З.Энхтөр: Аймгийн шүүх АН-ын талд үйлчилсэн шийдвэр гаргаж байгаа

З.Энхтөр: Аймгийн шүүх АН-ын талд үйлчилсэн шийдвэр гаргаж байгаа

Сүхбаатар аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж буй З.Энхтөртэй ярилцлаа.

-Танай аймагт сонгуулийн маргаантай асуудал үүсчихээд байгаа. Тийм болохоор таныг хууль ёсны Засаг дарга гэж ойлгож болох уу?

-Бид хуулийнхаа дагуу сонгуулийн дүн гарснаас хойш 20 хоногийн дотор буюу долдугаар сарын 19-нд анхны хурлаа хийсэн. Энэ хурлаар аймгийн Засаг дарга болон ИХ-ын даргыг өргөн мэдүүлэх гэх мэт хэд хэдэн асуудлыг шийдсэн. Улмаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, би аймгийн Засаг даргаар томилогдсон. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу л ажлаа хийж байна. Гэтэл аймгийн АН-ынхан хуралдаандаа ирж оролцоогүй. Аймгийн Сонгуулийн хорооноос анхны хуралдааныг гацаах оролдлого хийсэн.  Гэсэн ч бид хурлаа хуулийн хугацаанд нь хийж чадсан. Түүний дараа АН-ынхан аймгийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхны шатны шүүхээр анхны хуралдааны үеэр гаргасан зургаан тогтоолыг хүчингүйд тооцсон.

Наймдугаар сарын 16-ны өдөр гарсан шийдвэр. Хуулийн хугацаагаараа 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй захирамж байгаа. Манай намын хувьд энэ асуудалд нухацтай хандаж, хууль өмгөөлөгч нар маань ажиллаж байна. Хуулийнхаа хугацаанд нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандана. Анхан шатны шүүхийн шийдвэр бол эцсийн “зогсоол” биш шүү дээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр яаж гарахыг бид мэдэхгүй. Шүүхийн процесс одоо үргэлжилж байна.

Ямар ч байсан бид хуулийнхаа дагуу хурлаа хийгээд, шийдвэрээ гаргасан учраас ажлаа хийгээд л явж байгаа. Аймгийн сонгуулийн хорооноос есдүгээр сарын 25-нд дахин сонгууль хийхээр тов зарлачихсан. Дарьганга сумын нэг мандат дээр маргаан өрнөөд байгаа юм. Аль аль нам нэр дэвшигчээ тодруулчихсан, сонгуулийн бэлтгэл ажилдаа орчихоод явж байна. Есдүгээр сарын 25-ныг хүртэл энэ шүүхийн процесс ч үргэлжлэх байх. Гэхдээ товлосон хугацаандаа хэрвээ сонгууль болох юм бол хайнаа хагална гэдэг шиг аль нам ялалт байгуулах нь тодорхой болно.

-Аль нам нь 17 дахь суудлыг авах вэ гэдэг нь дахин сонгуулиар шийдэгдэх нь байна шүү дээ?

-Ерөөсөө л тийм. Уг нь сонгуулийн үр дүн анх гарахад манайх 17, АН 16 суудалтай байсан юм. Гэтэл Дарьганга сумын гуравдугаар тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчийг хоёр шатны шүүхийн шийдвэрээр хууль зөрчсөн гэж үзсэн. Түүнийг нь үндэслээд аймгийн Сонгуулийн хороо нэрийг нь татчихсан.  Гэхдээ Сонгуулийн хороо манай төлөөлөгчийн нэрийг татсан, дахин сонгууль зарласан асуудлаар бид бас шүүхэд хандсан. Анхны шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоо давж заалдах шатандаа явж байна. Аль аль талдаа л шүүхийн асуудалтай байгаа.

Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй. Харамсалтай нь АН-ынхан эцсийн шийдвэр гарсан мэтээр нийгэмд буруу мэдээлэл тарааж байна. Шүүхийн шийдвэр гарчихсан, Засаг даргын томилгоо, аймгийн ИХ хууль бус гэсэн асуудал ярьж байгаа. Уг нь энэ мэтээр худал мэдээлэл тараалгүй, хүлээцтэй л байх ёстой юм. Шүүхийн эцсийн шатны шийдвэр гараагүй байна шүү дээ. Зөвхөн анхны шатны шүүхийн л шийдвэр. Гэхдээ бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээж авч байгаа. Цаашлаад давах шатны болоод дээд шүүхийн шийдвэр гарч байж л асуудал шийдэгдэнэ.

-Шүүх ямар үндэслэлээр танай төлөөлөгчийг хууль зөрчсөн гэж үзсэн юм бэ?

-АН-ынхны гомдлын дагуу л хэрэг үүсгэсэн. Манай төлөөлөгч н.Болдбаатарын хувьд Сонгуулийн хуулийг айхтар ноцтой зөрчиж, нэр татах хэмжээний асуудал гаргасан гэж бид үзэхгүй байгаа. Энэ талаараа шүүхэд гомдол, тайлбараа хангалттай өгсөн. Харин шүүх илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж бид үзэж байгаа. Сүхбаатар аймагт сүүлийн найман жил АН засагласан. Энэ утгаараа орон нутгийн хууль, шүүхийн байгууллагууд ерөнхийдөө АН-ын талд үйлчилсэн шийдвэр гаргаж байгаа нь сонгуулийн үеэр анзаарагдаж байсан.

Сонгуулийн дараа ч гэсэн шүүхийн шатанд АН-ын гомдол саналыг илүү авч үзэж, шийдсэн байдал ажиглагдсан. Гэтэл манай намын зүгээс сонгуулийн үеэр ч, түүнээс хойш ч гэсэн 10 гаруй асуудлаар шүүхэд хандсан. Анхан шатны 10 гаруй, давах шатны 10-аад, нийтдээ 20, 30 шүүх хурал болоход  бүгд л манай намын эсрэг шийдвэр гаргасан.  Манай нам шүүх дээр ганц ч асуудалд орон нутагт ялалт байгуулж чадаагүй. Харин Захиргааны хэргийн давах шатны ганц шүүх хурал Улаанбаатар хотод болсон.

-Хэрвээ шүүхийн шийдвэр гардгаараа гараад, дахин сонгууль болдгоороо болж, АН-ын нэр дэвшигч ялчихвал нөхцөл байдал 360 градус эргэх нь. Энэ нөхцөл байдлыг л АН-ынхан ярьж, танай намынхныг яаран томилгоо хийлээ гэж буруутгаад байгаа юм биш үү?

-Төрийн ажил явдгаараа л явах ёстой. Аль ч улс төрийн хүчин ялсан байг хамаагүй. Тэр утгаараа төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмынхаа дагуу л явж байна. Байдал хаашаа ч эргэж болно. Сонгууль бол сонгууль. Гэхдээ аль нь ч олонхи болсон хуулийнхаа дагуу хуралдаад, асуудлаа шийдээд явах ёстой. Бид сонгуулийг хүлээгээд ажлаа цалгардуулж болохгүй шүү дээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлаас авахуулаад хийх ажил их байна. Тэр бүхэн цаг хугацаандаа хийгдээд явах ёстой.

Тэр ч утгаараа бид хийх ёстой ажлаа хийгээд, асуудлаа зохицуулаад л явж байна. Цаашид сонгуулийн үр дүн нэг талдаа гараад, шинээр төлөөлөгч сонгогдоод ирэхээр  хуулийнхаа дагуу л ажиллана. Гэхдээ түүнийг хүлээгээд хоёр талд гэдийж суух цаг зав бидэнд байхгүй. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Тэр утгаараа бид хуулийнхаа хүрээнд хурлаа хийгээд, Засаг даргаа томилоод л явсан. Нөгөө талаар аймгийн шүүхийн шийдвэрүүд, АН-ын үүсгэсэн маргаанаас болоод н.Болдбаатар гэдэг залуу бүхэл бүтэн зургаан жил сонгуульд өрсөлдөх, төрийн алба хаших эрхгүй болсон. Нэг хүний бүхэл бүтэн зургаан жилийн амьдралыг үгүй хийж байна. Дээрээс нь дахин сонгуулийн зардлыг гаргана гэдэг санхүү талаасаа хохиролтой шүү дээ.

Ийм л нэг талыг барьсан шийдвэрийг шүүх гаргасан бид гомдолтой байгаа. Тийм болохоор бид хандаж болох бүхий л газарт хандсан. Яагаад гэвэл энэ чинь хүний эрхийн асуудал. Нэг хүний амьдралыг хэсэг бүлэг хүний даалгаваар бусниулж болохгүй ээ. Нэгэнт ард түмэн сонголтоо хийчихсэн байсан. Тэр сонголтыг хүндэтгэх ёстой. Энэ үүднээс нь хандаж, бид бүх шатны байгууллагад гомдлоо гаргаад явж байгаа.

-Сургууль, цэцэрлэг цуглахаас эхлээд намрын ид ажлын үе тулчихаад байна. Ийм үед аймгийн ИХ хэвийн хуралдаж чадахгүй байгаа юм байна шүү дээ?

-Анхны хуралдаанаа хийснээс хойш аймгийн ИХ ганц удаа хуралдаж чадаагүй байгаа. Манай нам 17 төлөөлөгчтэй анхны хуралдаанаа хийсэн. Түүнээс хойш нэг төлөөлөгчийн нэрийг нь татчихсан. Одоо шүүхийн процессийг хүлээсэн л байдалтай байна. ИХ хоёр дахь хуралдаанаа хийх боломж ч үгүй л байгаа. Засаг даргын зүгээс аймгийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын өвөлжилтийн бэлтгэл, шинэ хичээлийн жил эхлэх, цаашлаад хадлан тэжээл бэлтгэх, халаалт дулааны бэлэн байдлыг хангах асуудлаар цаг хугацаатай ажлуудаа хийгээд явж байна.

Ер нь хурал ном нь эв зүйдээ орж, маргаан нь нэг талдаа гарч, хурдан шийдэгдэж, аймаг орон нь нэгдсэн удирдлагатай болохгүй л бол олон хүмүүс ажилдаа хойрго хандсан байдалтай л байна. Дахин сонгууль болохыг хүлээгээд, улстөржөөд л байгаад байгаа. Энэ бол ажил урагшлахад тээг болж байна. Тийм болохоор хурдхан дахин сонгуулиа хийгээд, нэг талдаа гараад явчихсан нь шулуухан гэж санагдаж байгаа.

-Аль ч нам нь ялсан үнэмлэхүй олонхи болж чадахгүй шүү дээ. 16, 17 гэдэг чинь нэг л төлөөлөгчөөр илүү. Тийм болохоор дахин сонгуулийн үр дүн гарлаа гэж бодоход ямар байдлаар ажиллах юм бэ. Хоёр нам зөвшилцөх үү?

-Янз бүрийн л санал гарч байгаа. Бид нэг нутгийн хүмүүс. Нэг л орон нутгийн хөгжлийн төлөө, ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татъя гэсэн зорилготой гэж ойлгож байгаа. Тийм болохоор зөв ойлголцоод, хэл үгээ ололцох хүсэл ч, шаардлага ч байна. Одоохондоо бол аль аль талаасаа тодорхой санал санаачилга гаргасан юм алга. АН-ын зүгээс бүхий л асуудлаар шүүхэд хандсан, маргаан мэтгэлцээн үүсгэсэн. Нөгөө талаар нийгмийн сүлжээгээр хар пиарын чиглэлийн мэдээлэл цацсан, нэгнийгээ үгүйсгэсэн байдалтай байгаа учраас хамтаръя гэсэн санал тавихад төвөгтэй байна. Тийм болохоор шүүхийн шийдвэр эцэслэж гартал хүлээе. Дахин сонгуулийн үр дүнг харъя. Түүний дараа хэл амаа ололцоод ажиллах байх гэж хүлээгээд л байж байна.

-Нэгэнт 32 төлөөлөгч бүрдчихсэн юм чинь хурлаа саадгүй хийх л ёстой баймаар санагдах юм. Энэ тал дээр танай намын зүгээс АН-ынханд санал хүргүүлсэн үү. Маргаан яаж ч шийдэгдэж болно, тэрийг хүлээлгүй хурлаа хийж л байя гэх маягаар?

-Долдугаар сарын 19-нд анхны хуралдаан болоход АН-ын 16 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Миний ойлгож байгаагаар 33 төлөөлөгчийн бүрэн эрх баталгаажсан. Уг нь н.Болдбаатар гэдэг төлөөлөгчийн бүрэн эрх нэгэнт баталгаажсан байсан болохоор Сонгуулийн хороо нэрийг шууд татах биш хурал өөрөө шийдэх ёстой байлаа. Тэгэхээр энэ бол хурлын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж бид аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Харамсалтай нь манай гомдлыг хүлээж аваагүй.

Одоо бид Захиргааны хэргийн давах шатны шүүхэд хандчихсан байгаа. Тэртэй тэргүй анхны хурал хуулийн дагуу болоход манай нам 17 төлөөлөгчтэй байсан. Тэгэхээр хурлын шийдвэрийг хууль бус гэж үзэхэд хэцүү. Өнөөдөр эв зүйгээ олоод хуралдая гэвэл нээлттэй л байгаа. Харамсалтай нь хоёр намынхан хоёр тийшээ харчихаад л, эцсийн шийдвэр хүлээсэн байдалтай байна даа.

-Бичин жилийн өвөл хатуухан болно гээд яриад байгаа. Сүхбаатар аймагт зуншлага хэр байв. Өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхэлж байна уу. Өвөл та бүхний маргааныг хүлээхгүй шүү дээ?

-Сонгуульд хэн нь ялна уу, хэн нь засаг барьж байна, шүүхийн шийдвэр яаж гарах вэ гэдгийг огт тоохгүйгээр ирж байгаа зүйл чинь өвөл. Тэр дундаа манай аймгийн хувьд жаахан гандуу байгаа. Цаашлаад өвс бэлчээр гайгүй байдаг Эрдэнэцагаан  сум орчим буюу отрын бүс нутгаар түймэр гарчихсан. Тийм болохоор хадлан бэлтгэх асуудал нэлээд хүндэрч байна. Манай аймгийн нутагт Хятадууд орж ирж, хадлан авдаг. Өмнөх удирдлагын үед хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу Хятадаас хадлангийн бригад орж ирж өвс хадаж байсан.

Эрдэнцагаан сумын удирдлагууд гэхэд Хятадуудад өвс хадах зөвшөөрөл өгчихсөн байсныг бид сая ажлын хэсэг гаргаж, шалгуулаад, хадлангийн асуудлыг цэгцэллээ. Өмнөд хөрш руу өвс гаргахаар олон га газарт хадлан хадаж байсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, цэгцэнд нь оруулж байгаа. Харин орон нутгийнхаа нөөцөд өвс бэлтгэж, хадлан хадаж байгаа малчдын бүлгэм, хоршоодын үйл ажиллагааг хэвээр үлдээсэн. Бичин жилийн өвөл хүндэрч магадгүй гэсэн малчдын яриа, цаг агаарын прогноз ч  байгаа.

Зундаа нэлээд халлаа. Түүний нөлөөгөөр аймгийн урд талын сумдаар өвс хатаж, бүр цайрчихсан байдалтай байна. Тийм болохоор өвөл нутаг бэлчээрээ яаж ашиглах уу. Отрын нутгаа яаж авч үлдэх үү. Аль аль сумаасаа хаашаа отор нүүдэл хий вэ гэх зэргээр бэлчээр ашиглах хар зураг гаргаж, төлөвлөж ажиллахгүй бол болохгүй нь.  Цаг хатуурдаг, зуд болдог,  аймаг даяараа хамаг өвсөө хадчихсан  сууж байвал хэцүүднэ биз дээ.

-Хэчнээн сум гандуу байна?

-Ерөнхийдөө аймгийн нийт нутгийн 60-70 хувь нь гандуу байна. Наадмын өмнө бороо хур гайгүйтэй, зуншлага сайхан болж ирсэн. Гэвч долдугаар сараас хойш бороо орсонгүй.  Мөн долдугаар сарын сүүлийн 10 гаруй хоногийн хэт халалт нөлөөлж, гандчихлаа. Тийм болохоор аймгийн удирдлагын зүгээс хадлан тэжээлийн асуудалд нэлээд анхаарч байгаа. Бэлчээр нутгаа зөв зохистой ашиглах, нөөцлөх тал дээр ч сум, орон нутгийн удирдлагуудад зөвлөмж өгч ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн албан даалгавар гаргасан. Сум бүрт хадлан тэжээлийн нөөц бэлтгэх даалгавар өгч, хэмжээг нь тогтоож өгсөн.

-Аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл төлөвлөсөн хугацаандаа явж байгаа юу. Халаалт, дулаанаас авахуулаад олон ажил бий шүү дээ?

-Баруун-Урт хотод өвөлжилтийн бэлтгэл тааруу хийгдсэн. Эсвэл цаг хугацаандаа ажил нь дуусаагүй тохиолдол нэлээд байсан. Миний хувьд Засаг даргаар томилогдоод сар л болж байна. Энэ хугацаанд өвөлжилтийн бэлтгэлийг яаралтай базаах талаас нь ажиллаж байна. Ер нь аймаг ширхэг нүүрсгүй, санхүүгийн хувьд. Аймгийн хэмжээнд хөрөнгө санхүү их муу, тэрбум орчим төгрөгийн төсвийн орлогын тасалдалтай. Аймгийг ус, дулаанаар хангадаг “Дөрвөлж” гэдэг компани нь 1.8 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Тийм учраас өвөлжилтийн бэлтгэл хангаагүй. Хийх ёстой засвар үйлчилгээгээ цаг хугацаандаа хийгээгүй байсан.

Тиймээс ажлын хэсэг гаргаад, шуурхай ажиллаж байна. Тэгэхгүй бол өвөл хаяанд ирж байна. Есдүгээр сарын 15 гээд халаалт, дулааны бэлтгэл хамрагдаж аравдугаар сарын 1-нээс халаалт эхэлнэ. Тэр үед өвөлд бэлэн биш байх нь байна шүү дээ. Тийм болохоор онцгой анхаарч ажиллаж байна. Компаниудтай шинэчилж гэрээ байгуулж, нүүрсээ татахаар болсон. Тэгэхгүй болохоор нүүрсний компаниудад өртэй болчихсон. Тийм болохоор нүүрсээ өгөхгүй гэсэн байдалтай байсан. Энэ бүхнийг зохицуулаад ажиллаж байна. Сангийн яамнаас авахуулаад хандаж болох бүх байгууллагад хандаж байгаа. Төсвийн тодотголын дараа асуудлууд шийдэгдэх байх.  

-Засаг солигдсон учраас бүтцийн өөрчлөлт орж байх шиг байна. Танай аймгийн хувьд бүтцийн өөрчлөлт хийж байна уу?

-Би ажлаа хүлээж аваад хэлсэн. Халаа сэлгээ хийж, бужигнуулахгүй. Төрийн болон төрийн мэргэшсэн албан хаагчдын ажлыг хөндөх­гүй. Хамгийн гол нь хүн бүр улстөржилгүйгээр, хуулийнхаа хүрээнд ажлаа хий л гэсэн шаардлага тавьж байгаа. Одоогоор би олон хүн халж сольсон юм байхгүй. Засаг даргын орлогч энэ тэр гээд цөөн хэдэн томилгоо л хийсэн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.