Борооны ус зайлуулах шугам сүлжээгүй барилгыг зохицуулах хуулийн төсөл өргөн барилаа

Борооны ус зайлуулах шугам сүлжээгүй барилгыг зохицуулах хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Баделхан, Х.Булгантуяа нар өнөөдөр (2021.07.05) Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.
 
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 оны аравдугаар сарын 6-ны өдөр 7 бүлэг, 24 зүйл, 188 заалттайгаар баталсан бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд 80 заалт нь хэрэгжиж байгаа, үлдсэн 108 заалтын 40 гаруй хувь нь хэрэгжилт хангалтгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
 
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг нарийвчлах; хот, суурин газар дахь гэр хорооллын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй өрхүүд, хөдөөгийн хүн амын ариун цэврийн байгууламжийн ашиглалт, түүнчлэн лагийг зөөвөрлөх, байгальд эргүүлэн нийлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах; эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжийг мэргэжлийн байгууллагад хариуцуулах; цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулах, үйлдвэрийн технологийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээнээс гарч буй бохирдол ихтэй усыг урьдчилан цэвэрлэсний дараа ариутгах татуургын шугам сүлжээнд нийлүүлэх харилцааг боловсронгуй болгох, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагыг үндэслэн төслийг боловсруулсан байна.
 
Мөн ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зөрчил олон гарах болсонтой холбогдуулан ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, энэ чиглэлийн зохицуулалтыг тодорхой болгох шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Баделхан, Х.Булгантуяа нар үзжээ.
 
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутгийн захиргааны байгууллагын ус хангамж, ариутгах татуургын талаарх хууль зүйн зарим зохицуулалт тодорхой болж хуулийн хэрэгжилт хангагдах ач холбогдолтой. Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулснаар хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, баталгаат ариун цэврийн байгууламжаар хангагдах нөхцөлийг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй хүргэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах зэрэг үндсэн эрхийн баталгаа сайжирна хэмээн үзсэн байна.
 
skip-share
Мөн цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах нэгдсэн зохицуулалттай болох аж.
 
Цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус, лагийн менежментийг зохицуулах хууль эрх зүйн үндэслэлийг бий болгож, цэвэрлэсэн усыг дахин ашиглах, хаягдал ус, лагийн норм стандартыг боловсронгуй болгосноор байгаль орчин болон хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрх хангагдана.
 
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон үйлдвэрийн хэрэглээнээс гарсан олон нийтэд халдварт өвчин, цар тахал тараах аюултай хаягдал бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэхээс өмнө урьдчилан цэвэрлэх, аюулгүй болгох зохицуулалт оруулснаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурч, нийтийг хамарсан цар тахлын үед тухайн өвчний тархах нөхцөлийг хязгаарлана.
 
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсноор бие даасан хараат бус байдал хангагдаж, маргаантай харилцааг зохицуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
 
Түүнчлэн хөрсний болон борооны ус зайлуулах шугам сүлжээгүй барилга барьсан, зам тавьсан этгээдүүдтэй холбоотой тодорхой шаардлага бүхий зохицуулалтыг бий болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.
 
Ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх зардлын бодит өөрчлөлтөөс хамааран тарифыг индексжүүлснээр ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн хэрэглээний усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх боломж бүрдэх юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.