Ж.Энхбаяр, С.Бямбацогт хоёрын хэн нь Ерөнхий сайд болбол дээр вэ

Ж.Энхбаяр, С.Бямбацогт хоёрын хэн нь Ерөнхий сайд болбол дээр вэ

Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хэн хэн горилж байна вэ. тэд хэн бэ гэдгийг цувралаар уншигчдадаа хүргэж байна.  Болсон хойно нь амаа барьж сууснаас болоогүй дээр нь хэн  нь хэн бэ гэдгийг бичих нь бидний үүрэг. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газраа унагаж, хоёрдугаар ээлжинд хоолонд орохоор улайрч буй хэсэг бүлэг ил далд нууц уулзалтыг энд тэндгүй хийж эхэлсэн бор шувуу нисч эхэллээ. Дараагийн сайдын нэрс ч саарал ордонд хэдийнэ яригдаж, сайд болох хүсэлтэй зарим нь санаатай, санамсаргүй байдлаар нэрээ шургуулах гэж хэрэндээ л хичээж буй гэх. Тоглоом уу, шоглоом уу гэдгийг хэлэхэд эрт ч төрийн сайдын суудалд хэний ч санаанд оромгүй хүмүүс нэрээ дэвшүүлчихээд, нам дотроо ил далд уулзалт хийж, гар хөлийн үсэг цуглуулж яваа яриа ч гарч байх юм. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр тэдний мөрөөдлийг баллаж сохлох нь илүүц биз.

Ерөөс МАН-ын саарал ордон ойрын өдрүүдэд албан тушаалын наймаа эрхлэгчид, халбага сэрээгээ барьсан хоёрдугаар ээлжийнхний хөлд дарагдаж гүйцжээ. Гитар барьсан залууд мад тавиулж орхисон МАН-ын дарга М.Энхболдын фракци олны хөлөөс дайжиж, дараагийн бүрдэх Засгийн газарт нэр нөлөөгөө алдахгүйн тулд хэрхэн ажиллах тухай хор найруулсан уулзалтыг Сэлхийн зусланд хийснийг хэвлэлүүд ч эхнээсээ мэдээлж эхлэв.

Нэгэнт эхлүүлсэн замаас буцаж ухрах аргагүй хойно У.Хүрэлсүх тэргүүтэн ч Засгийн газрын танхимаа “60 тэрбумтан”-уудаас ангид байгуулахаар ил далд уулзалт хийх нь ихэсчээ. Ухаандаа, эдгээр уулзалтууд цөмөөр дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг тохироог хийх уулзалтууд. Сайд, дэд сайдын асуудал дараагийн ээлжинд яригдах учиртай. Өөрөөр хэлбэл, засгаа огцруулсан 31 дундаас хэн хэн сайд болох вэ гэдгээс илүү, хоёрдугаар ээлжийнхнийг хэн удирдах вэ гэдэг нь энэ өдрүүдэд хамгийн халуухан сэдэв болоод буй юм. Өмнө хэлсэнчлэн олон хүн санаархаж суугаа.

Аймгийн Засаг даргын туршлагатай залуухан “хархүү” Ерөнхий сайдын суудалд тухалчихаад байхад улс төрд болохоос болохгүй хүртэл зүтгэчихсэн хашир бурхинууд УИХ-ын даргын суудлаас өөр зүйлгүй карьераа төгсгөхийг хүсэхгүй нь мэдээж. Тиймдээ ч “Нэг залууг нөгөө залуугаар солиод хэрэг байна уу. Дараагийн сайд туршлагатай, нас намбатай хүн байвал зүгээр юм биш үү” гэсэн мессежийг ил, далд байдлаар нийгэмд өгөөд эхэлчихэж. Энэ бүхний эсрэг залуус ч зүгээр суухгүй нь мэдээж юм. Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг зэрэг бидний үеийн залуус хийгээд болж байхад бид яагаад чадахгүй байх билээ гэсэн атаархал, барьцсан сэтгэлтэй залуус ч МАН-д бишгүй олон бий. Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд тухалж, намтартай шинэ хуудас бичихээр санаархаж буй хүмүүсийн жагсаалтад Ц.Нямдорж /Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс бусад бүх албыг дамжсан/, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын нэр дуулдаж байна. Харин бид энэ удаад өмнөх Засгийн газрын тэргүүнтэй үе тэнгийн хоёр болох Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын ажлын туршлага, танхим удирдах туршлага суусан эсэхийг уншигч авхай танд хүргэхээр зорилоо.

Ж.Энхбаяр буюу генерал аавын нэр хүндийг ашиглагч

Жадамбаагийн Энхбаяр 1973 онд Говь-Алтай аймагт төржээ. Бусдын л адил арван жилийн сургууль дүүргэж, улмаар МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэжээ. Орос, англи хэлтэй. Жадамбаа генералын хүү гэдгээр түүнийг улс төрийн хүрээллийнхэн сайн мэднэ. Генерал эцгийн нэр хүндээр энэ хүртэл явсан хэмээн түүнийг шүүмжлэх хүн ч бишгүй олон. Эрхэм гишүүн ч энэ үнэн шүү гэдгийг батлах гэсэн мэт амьдралын ханиа хүртэл ааваараа сонгуулж байсан хэмээн ярьж байсан удаатай. Тэрбээр, гааль, мэргэжлийн хяналттай амьдралаа холбож явсаар 2008 оноос их улс төрд хөл тавьжээ. Говь-Алтай аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдож, 2016 оны сонгуулиар харин бууриа сэлгэж, нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн болж байлаа. Нэр цэвэр улстөрч байдаггүйн жишгээр Ж.Энхбаяр ч энэ хугацаанд хангалттай баалуулсан. Сонгогдсон тойрогтоо очиж 240 чоно агнасан асуудлаас үүдэн Байгаль орчны байнгын хорооноос чөлөөлөгдөж байв. Мөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт нисдэг тэргээр хулгайн ан хийсэн хэмээн мөн л адлуулж байлаа. 2012 онд Батлан хамгаалах салбарыг удирдаж байхдаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй хэмээн шүүмжлүүлж, гурван хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэх маргаантай асуудалд нэр холбогдож байжээ. Генерал аавын нэр хүндийг ан амьтан хороож, ажлаас хүн чөлөөлсөн зэрэг дандаа болж бүтэхгүй зүйлтэй холбож байсан тэрбээр нам дотроо дэмжлэг авч чаддаггүй. Мөн “Алтайн эрин” төрийн бус байгууллагаас их хэмжээний мөнгө идсэн уусан хэмээн хэвлэлээр баалуулсан ч төд удалгүй асуудлыг дарж орхисон билээ.

Парламентын баян гишүүдийн нэг, олонхийн бүлгийн болдоггүй улстөрчдийн нэг хэмээн түүнд сайн нэр өгч байсан нь ховорхон. Хэдийгээр нам дотроо байгаа болохгүй бүтэхгүйг ил тодоор шүүмжилдэг ч энэ нь намын эрх ашгийн төлөө юу, эсвэл өөрийнх нь эрх ашгаас үүдэлтэй юу гэдгийг хэлэхэд эрт. Сайд болгоогүй учраас намаа шүүмжилж, бас зарим нэг намын нөхрөө элдвээр дайрч давшилж байгааг түүний хийсэн ажил хэмээн хардуулж байсан эрхэм гишүүн Ерөнхий сайдын албан тушаалд арай л жулдах биз ээ. Бүхэл бүтэн улсын бодлогыг барьж, гэрээ хэлцэл хийнэ гэдэг батлан хамгаалахын салбарт очиж дураар дургихтай адилгүй гэдгийг сануулахад илүүдэх юун.

С.Бямбацогт ба боломжит хувилбар

Олон ястаны төлөөлөл болсон Ховд нутгаас төр түшиж суугаа С.Бямбацогт улстөрчийн хувьд нөгөөхөөсөө үнэлгээ өндөр. Түүний хувьд элдэв маргаантай асуудал, худал хуурмагтай зууралдаж явсан удаа байхгүй ч, Ж.Эрдэнэбатын танхимд сууснаас хойш хэл аманд багагүй өртжээ. Алдарт 800 тэрбумын концессын асуудалд түүний компани нэр холбогдоод амжсан. Гэвч, өөрөө энэ бүхнийг үгүйсгэж шалгуулахад бэлэн байна гэдгээ хэлж байсан удаа бий. С.Бямбацогт нь Ховд аймагт төрж, өсчээ. Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС, Нидерланд улсын Маастрихтын Их сургуулийг тус тус төгссөн эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. “Ховдын өргөө” компанийн захирлаас ажлын гараагаа эхэлж, улмаар МАН-ын бүлгийн дарга, Хуульзүйн сайд болтол өсч дэвжсэн байх юм. Түүний хувьд МАН цөөнх байх үед бүлгийг даргалж, улс төрийн элдэв жагсаал, цуглаан, тэмцэл болгонд оройлон оролцож байсан идэвхтэй гишүүн хэмээн намынхан нь магтах нь элбэг. Цөөнхийн бүлгийн улстөржилт, тэмцлийн өнцөг зөв явсан учраас өдгөө тэд 65-уул Их хурлын танхимд тухалцгааж сууна. Тэр ч утгаараа энэ намын амжилтад түүний гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэр ч өндөр. Хуульзүйн сайдаар томилогдоход түүнийг голсон, шагналын албан тушаал авчихлаа хэмээн хардаж, нөгөө талаар муулах хүн бишгүй олон байв. Гэвч энэ албан тушаалд юу ч мэдэхгүй “бацаан” очоогүй гэдгийг харуулж, салбарын алдаа дутагдлыг арилгах талаас тун ч сэтгэл гарган ажилласан. Ц.Нямдоржоос хойш хуульзүйн салбарт анх удаа л ажлаа мэддэг сайд ирлээ хэмээн хууль, хүчний салбарынхан ч ам сайтай байдаг юм билээ. С.Бямбацогтын тухайд дараагийн Ерөнхий сайдад нэр нь дуулдаж буй хүмүүс дундах хамгийн боломжтой хувилбаруудын нэг. Харин нам түүнд итгэл үзүүлэх эсэхийг хэлэхэд эрт байна. Нам дотроо дэмжлэггүй гэдэг бас л нэг үзүүлэлт. 

...Үргэлжлэл бий...

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.