хэл дээр ч сайтар  цээжилчихсэн байсан учир тэнцсэн. Дараа нь зөв бичих дүрмийн шалгалт өгч байлаа. Харин элсэлтийн шалгалтын дүн гарахад, би  сайн дүнтэйгээр Багшийн дээд сургуульдаа тэнцчихсэн байсан. ЭЕШ-даа бүдэрсэн хүүхдүүд  нутаг буцаж, харин би сонирхож явсан сургуульдаа элсэж чадсан.

-Оюутны анхны намар ямар байсан бэ.  Дурсамжаасаа хуваалцвал?

-Миний шалгуур ямар байхаас л оюутан болсон сэтгэгдэл тодорхойлогдох болов уу. Үнэхээр сайхан байсан. Сургуульд орчихлоо, багш болох нь гээд л. “Их сургуулийн босгоор алхахдаа хэн түүнийг эрдэм ухааны шилтгээн гэж бодохгүй байна, тэр алдар нэр горилогч мөн” гэж нэг сайхан үг байдаг даа. Түүнтэй нэгэн адил эрдмийн шилтгээнд орчихлоо гэж бодож байсан болохоор баяртай байлгүй яах вэ.  Намайг оюутан болж байхад хоёр сар ургац хураалтад оролцдог байсан юм. Наймдугаар сарын 11-ээс аравдугаар сарын 17 хүртэл  Батсүмбэрийн сангийн аж ахуйд ногоо хурааж билээ.

Тэр үеийн зун, намрын ажил олон талын ач холбогдолтой байсан. Хүнтэй харьцаж, танилын хүрээгээ тэлж, олноор өөрийгөө хүрээлүүлж сурдаг. Нөгөө талаар хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлдэг. Тэр дунд хамт олон бүрэлддэг юм. Намар,  зуны ажилд оролцож байж оюутан хүн юм үзэж, нүд тайлдаг, бас хатууждаг байж дээ. Сайхан байсан. Одооны оюутнуудыг муу гэж байгаа юм биш шүү. Нэг цаг үеийн шалгуураар нөгөө цаг үеийн хүмүүсийг шалгах  хэцүү. Миний оюутан байх тэр цаг үе их сайхан байж.

-Дээд сургуулиа төгсөөд та тэндээ багшаар үлджээ.  Тухайн үед хамгийн сайн оюутан л багшаар үлддэг байсан юм билээ. Одоо ч ийм байдаг шүү дээ. Энэ нь таныг хэр оюутан байсныг гэрчилж байна?

-1971 онд сургуулиа төгсөөд, багшаар үлдэж байлаа. Оюутан байхад надад сайхан завшаан тохиосон.  Их сургуулийн хоёрдугаар ангийн оюутан байхдаа Увс аймгийн Баядын аман аялгуу судлах экспедицэд багштайгаа хамт явж байв. Намайг эрт харсаных уу, эсвэл миний хичээл зүтгэл нөлөөлсөн үү, одоо хэлж мэдэхгүй юм. Тэгээд төгсөх үед Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Ж.Надмид багш маань  сургуульдаа үлдэж багшлах санал тавьж билээ. Тэр үед багшийн хоёр орон тоо байсан. Ингэж л 22 настай залуу багш ажлынхаа гарааг эхэлсэн дээ. Тэр үед надаас ах оюутнууд их байдаг байв.  Тэр цагаас хойш эдүгээг хүртэл 45 жил тасралтгүй багшилж байна.  

-Шинэхэн багшийн анхны хичээл ямар уур амьсгалтай болж өнгөрч байсан бол?

-Багш хүний хамгийн дурсгалтай нэгэн агшин юм даа. Анх багш болоод Эрдэнэсантын  сангийн аж ахуй руу  кино драм, монгол хэлний ангийн оюутнуудыг ахлан явж байсан юм. Тэр үед манай багт ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран  нарын алдартай жүжигчдээс гадна монгол хэл уран зохиолын ангийн оюутан, миний анхны шавь Ж.Санжаа,  Ё.Эрдэнэцэцэг нар багтаж байсан.

Тэднийг сангийн аж ахуй руу ахлаж явчихаад,  ирснийхээ дараа анхныхаа хичээлийг зааж байлаа.  Сангийн аж ахуй руу хамт явсан оюутнууддаа хичээл орсон болохоор ч тэр үү  уур амьсгал  их сайхан болж өнгөрсөн.  Тэр үед багш лекцээ урьдчилан  бэлтгэж ирээд  уншдаг байсан юм. Бэлтгэж ирээд уншихад төлөвлөсөн цагаас жаахан эрт дуусчихдаг байсан.

Үлдсэн цаг хугацааг өнгөрүүлнэ гэдэг бас том шалгуур шүү. Гэхдээ хүн алдаж байж л сурдаг. Анхны хичээл маш олон зүйлийг сургасан.  Лекцээ хэрхэн урьдчилан бэлтгэх, цагтаа багтааж ярих гэх мэт.  Багш болсон анхны жилээ лекцээ  урьдчилж бэлдчихээд уншдаг байсан бол түүнээс  хойш толгойдоо бэлддэг болсон. Одоо би хичээлдээ цаас авч ордоггүй юм. Цаас бариад орохоор цаасандаа найдчихдаг.

Тиймээс толгойдоо хийж аваад дуртай арга барилаараа заах нь багш хүнийг илүүтэй хөгжүүлж өгдөг юм болов уу гэж би боддог.  Цаасгүй орохын бас нэг давуу тал нь ямар ч хичээл дахин давтагддаггүй.  Ер нь багш хүн эхлээд өөрөө уншиж толгойгоо цэнэглэж байж лекцээ унших нь илүү ач холбогдолтой байдаг юм. Гэхдээ лекц уншихдаа төлөвлөгөө гаргаад хоорондоо уялдаа холбоотойгоор ярих шаардлага байдаг.

-Энэ жил МУБИС-ийн 65 жилийн түүхт ой тохиож байна. Таны хувьд  сургуулийнхаа 45 жилийн  түүхийг хамтдаа  бичилцжээ?

-МУБИС-ийг Монголын оюуны соёлын том уурхай гэж боддог. Монгол Улсын боловсролд оруулсан хувь нэмрээрээ бусад их, дээд сургуулиуд дундаа тэргүүн эгнээнд бичигдэнэ.  1942 онд байгуулагдсан анхны эрдмийн уурхай МУИС-ийг ч үгүйсгэж болохгүй.  МУБИС 1951 онд Багшийн институт нэртэйгээр анх байгуулагдаж, одоо 65 жил болж байна. 

65 жилийн настай энэ сургууль байгуулагдаад 10 гаруйхан жил болж байхад элсэж  амьдралаа холбосноос хойш  эдүгээ 50 гаруй жил болжээ. Багшийн их сургуулийн ахмад, дунд, залуу үеийнхний бүх төлөөлөгчтэй хамт ажиллаж байсан хүний хувьд  энэ сургуулийн үүх түүхийг цээжээрээ ярих хэмжээнд хүрсэн. Би сургуульдаа хайртай. Хайртай байхаас ч аргагүй.

Хүсэл сонирхлынхоо дагуу дурлаж элссэн,  хүссэн мэргэжлээ  эзэмшсэн,  эрдэм номын хишгийг хүртсэн хүн шүү дээ, би. Нөгөө талаар 45 жил өөрийн сурсан эрдмээ шавь нартаа  түгээж явна.  Боловсролын их сургууль байгаагүй бол Ц.Өнөрбаян гэж хүн өнөөдөр юу хийж, хэрхэн амьдарч  явах байсныг төсөөлөхөд бэрх. Энэ сургуулиас тусдаа амьдралаа, ялангуяа мэргэжлээ төсөөлөхөд үнэндээ түвэгтэй байдаг юм.  

Монгол Улсын 20, 21 дүгээр зууны эрдэм оюуны гурван том төвийн нэг нь МУБИС. Тодорхой хэлбэл, Судар бичгийн хүрээлэн буюу одоогийн Шинжлэх ухааны академи, МУИС, МУБИС бол эрдэм ухааны төв. Зөвхөн өөрийнхөө мэргэжлийг түшиж ярихад, дэлхийн монгол судлал, Монгол Улсын монгол судлалын гурван том төвийн нэг нь манай сургууль гэж  боддог. Ингэж хэлснээр бусад сургуулийг үгүйсгэж байгаа юм биш.

Ямар ч байсан багш бэлтгэдэг сургуулийн тэргүүн эгнээнд манай сургууль явдаг.  Монголын Боловсролын үнэлэмжийн сайныг ч, саарыг нь ч үүрэх эрхтэй сургууль.  Тиймээс  сургуулиараа бахархдаг.  Монгол Улсын Засгийн газар анхны Төрийн ордноо хүртэл сургууль болгож өгсөн нь ч гэсэн боловсролын салбарт хэрхэн анхаардаг байсны илэрхийлэл байх. Бидний сууж буй энэ танхим 1930 онд баригдсан Монгол Улсын анхны Төрийн ордон юм шүү дээ.

-Хэл шинжлэлийн ухааны доктор Ч.Чимэгбаатар таныг Монголын хэл шинжлэлийн сэтгэлгээг шинэтгэгч гэж тодорхойлсон байсан?

-Мэргэжил нэгтэй хэдий ч, миний гарын шавь биш атлаа Монгол хэл шинжлэлийн түүхийг бичдэг дунд үеийн эрдэмтдийн нэг Ч.Чимэгбаатар “Монголын хэл шинжлэлийн сэтгэлгээг шинэтгэгч эрдэмтэн Ц.Өнөрбаян” гэсэн ном бичсэн байсан.  Шинэтгэсэн гэдэг арай том нэршил болов уу. Миний бичсэн ном зохиолыг үзээд “шинэтгэгч” гэж үнэлсэн юм билээ. Сайхан ном бичсэн байхад нь арай дэндүүлчихсэн байна гэж хэлэх хэрэгтэй эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм.

-Та хэчнээн ном бүтээсэн бэ?

-Бие дааж, бусад эрдэмтэдтэй хамтарч  гаргасан ном сурах бичгийн тоо гэвэл 40 гаруй бий. Монгол хэлний сургалт судалгаатай холбоотой номууд голдуу бичдэг.  Мөн 100 шахам өгүүлэл бий. Өөрийн  уншиж буй лекцээ ч нэг ном гэж  боддог.

-Ажлын өрөөний тань ширээн дээр япон, англи, орос хэл дээрх хэл шинжлэлийн ном их байна.  Хэдэн орны хэлээр ярьж, уншдаг вэ?

-Би олон гадаад хэл мэддэг хүн биш. Хүнд  гадаад хэлний  хэрэгцээ  ямар байна, түүндээ тохируулж сурах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Орос хэлээр мэргэжлийн ном зохиолыг уншчихдаг. Өөрийнхөө төвшинд ярьчихдаг. 

Унгарт эрдмийн зэрэг хамгаалахдаа унгар хэлийг сурсан. Унгар хүнийг яаж гүйцэх вэ, гэхдээ тодорхой төвшинд ярьж, уншдаг. Орчуулга хийдэг. Харамсалтай нь унгар хэл их явцуу хүрээнд хэрэглэгддэг л дээ.  Англи хэлээр мэргэжлийн ном зохиолыг уншдаг.  Ямартай ч, хүн гуйхгүй өөрөө уншчихдаг л юм.

-Шавь нарын тоо хэд хүрч яваа бол. Гарын шавь бий юу?

-Шавь нараа тоолж үзээгүй юм байна. 1971 оноос хойш МУБИС-д  надаар хичээл заалгаж байсан болон  бусад улс орны шавь нар гээд  нийтэд нь тооцвол 10 мянга гарсан байх.  Бүх шавь л адилхан шүү дээ.  Надаас ном сонссон бүх л шавьдаа би хайртай. Алдартай шавь нар ч олон байна. СГЗ, Чингис хааны одонт Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, Л.Гантөмөр зэрэг ардын багш,  гавьяат ч олон бий.

Олон улсын Монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд зүтгэж яваа гадаадын Монгол судлалын төвүүдэд ажиллаж буй шавь нар олон байна. Унгар, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ-д миний шавь нар олон бий. Монгол хэлийг суръя гэсэн хүн бүрт өөрийн чадлынхаа хэрээр сургачих юмсан, сонсгочих юмсан гэж бодож явдаг даа.

-Нэгэн үе дунд сургуулийн багш нарын чадвар сул байна гэх шүүмжлэл нийгэмд газар авч байсан. Сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирч байгаа юм болов уу даа. Энэ тал дээр таны байр суурийг сонирхмоор байна?

-Би дээр дурьдсан. Нэг цаг үеийг нөгөө цаг үеийн шалгуураар дүгнэж болохгүй. 1940-1990-ээд оныг хүртэл эх хэлний сургалт академик маягийн хэлзүйд тулгуурласан, дүрэм заадаг сургалт байлаа.

Тэр үед эх хэлийг хэрэглээний төвшинд сайн эзэмшдэг байсан. Зөв бичгийн дүрмийн алдаа гаргадаггүй, хичээнгүй бичдэг байлаа.  Тэр үеийн ололт нь энэ. 1990-ээд оноос хойш дэлхийн боловсролын чиг хандлага руу ойртуулахын тулд хэрэглээний төвшинд хэлзүйд бус хэрэглээнд тулгуурласан сургалтын чанарыг сайжруулах талаар үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ирсэн. 

Сонин хэвлэлд гарсан үгийн алдааг хараад хүмүүс “Монгол хэлний сургалт мууджээ” гэж хэлдэг юм. Монгол хэлний сургалт муудахаас гадна, сургалтын орчин, сэтгэлгээ их өөрчлөгдсөн. Зөв бичихээсээ илүү зөв ярьж, бичиж, сонсох чадвар нь илүү хөгжсөн байдаг байх. 1990-ээд оноос хойш монголчуудын үндэсний сэтгэлгээ сэргэсэн. Эх хэл, соёлдоо хандах хандлага төр засгаас эхлээд жирийн иргэний тухайд ч харьцангуй сайжирсан.

Шүүмжилж л байвал аливаа зүйл илүү хөгждөг шүү дээ.  Төр засгаас эх хэлний боловсролд анхаарал хандуулж, 2003 онд Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг баталж байсанд баярлаж явдаг юм. Мөн монголчууд  бичиг соёлын өдөртэй болж, Үндэсний монгол бичгээ сэргээх хөдөлгөөн ч хүчтэй өрнөж байна. Улмаар Ерөнхий боловсролын бүх сургуульд монгол бичгээ заадаг болсон.  Монгол бичгийн орчин бүрдүүлэх талаар  төрөөс олон арга  хэмжээ  авч байна.

Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол бичгийн хэрэглээг бий болгохын тулд төрсний гэрчилгээ, диплом үнэмлэх, гадаадад явуулах албан бичгийг монгол бичгээр бичдэг болсон. Үүнийг  чухал алхам гэж боддог.  2015 онд УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан бидний эрдэмтэд ажлын хэсэгт нь багтаж, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг өөрчилж, Монгол хэлний тухай хууль гаргасан. Ер нь монгол хэл, бичигт анхаарал хандуулж яваа төр засаг, багш нартаа баярлаж явдаг юм.

Гэхдээ туйлширч болохгүй. Нэг бичгийг нөгөө бичгийн эсрэг тавьдаг, бичиг үсгэнд буруу өгдөг туйлширсан үзэл санаа  байдаг. Аль ч бичиг үсэг хүн төрөлхтний хөгжилд асар том гавьяа байгуулсан. Монголд үндэсний бичиг болтлоо дархлаажсан бичиг бол Монгол бичиг. Кирил бичиг нь Монголын ард түмнийг зуун хувь бичгийн боловсролтой болгосон. Гагцхүү ямар бичгийг албан ёсны бичиг болгохоо төр шийднэ.

-Сүүлийн үед янз бүрийн хэл хугалчих шахсан үг хэллэгүүд  гарах болжээ. Үүнийг дагаад  эх хэл маань мөхөж байна уу даа гэх хандлага аль хэдийнэ нийгэмд тарах болж. Энэ салбарт зүтгэж яваа хүний хувьд та ямар бодолтой байдаг вэ?

-Эх хэлэндээ  хайртай хүмүүс ингэж ярьдаг байх.  Зарим нь “Хэл бохирдлоо”, “Хэл мөхөх нь” гээд уйлах шахам ярьж л байдаг юм. Би арай өөдрөг үзэлтэй. Ямар ч хэл тухайн улс үндэстэн оршин тогтнох нэг дархлаа болж байдаг.  Тухайн үндэстний соёл, сэтгэлгээг тээж явдаг хүчирхэг зэвсэг шүү дээ. 

Монгол хэл хэдийд үүссэнийг тодорхойлоход түвэгтэй. Ямартай ч, тодорхой нэг цаг үед үүссэн. Тодорхой нэг үед мөхнө. Үүссэн юм мөхөх нь жам. Хүн төрөлхтөн дуусах үед хэл ч гэсэн мөхнө. Гэхдээ дэлхийд урт удаан настай мөхөх аюул нь хол хэл гэж бий. Хэрэглэгч олонтой хэл мөхөх аюул багатай. Тухайлбал, англи,  орос зэрэг хэлийг нэрлэж болно.  Түүнээс гадна хэрэглэгч цөөтэй ч, мөхөх аюулаас хол хэл гэж байдаг.

Монгол хэл хэрэглэгч цөөтэй. Албан ёсны бус мэдээгээр монгол хэлээр зургаан сая орчим хүн ярьдаг гэсэн тооцоо бий. Монгол угсаатан 10 гаруй сая байдаг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Монгол угсаатан бүр монгол хэлээрээ ярьдаггүй. Гэхдээ хэдэн зуун, эсвэл мянган хүн ярьдаг хэлийг бодвол монгол хэл харьцангуй гайгүй. Хэдий цөөн хэрэглэгчтэй ч монгол хэл мөхөх аюулаас хол хэлүүдийн нэг гэж би боддог. 

Монгол хэл мөхөх нь гэж айж балмагдаад байгаа хүмүүст би тайван байхыг зөвлөдөг юм. Тэд надаас яагаад гэж асуудаг.  Үүнд гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, бичгийн хэлээр баталгаажсан хэл мөхдөггүй. Монголчууд бичгийн хэлтэй шүү дээ. Өвөрмонголчууд монгол бичгээ хэрэглэж байгаа.

Манайхан бол кирил, монгол бичгээ хослон хэрэглэж байна. Бичиг үсэг үүссэнээр хэл мөхөх хурдыг сааруулсан гэж хэлж болно.  Хоёрдугаарт,  монгол хэл олон аман аялгууны өнгө төрхтэй. Халх, ойрад, буриад, өвөр гэсэн дөрвөн том аялгуутай. Ойрад гэхэд дөрвөд,  баяд,  урианхай, захчин, өөлд гэх мэт тус бүр дотроо хуваагдана. Том найрал хөгжим мэт маш олон аялгуутай.

Тэр аялгуунууд устаж, жижигрэн нэг аялгуунд  шингэхэд магадгүй хэл мөхнө. Тиймээс аялгуугаа хамгаалах хэрэгтэй. Гурав дахь шалтгаан нь дэлхийн бүх хэлэнд байдаг элемент монгол хэлэнд байдаг юм.  Харь хэлний нөлөөнд автаж монгол хэл мөхөх магадлал тун бага. Гэхдээ харь хэлнээс үг авахдаа монголжуулж авах хэрэгтэй. Хятадаас авсан үй түмэн үг байна шүү дээ. Монгол нэртэй хоол тун цөөн. Ихэнх нь Хятадаас авсан байдаг.  Жишээ нь, байцаа, лууван, бууз, хуушуур гэдэг үгийг хятад хүнд хэлбэл ойлгохгүй.  Өөрийнх нь үг шүү дээ. Энэ бол харь үгийг  монголчилж авсны нэгээхэн жишээ. Ийм арга аливаа хэлэнд маш чухал.

-Монгол судлалын төвөөс сургуулийн ойтой холбоотойгоор олон улсын чанартай томоохон эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байсан?

-Миний өдийг хүртэл хийсэн бүхий л зүтгэл минь Монгол судлалтай холбоотой байдаг. Монгол судлалын төвийг байгуулснаас хойш олон улсын эрдэм шинжилгээний гурван ч том хурлыг зохион байгуулсан байна.  Гадаадын монголч эрдэмтэдтэй хамтраад эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлүүлсэн. Сургуулийн болон улсын төсөлт ажил хэд хэдийг гүйцэтгэсэн байна.   МУБИС-ийн Монгол судлалын төв гэх нэр хүндийг хэвээр хадгалахын төлөө зүтгэж явна. Гайгүй ажиллаж байгаа болов уу гэж дүгнэж байгаа.  Эрүүл мэнд гайгүй бол багшлахын зэрэгцээ Монгол судлалын их үйлсдээ хүчин зүтгэнэ гэж боддог өөдрөг үзэлтэй хүн дээ, би.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Би өдий зэрэгтэй яваад гэр бүлийнхний маань ач тус их шүү дээ. Миний ажил үйлсийг дэмжиж үр хүүхдийг минь өсгөн хүмүүжүүлж яваа эхнэртээ баярлаж явдаг. Намайг өнгөтэй өөдтэй, өдий зэрэгтэй авч яваа хүн бол миний эхнэр. Манайх хоёр хүүхэдтэй. Хоёулаа дээд боловсролтой. Ач нартаа хайртай жирийн л нэг сэхээтэн хүн дээ.

-Таны мэргэжлийг өвлөсөн хүүхэд  байна уу, танайд?

-Одоогоор миний мэргэжлийг өвлөсөн хүн алга байна. Ач нараас хэн  нэг нь өвлөх байх  гэж найдаж суугаа шүү.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.