МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай улс төрийн хүрээнд өрнөж буй асуудлаар ярилцлаа.
-Монголчууд намаржингаа улстөржиж бужигналаа. Хүүхдүүд тоглоомоо булаалдан тэрүүхэндээ сүйд болдог шиг л. Засгийн газраа огцрууллаа, шинээр байгууллаа. МАХН энэ бүхэн бидэнд хамаагүй гэх шиг хөдөө, орон нутагт ажиллаж, “Баярлалаа” арга хэмжээг зохион байгуулаад л?
-Манай нам өнгөрсөн Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар чамлахааргүй амжилтыг үзүүлсэн. Үнэн хэрэгтээ бид ялсан. Хагас сая орчим сонгогч МАХН-аас нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатарын төлөө саналаа өгснийг та бүхэн мэдэж байгаа. Санал хураалтын дүнг нэгтгэж байх агшинд шөнө дөлөөр интернэт, гэрэл цахилгааныг удаа дараа тасалж шогтоогүйсэн бол сонгуулийн үр дүн өөр гарах байсан. Харамсалтай нь бид энэ бүх шалтгааны улмаас амжилтаа бататгаж чадаагүй. Тэглээ гээд урвайж суух эрх бидэнд байхгүй. Хагас сая хүн МАХН-д итгэж, энэ их мөнгө, эрх мэдлийн эсрэг зоригтойгоор зогсч, С.Ганбаатарыг дэмжсэн шүү дээ. Энэ хүмүүстээ хандаж баярлалаа гэж хэлэх ёстой. Энэ үүднээс “Баялалаа” гэдэг аяныг ялалт байгуулсан арван хоёр аймаг, нийслэлийн нэг дүүрэгт зохион байгууллаа. Манайх 10 аймагт илт давуу ялж, хоёр аймагт/ 20-30 хүний зөрүүтэй байж, хоёрдугаар байрт орж байв/ бараг л ялалт байгуулах дөхсөн юм. Бид ард түмэндээ гар хоосон очоогүй. Үндсэн хуулийн шинэ төслөө иргэд сонгогчиддоо танилцуулахын зэрэгцээ тэднийхээ үгийг сонсч явлаа.Шулуухан хэлэхэд, эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хууль бол өнөөдрийн болж бүтэхгүй байгаа бүхний суурь нь болсон хэмээн МАХН үзэж байгаа. Мөн Үндсэн хуульд зөв зүйтэй бичигдсэн атлаа аль хэдийнэ хэрэгжихээ больсон, зарчмаасаа гуйвсан, үр нөлөөгүй болсон заалтууд ч хэд хэд бий. Энэ бүхнийг засч залруулах ёстой биз дээ. Нөгөөтэйгүүр, ард түмэн нэг намыг, нэг хүнийг нөгөөгөөр солихыг олонтоо үзлээ, харлаа. Өнөөдөр ч ялгаагүй. Эрх барьж буй нам маань нэг хүнээ нөгөөгөөр л солилоо. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгддөггүйтэй адил эцсийн үр дүн нь адилхан байх вий. Улс орны нөхцөл байдал алга хөрвүүлэхийн адил өөрчлөгдөж шинэчлэгдэнэ гэдэг юу л бол. МАН засгийн эрхийг аваад хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Ард түмэн нь ядуу тарчиг, айл бүхэн нь шахуу банкны болоод банк бус санхүүгийн байгууллагад их, бага хэмжээний зээлтэй, боловсрол нь чанаргүй, эмнэлгийн төлбөр нь үнэтэй, байгалийн баялгийг ард түмэн бус хэдхэн аж ахуйн нэгж хувааж идсэн хэвээрээ л байна шүү дээ. Үүнийг зоригтойгоор өөрчлөх аавын хүү өнөөдрийн эрх баригчид дунд алга л байна. Тиймээс манай нам ирэх УИХ-ын сонгууль хүртэл өөрсдийн боловсруулсан Үндсэн хуулийн шинэ төслөө бүх ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Иргэд маш сайхан хүлээн авч байна. Аймаг, сумын төвийн Соёлын төвийн зааланд цугласан хүмүүс багталцахгүйд хүрч залуучууд нь цонхны тавцан , шатан дээр суугаад ч болов бидний үгийг тэсвэртэйгээр, бас баяртайгаар сонсч байна. Энэ нь ард түмэн МАХН-д итгэл хүлээлгэж болох юм байна, эд хамгийн үнэн үгийг хэлж байна, ирэх сонгуульд МАХН-ыг дэмжих ёстой юм байна гэсэн үзэл бодлынх нь илэрхийлэл болов уу. Намын дарга Н.Энхбаярт олон зуун хүн жаргал зовлонгоо ярьж, гарах гарц нь юу болохыг хэлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байгааг бид хардаг. Ер нь Монголын ард түмэнд шийдвэл зохих асуудал их бий. Амьдрал ийм байхад бидэнд амрах эрх байхгүй. МАХН ард түмнээ ядуурлаас ангижиртал амрах эрхгүй. Өнөөдөр МАХН-д эрх мэдэл байхгүй ч ард түмнийхээ дунд байж, тэднийхээ жаргал зовлонгоос хуваалцахаа үүргээ гэж үзэж буй. Бидэнд хийхээр төлөвлөсөн болон эхлүүлсэн, санаачилсан ажил олон бий.
- Уг нь асуудал маш тодорхой шүү дээ. Улс төрийн зорилгоор, шулуухан хэлэхэд, тагнуулын байгууллага өөрөө зохион байгуулсан гэмт хэрэг гэж би хувьдаа сэжиглэдэг. Санаандгүй гэж байгаа ч төрийн эрхийг хууль бусаар авах нэг арга зам нь өөрөө ийм байдаг юм. Цэргийн эргэлтийн нэг хэлбэр гэж томъёолж ч болох талтай. СЕХ болон Хууль хүчний байгууллагуудын улаан цагаандаа гарсан энэ явуулга сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн. Өмнөх шүүхийн шийдвэр С.Ганбаатрын нэрийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах гэсэн утгатай гарсан. Энэ шүүхийн шийдвэр буцсаныг та бүхэн мэдэж байгаа. Түүгээрээ асуудлыг шийдсэн бол СЕХ дахин сонгууль зарлах нөхцөл байдал үүсэх байлаа. Гуравхан нэр дэвшигчийн нэг нь сонгууль дууссаны дараа татагдана гэхээр тухайн сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд, сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлөх хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой юм. Гол буцаасан үндэслэл нь шүүх хуралд тэр хандив мөнгө өгсөн гэж мэдүүлээд байгаа хоёр нөхрийг оролцуулах шаардлага тавьса асуудал. Тэр этгээдүүд маш ноцтой мэдүүлэг өгчихөөд маргааш нь Монгол Улсаас гараад явчихсан байгаа юм. Хэзээ нэгэн цагт энэ хэрэг дахин сөхөгдөж, цаад эзэн холбогдогч нь тогтоогдох нь гарцаагүй. Төрийн эрхийг авахын тулд хэн нь захиалж, хэнд ямар ашиг сонирхол байсан нь ч тогтоогдоно. Үнэнийг шүүх цаг ирнэ. Тийм учраас тэр хоёр нөхрийг байлгаж байгаад шүүх хурлаа хийх ёстой.
- Ийм шаардлагыг шүүх тавьж байгаа хэрэг үү, эвсэл МАХН шүүхэд тавиад байгаа юм уу?
-Бид тэр хүмүүсийг олж ирэхийг шаардаад байгаа юм. Энэ асуудал дэгдсэнээс болж манай намд сонгуулийнхаа сурталчилгааг хийх асуудал хаалттай болж ирсэн. СЕХ маш шуурхай байн байна мэдээлэл хийж, хүчний байгууллагууд машинтай дагаж, уулзалтуудыг цагдаа нар хүчээр тарааж, нэр дэвшигчийг маань баривчилна, одоо ачаад явлаа хэмээн сүрдүүлж худлаа сенсаацийг тарааж эхэлсэн. Тийм цуурхал, гүтгэлэг гараагүйсэн бол нэр дэвшигч С.Ганбаатар 1800 хүний саналаар ялагдахгүй байсан. Монгол Улс төрийнхөө тэргүүнийг иймэрхүү уур амьсгал, улс төрийн нөхцөл дор сонгосон шүү дээ, үнэнийг хэлэхэд. Энэ бол маш ноцтой асуудал. Иймэрхүү бохир зүйл цаашид байдаг л үзэгдэл болох вий гэхээс бид эмээж байна. Улс төрийн захиалга биш байсан л юм бол шүүх хурал дээр түүнийгээ хэлэх ёстой байхгүй юу. Юу болсныг ярих хэрэгтэй. Ийм шинжийн хорлон сүйтгэх ажиллагааг олон улсад эдийн засгийн алуурчид гэж нэрлэдэг бөгөөд хүмүүс нэг нэгний захиалгаар зохион байгуулдаг. Монгол Улс руу энэ үзэгдэл, хорлон сүйтгэх ажиллагаа орж ирж байгаа бол аюултай. Дээр нь нэмж хэлэхэд, шүүх, цагдаагийн байгууллага улс төржиж, эрх барьж байгаа намын захиалгаар алив сонгуульд хөндлөнгөөс оролцдогоо болих хэрэгтэй. АН засгийн эрхийг барьж байх үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд шүүх, цагдаагийн байгууллага түүнтэй ойр дотно байдаг хүмүүсийг хичнээн оролдов. Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ замаар явсан. У.Хүрэлсүхийн ойр тойрны хүмүүсийг саяхан яав. Яаж түүгээр даажигнав. Зохиомол хэрэг үүсгэчихээд бараг л баривчлах дээрээ тулж байлаа. Зохиомол тавилттай жүжигт хүчний байгууллага оролцоно гэдэг цаад утгаараа улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд дахиж өндийхгүйгээр унагана гэсэн үг. Энэ байдал хэвээр үргэлжлэх аваас Монгол Улс ардчилсан гэх нэр зүүх хэрэггүй. Хууль хүчний байгууллагууд улс төрд иймэрхүү аргаар нөлөөллөө тогтоогоод ирвэл үүнийг заавал цус урсгаж байж давдаг гашуун туршлага дэлхийгээр дүүрэн байна.
- Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцоруулж гэмээнэ болж бүтэхгүй байгаа зүйлээсээ салах юм шиг авирлацгаасан. Одоо эв зүйгээ олцгоосон биз. Улс орноо ч шинэ замаар авч явах байх. Харин танай нам эл үйл явдалд ямар дүгнэлт өгч байна вэ?
-Бид бусдын адил болж өнгөрсөн хийгээд өнөөдрийн үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Өнөөдөртөө манай намын Гүйцэтгэх товчоо, Бага чуулган албан ёсны байр сууриа гаргаагүй байгааг албан ёсоор хэлэх ёстой болов уу. Тиймээс би МАХН-ын бус өөрийнхөө байр сууриас асуудалд хандая. МАН-ын толгойд сууж, шийдвэр гаргаж байгаа нөхдүүд бүгдээрээ цэвэр барууны үзэл баримтлалтай хүмүүс. Хоёр нам анх хагаралдахдаа “Тэрэлжийн тунхаг” гэдэг баримт бичиг гаргасан байдаг. Тухайн үеийн Ардын намын эрх баригчид ямар бичиг гаргаж байснаа эдүгээ санадаггүй бололтой. Тэд юу ярьж байсан гэхээр социал демократ үзлээсээ больж, барууны , хөрөнгөтэй хүмүүсийг дэмждэг үзэл рүү орох нь зөв гэсэн саналыг гаргаж байсан юм билээ. Одоо үүнийгээ бүгд мартчихсан. Удирдлагууд нь ч ялгаагүй. Гишүүд нь дэмжээгүй учраас асуудлыг сөхөж ярихаа больсон байх л даа. МАН-ын нэр нь ч барууны намуудын л авдаг нэр юм шүү дээ. Тэгэхээр МАН-ын дотоод зөрчил юундаа байна вэ гэхээр анхан болоод дунд шатны гишүүд нь зүүний үзэл бримтлалтай. Гэтэл дээр нь байгаа, гол гол шийдвэрийг гаргадаг нөлөө бүхий удирдлагууд нь бүгд барууны үзэл баримтлалтай болсон учраас яаж үзэл бодол нь нэгдэх юм. Тиймээс нэн даруй үзэл баримтлалынхаа ялгааг арилгах явдал. Үүнийг шийдээгүй цагт дотоод зөвчил нь арилна гэж байхгүй. АН ч ялгаагүй . Энэ нь Засгийн газар дээр тухайлбал, нэг сайдыг нөгөө сайдаар солиход шууд илэрдэг. Нэгдсэн намын бодлогоо сахин биелүүлдэггүй учраас төрийн бодлого тухайн сайдын хувийн итгэл үнэмшил, амьдралын туршлага, хандлагаас хамаарч тогтворгүйгээр өөрчлөгддөг. Яагаад гэвэл хүний дотоод үзэл баримтлал, итгэл үнэмшил гэдэг чинь хэр баргийн тохиолдолд өөрчлөгддөггүй зүйл байхгүй юу.
- МАН-ын их хурал удахгүй болно. Хурлаар хэлэлцэх зүйлүүдийн нэг нь хоёр намын нэгдэж нийлэх тухай асуудал гэж сонслоо?
-Үзэл бодол нийлбэл хоёр байтугай таван нам ч нэгдэн нийлж болно. Хамгийн гол нь итгэл, үнэмшил шүү дээ. Манай нам байнга ийм байр суурьтай явж ирсэн. Ард түмний амьдрал дээшилж, баялгаа ард түмэнтэйгээ хуваалцдаг, эмнэлгийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй, оюутныхаа сургалтын төлбөрийг төрөөс даадаг тийм үзэл баримтлал буюу зүүний үзлийг баримталдаг хүмүүстэй, улстөрийн хүчинтэй нийлэхэд бэлэн байна. Тэгэхгүйгээр механикаар зөвхөн эрх мэдэлтэй, хүчтэйтэй нь нийлэх аваас мундаг болдог юм биш. Бид тийм замыг сонгохгүй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй байсан ч бид тэдэнтэй нийлэхгүй. Ямар ч баян хүн орж ирээд туслая, дэмжье гэсэн ч үзэл бодол нийлэхгүй бол цаашдын зам нийлэхгүй нь ойлгомжтой.
- У.Хүрэлсүх багш нарын цалинг нэмэхгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй гэж хатуу мэдэгдсэн. Ард түмэнд чухам энэ л таалагдахгүй байгаа. Улс төрийн намуудын аль нь иргэдийнхээ цалин, тэтгэвэр тэтгэмжийг төдөн хувиар нэмнэ гэж амлана тэр хэрээр сонгогчдын саналыг авдаг нь нууц биш. МАН сонгуулийн өмнө цалин, тэтгэврийг нэмнэ хэмээн амалж байсан санагдах юм. Ерөнхий сайдын эл шийдвэр намынхаа мөрийн хөтөлбөрийг үгүйсгэж орхилоо. Та надтай санал нийлэх үү?
-МАХН 2016 оны сонгуулийн дараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдах үеэр шаардлага хүргүүлж байсан. Сонгуулиар амалсан амлалтаа заавал биелүүлж, цалин тэтгэврийг нэмэх ёстой гэсэн утга бүхий шаардлага. Одоо ч энэ байр суурь хэвээрээ. Хөдөө, орон нутагт ажиллаж байхад иргэдээс тавьж буй таван асуултын гурав нь үүний эргэн тойронд өрнөдөг. Ерөнхий сайдын байр суурийг та сая хэлчихлээ. Шинээр байгуулагдсан Засгийн газрын танхимын гишүүдийг сонгох үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд болоод Сангийн сайдад “Гудамжинд гарч жагссаных ньтоогоор цалингийн хэмжээг нэмэх гэж оролдвол Монголын ард түмэн бүгд талбай дээр гараад ирнэ шүү” гээд л захиж байна лээ. Энэ бол ард түмнээ басамжилж байгаа хэрэг. Цалин бол У.Хүрэлсүхийн хөнжлийн хэмжээтэй ерөөсөө хамаагүй асуудал. Хамаатай гэж үзэж байгаа юм бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хөнжлийн Засгийн газар гэж нэрлэе л дээ. У. Хүрэлсүх өөрөө сонгуульд нэр дэвшээгүй байж болно. Гэхдээ нам нь 2016 оны УИХ-ын сонгуульд орохдоо цалин, тэтгэврийн хэмжээг нэмнэ л гэж амлаж гарч ирснийг мартаж болохгүй. Эрх мэдлийг гартаа авмагц ард түмэн рүүгээ муу үг шидэлж, муухай аашилж болохгүй. Ингэхийн оронд бид юу гэж амаллаа, байгаа боломжоо яаж ашиглаж гэмээнэ хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлэх вэ гэдэг дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлэх ёстой бус уу.
-Статистикийн ерөнхий газраас гаргасан мэдээлэлд дурдсанаар бол Монгол Улсын иргэдийн дундаж цалин сая төгрөг юм билээ. Гэтэл багш нарын цалин яахаараа 400 мянган төгрөг байдаг билээ. Монгол Улс хичнээн багш, хичнээн даргатай юм. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн захирлууд 20 сая төгрөгийн цалин авч байхад жирийн багш яахаараа 400 мянган төгрөгийн цалин авах гэж. Тиймээс Ерөнхий сайд маань ард түмнээсээ уучлалт гуйж, багш нарын цалин, тэтгэврийг нэмэхийн төлөө ажиллах болно гэж хэлэх хэрэгтэй. Дашрамд өгүүлэхэд, зүүний үзэлтэй нам барууны үзэлтэй намаас юугаараа ялгардаг вэ гэвэл улс орныхоо баялгийг хуваарлахдаа цалин тэтгэврээр дамжуулдаг. Цалин , тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл тухайн хүн түүгээрээ бараа бүтээгдэхүүн худалдаж авах, татвараа төлөх замаар нийтээрээ хөгждөг. Барууны үзэлтэй намууд аль болох цалин, тэтгэврийн хэмжээг бага түвшинд барьж, аж ахуйн нэгжүүдийн орлогыг өндөр байлгаж гэмээнэ тэднээс өндөр татвар авах бодлогыг илүүд үздэг. Тэгж байж гаднаас хөрөнгө оруулалт татаж, хямд ажиллах хүчээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр илүү орлого олно гэж тооцоолдог. Үүний үр дүнд бүх эрх мэдэл хямд ажиллах хүчтэй компанудад шилждэг. Компаниуд нь ч хаана хямд ажиллах хүчин байна тийшээ шилжин нүүдэг. Иймийн учир манай эрх баригч нам өөрсдийгөө зүүний гэж нэрлэчихээд барууны үзэл баримтлалаар явахыг хичээдэг байж болохгүй. Үнэхээр зүүний үзэлтэй нам л юм бол ард түмнийхээ амьдралыг цалин, тэтгэврээр өөд нь татаж , баялгийг тэгш хуваарлих замаар асуудыг шийдэх ёстой. Улс төрчдийн шийдэх ёстой хамгийг гол асуудал нь ердөө цалин л байдаг. Өөр юуг шийдэх гэж улс төрчид гарч ирж байгаа юм. Иргэдийнээ амьжиргааг сайжруулна гэдэг чинь цаагуураа цалин нэмэх тухай асуудал шүү дээ. Эл асуудал дээр сөрөг хүчин ч, эрх баригчид ч дуугарах ёстой. Английн Хөдөлмөрийн намын бүтэц нь үйлдвэрчний эвлэл байдаг. Дандаа цалин хангамжийг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Ахиад хэлэхэд, У. Хүрэлсүхийн Засгийн газар хөнжлийнх биш л юм бол хөнжлийнхөө хэмжээг бодолгүйгээр хөнжлөөсөө сугарч , орноосоо босч ард түмнийхээ ахуй амьдралтай танилцаж, асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол Их хурал тарах ёстой. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн, эрх барьж байгаа нам худлаа ярьж, худлаа амлаж болохгүй. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрч байхад хөнжлийн хэмжээ хүрэлцэхгүй байна гээд явах бол хамгийн том залилан тэр байх болно.
-Яг ийм эдийн засгийн чадавхитай үед МАХН-д засгийн эрхийг өгвөл ямар арга хэмжээ авах байсан гэж?
-МАХН УИХ-д Үндсэн хуулийн шинэ төслөө өргөн барьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. УИХ-аас томилогдсон ажлын хэсгээс та бүхэнтэй уулзаж, санал солилцов уу. Та бүхний өргөн барьсан төслүүдээс ямар, ямар заалтыг тэд төсөлдөө тусгасан бол?
Эрдэмтэн мэргэд болоод ажлын хэсэг маань Үндсэн хуулийн төслийг хэд хэдэн шаттайгаар боловсруулсан. Эцсийн хувилбар байдлаар бэлэн болоод байгаа. Маш сайн баримт бичиг болсон. Бид арав гаруй удаа эрдэмтэн мэргэд хийгээд улс төрийн намууд, улс төрчдийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эх орноо гурвантаа тойрч хэлэлцүүлсэн, иргэдийнхээ үгийг сонсч саналыг нь тусгасан. Тун удахгүй сум нэг бүрээр орно. Цахим байдлаар иргэддээ уншуулж, тэдний санаа оноог авч байна. Ер нь мэдээллийн бүхий л хэрэгслийг ашигласан. Цаасаар ч тараасан. Үндсэн хуулийн хамгийн гол шинж бол хэн нэгэн даргаар гарын үсэг зуруулж батлуулахдаа бус ард түмэн өөрсдөө хүлээ зөвшөөрөхдөө байдаг. Монгол Улс аравдугаар сарын 20- нд “Тусгаар тогтнолын өдөр”-ийг тэмдэгдэж өнгөрүүллээ. Монголчууд бүгдээрээ гарын үсгээ зурж, бид тусгаар тогтнсон улс байна аа гэж зарласны 72 жилийн ойн өдөр. Яг түүн шиг Үндсэн хууль тэгж л батлагддаг. Шинж чанар нь энэ юм. Яг сонгуультай адилхан сонгуульд саналаа өглөө тэр нь өөрөө хүчин төгөлдөр болдогтой төстэй. Тиймээс бид хоёр сая сонгогчдынхоо гарын үсгийг цуглуулна. Манай Улсын иргэн бүр өр зээлнээсээ салахыг хүсч байгаа бол, цалин тэтгэврээрээ хүний зэрэгтэй ажиллаж, амьдармаар байгаа бол шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурах ёстой байхгүй юу. Насанд хүрсэн хүн бүр дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсгээ зурчих юм бол шинэ Үндсэн хууль маань автоматаар хэрэгжээд явчихна.
- Оюутолгой, Тавантолгойн асуудал сонгуулийн шоу болоод л өнгөрөх юм даа. Танайх ч дуугарч байсан учраас асууж буй хэрэг?
-Бид улс төрийн бусад намыг бодвол аливаа асуудалд байр сууриа дандаа бичгээр илэрхийлдэг. Оюутолгой, Тавантолгойн талаар МАН, АН-ын удирдах байгууллагуудын байр сууриа илэрхийлсэн тодорхой зүйл байна уу гээд хайгаад үзэхэд нэг ширхэг цаас олддоггүй. Хоёр хуваагдаад л худлаа яриад байдаг. Сонгууль дөхөхөөр бүр ч идэвхждэг. Хэн эрх мэдэл авсан нь ард түмний талд бус Оюутолгой, Тавантолгойн талд ажилладаг. Ний нуугүй хэлэхэд, тэдний мөнгөөр санхүүдэг байхгүй юу. Ч. Хүрэлбаатар гэдэг хүн Сангийн сайд боллоо. Оюутолгойн гэрээг хариуцдаг хамгийн гол газар нь Сангийн яам. Ч.Хүрэлбаатар тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан юм шүү дээ. Ажлын хэсгийг нь ахлан гол зүйлүүдийг хийсэн хүн бол Хүрэлбаатар. Тиймээс ард түмэнд наалдахуйц өөрчлөлт гарна гэж бодохгүй байна. Ер нь Ч.Хүрэлбаатар Монголын банкаар Оюутолгойн мөнгө дамжихгүй гэдэг байр суурийг илэрхийлдэг нөхөр л дөө. Олон улсын зарчимд тухайн улсад бүртгэлтэй компани мөнгөө оффшороор эргэлдүүлнэ гэдэг нь өөрөө гэмт хэрэг байхгүй юу. Америкад бүртгэлтэй компани хэрвээ оффшор бүст мөнгөө байршуулбал шууд татвараас зугтсан, transfer pricing буюу үнэ гулгуулсан гэмт хэрэгт холбогдоно. Татвар төлөх хэмжээгээ хамгийн бага дээр тохируулж, орлогоо нуун дарагдуулж цалин тавихуйц хэмжээний орлогоо л энд үлдээгээд бусад ашиг, орлогоо оффшороор дамжуулаад гаргачихдаг. Энэ чинь хориотой. Гадны улс орнууд оффшорыг яагаад эсэрүүцээд байгаагийн гол шалтгаан нь ердөө л энэ. Үүнийг хүлээн зөвшөөрдөг хүн яагаад Сангийн сайдаар очиж байгаа юм бэ. Бүхэл бүтэн Монгол Улсын эдийн засагт хамгийн ихээр нөлөөлж буй компанийг яаагад оффшор дансаар гүйлгээ хийхийг нь зөвшөөрөөд байгаа юм бэ? Оюу толгойн оффшор чинь манай улсад зарлагддсан хэдэн оффшорчны хажууд хэдэн мянга дахин аюултай, нөлөөтэй оффшорын гэмт хэрэг шүү дээ. Эдийн засагт нүүрлэж буй аюулыг энэ хүн цаашид ч гарынхаа үсгээр баталгаажуулах нь байна шүү дээ. Ингэж болж байгаа юм бол Эрдэнэт,Таван толгой, Шивээ –Овоо, Багануурыг оффшор болгоод үзэхгүй юу. Бүх мөнгийг нь гадаад руу гаргаад байвал Монгол Улс эдийн засгийн хувьд оршин тогтнох уу, баларна шүү дээ. Би үүнийг эрх зүйч хүний хувьд гэмт хэрэг гэж үзэж байна.
Ч.Чулуунцэцэг
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.