Д.Хаянхярваа: Ерөнхий сайд заавал намын дарга байна гэж хэлж чадахгүй

Д.Хаянхярваа: Ерөнхий сайд заавал намын дарга байна гэж хэлж чадахгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Я.Содбаатар тэргүүтэй хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Ээлжит бус чуулганы дараа анх удаа хийж байгаа бүлгийн хурлаар намын УЗ-ийн хурлаар ярьсан, шийдсэн асуудлын талаар ярилцсан аж. Мөн намын бүлэг Засгийн газраа байгуулахдаа яаж ажиллах талаар гишүүдийнхээ саналыг сонссон байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Өнөөдрийн хурлаар намын бүлэг нэгдсэн нэг ойлголтод хүрлээ. Өнгөрсөн, улирсан бүхнийг дахин дахин давтан ярьж, маргаж мэтгэлцэх биш эв эеийг эрхэмлэж, урагшаа харж ажиллая гэдэг дээр санал нэгдсэн.  Манай бүлгээс Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах. Засгийн газрын гишүүдийг ямар шалгуураар сонгох гээд олон зүйл дээр бүлэг санаа оноогоо ярилцлаа. Энэ саналуудыг нэгтгэж авсан. Ирэх 25-нд болох намын Бага хуралд гишүүдийн саналыг тусгана гэдгийг М.Энхболд дарга хэлсэн.

УЗ-ийн хурлаар  намын Бага хурлыг хуралдуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Улмаар энэ сарын 25-нд хурлаа хийе гэж тохирсон. Бага хурлаараа Ерөнхий сайдаа тодруулна. Ерөнхий сайд тодорсны дараа намрын чуулганы эхний өдөр батлуулж, аравдугаар сарын эхний 10 хоногт Засгийн газрын гишүүдээ томилно. Ийм зарчмын шийдэлд хүрсэн гэдгийг бүлгийнхээ гишүүдэд хэллээ.

Сүүлийн хэд хоног МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, ахиж нийлэхээргүй ан цав үүслээ гэх мэт мэдээлэл гарсан. Тийм биш гэдгийг манай гишүүд удаа дараа нотолж байгаа. Бүлэг хага үсрээд, хоёр талдаа гарчихсан юм байхгүй. Хоёр бүлэгтэй болчихоод байгаа ч юм шиг байдал алга. Мэдээж бүлгийн гишүүдийн дунд Засгийн газрыг огцруулах, эс огцруулах саналын зөрүү гарсан. Хоёр талд гуч гучин гишүүн ондоо саналтай болчихсон байсан учраас шийдвэр гаргах амаргүй байдал үүссэн. Харин өнөөдөр энэ асуудлаар зарим нэг гишүүд саналаа хэлсэн.

Засгийн газрыг огцруулсан нь манай намыг, бүлгийг хагалж байгаа юм биш. Нэг хэсэг нь Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. Харин нөгөө хэсэг нь Засгийн газраа дэмжиж ажиллах, чадваржуулах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Ийм л санал зөрсөн асуудал гарсан шүү гэдэг дээр бид ойлголцолд хүрсэн. Цаашид МАН-ын бүлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулна" хэмээн хэллээ.

Мэдээлэл өгсний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч, тодорхой хариулт өгсөн юм.

-Ерөнхий сайдад тодорхой нэр дэвшигчийг санал болгож, намын Бага хурлаар ярих уу. Мөн Засгийн газрыг байгуулахдаа бүлгийн гишүүд ямар зарчмыг баримтлах дээр санал нэгдэж байна. УИХ-аас хэдэн сайд томилох, гаднаас хэчнээн орж ирэх зэрэг тодорхой асуудал яригдсан уу?

-Намын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг эцэслэн тогтоогүй байна. Ирэх долоо хоногт Бага хурлаар хэлэлцэх асуудлаа намын УЗ-ийн хурлаар эцэслэн шийднэ. Ерөнхий сайдын асуудлыг намын Бага хурлаар шийднэ. Бага хурлын өмнө УЗ-өөр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ хэлэлцэнэ. Намын Их хурлын товыг Бага хурлаас зарлана, дүрмийнхээ дагуу. Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногоос цаашгүй хугацаанд хуралдуулах ёстой. 25-ны өдөр намын Их хурлыг яг хэдэнд хуралдуулахыг зарлана.  Засгийн газрыг бүрдүүлэх асуудал дээр гаднаас уу, дотроос уу гэдгийг голлож яриагүй. Ямар шалгуур тавих вэ гэдгийг л илүү ярилаа, бид. Гишүүд ч энэ тал дээр саналаа хэлсэн. Үнэхээр мэргэшсэн, салбараа мэддэг, дадлага туршлагатай, олон түмэнд нэр хүндтэй хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэсэн саналаа хэлсэн.

-Намын даргын асуудлыг хэзээ ярих вэ?

-Намын Их хурлаар даргын асуудлыг хэлэлцэнэ. Намын удирдлагуудыг сонгох асуудлыг ч бас Их хурлаар шийднэ.

-Шинээр тодрох Ерөнхий сайд намын дарга болох уу. Өмнө нь Ерөнхий сайдаа томилчихдог, Их хурлаар намын шинэ дарга гараад ирдэг. Дараа нь намын дарга Ерөнхий сайд болох ёстой гээд дахиад хөдөлгөөнд орох юм биш  биз дээ?

-Ийм асуудлыг бид яриагүй байна. Манай нам бол ардчилалтай. Ерөнхий сайдыг 25-ны өдөр тодруулна. Дараа нь намын Их хурлаар даргынхаа асуудлыг ярьдгаараа л ярина. Хэн ч намын даргын төлөө өрсөлдөх эрхтэй. Тийм учраас одоо гарах Ерөнхий сайд заавал намын дарга байна гэж хэлж чадахгүй.

-Зарим яамыг салгаж, тоог нь нэмэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Ийм асуудал ярьсан уу?

-Ийм асуудал огт яриагүй. Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдаа томилсны дараа л ярина.

 

    

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.