Юуны өмнө энэ удаагийн томилолт эцгээ гэсэн үрийн сэтгэл, бие биеэ хайрлан хүндэтгэх ах, дүүсийн халуун дулаан энерги дунд нэгэн ухаарлыг олж, уянгаар хөглөгдсөн томилолт байсныг онцолъё. Оройны 16:00 цагаас хойш сонины редакцид ''халуухан'' уур амьсгал өрнөнө. Учир нь сэтгүүлчдийн өдрийн турш бэлтгэсэн материал олон шат дамжлагыг дамжин уншигчийн гарт хүрэхэд бэлэн болох хариуцлагатай үе.
Энэ л цаг үед Хариуцлагатай нарийн бичгийн дарга маань "Маргааш өглөөний 09:00 цагт ''Зохиомж'' дээд сургуулийн захирал, кино найруулагч Б.Цогтбаяртай хамт томилолтод яваарай” гэх үүрэг өгөх нь тэр. Ажил тарах цаг дөхөж хүн бүр урдах ажлаа яаравчлан хийж буй тул даргаасаа илүү зүйлийг лавлан асуусангүй. Ингээд маргааш өглөө нь эртлэн босч, болзсон газраа зорилоо. Явах замдаа өмнө нь телевиз, сонинд өгсөн ярилцлага, хийсэн киног нь л үзэж, харснаас биш нүүр тулан уулзаж, ярилцаж байгаагүй тул Монголын үндэсний кино академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр гуайг өөрийнхөөрөө төсөөлөн басхүү тийм “том” хүнтэй аяны дөрөө нийлэх болсондоо ''эмээн'' явлаа.
Ийнхүү ямар шалтгааны улмаас хаашаа томилолтод явахаа мэдэхгүй явсаар болзсон цагтаа “Зохиомж” дээд сургууль дээр ирэв. Тус сургууль гадна тохижилтоосоо эхлээд л анхаарал татав. Гадна талын ханандаа урлагийн гурван баганыг урласан нь урлагийн сургууль гэдгийг илтгэнэ. Сургуулийн хаалгаар ормогц л ханандаа Монголын ардын хувьсгалын үеийн түүхэн агшинг өгүүлэх гэрэл зургийг байрлуулжээ. Харин багахан хэмжээний музей гэхээр тэрхүү түүхийн дурсгалт зүйлсийг энд дурьдалгүй эрхэм уншигч танд тус сургуулиар зочлон сонирхох боломжийг үлдээе.
Ингээд кино найруулагч Б.Цогтбаяр гуайтай уулзаж, ярилцвал эрч хүчээр дүүрэн, алиа хошин зантай, хүнийг их бага хэмээн ялгалгүй харьцдаг нэгэн байлаа. “Зохиомж” дээд сургуулийн III давхарт байрлах өрөө нь тэр чигтээ өөрийнх нь амьдрал, уран бүтээлийн архив хэмээн хэлж болохоор. Урлагийн хүн болоод ч тэр үү өрөөнд нь түүхэн агшинг өгүүлэх ховор нандин гэрэл зураг, том шагнал, уран баримал энд тэндгүй харагдана. Түүний ажлын ширээний ард талын хананд байрлах хар үстэй, цайвар саарал өнгийн сорочкон цамц өмссөн 60 гаруй насны нэгэн эрэгтэйг ажлын ширээнийхээ ард тухлан сууж, баруун гартаа тамхи барьж, үл ялиг бодлогоширон буйгаар дүрсэлсэн нэгэн уран зураг нүдэнд шууд өртөж, хэн болох талаар асуулаа.
Харцнаас нь ухаарал мэдрэгдсэн энэ буянтай буурал Б.Цогтбаяр гуайн аав гэнэ. Ингэж аян замын учиг сая тайлагдав. Б.Цогтбаяр гуай Монголын ард түмэнд Хянан шалгахын жижиг Бямбаа нэрээрээ алдаршсан Монгол Улсын Гавьяат Эдийн засагч Долгорын Бямбаагийн ууган хүү нь байв. Тэрээр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн бөгөөд тус аймгийн IV сургууль МУГЭЗ Д.Бямбаагийн нэрэмжит болж байгаа аж. Энэхүү баярт үйл явдалд оролцохоор үр хүүхэд, ах дүүс нь өмнийн цэнхэр говийн зүг хүлгийн жолоо залж байгаа нь энэ буй заа. Ингээд явах газар хол, холын замд гарах хүмүүст ч бэлдэх зүйл их тул тэр бүхнийг базаасаар 14:00 цагтай уралдан аяны жолоо өргөлөө.
Аавын нутаг ивээж угтлаа
Аяны шувууд тэнгэр цуулаад
Алсын нутгаа зориод ирнэ ээ
Аргил хоолой сэтгэлд үгүйлэгдээд
Ааваа би санаад л байна аа хэмээн Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дууны шүлгийн мөр шиг энэ өдөр хамгийн ихээр аавыгаа санан дурсаж, сэтгэл зүрх нь гэгэлзэн яваа хүмүүс бол түүний үр хүүхэд билээ. Тиймээс хүрэх газар хол, угтан ирэх зам урт учир ууган хүү Б.Цогтбаяр, түүний гэргий МУГБ Д.Энхжин, ууган хүү Ц.Энхцогт, нагац эгч Л.Нэргүй нартай дурсамж хөглөн явав. Гавьяат эдийн засагч Д.Бямбаа 1921 онд Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн нутаг, Буурын хярын “Шил хуудас” гэдэг газарт Долгорын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ.
Тэрээр, дөрвөн настай байхаасаа л нутгийнхаа бичиг номтой өндөр Пүрэв гэдэг хүнд шавь орж, улмаар сумынхаа захиргаанд бичээчээр ажилласан байна. Бага байхын эрдэм ухаанд гарамгай байсан тул Номгон сумынхаа бичиг үсгийн түр сургуульд хоёрхон жил сураад л аймгийн захиргаанд бичиг хувилагчаар ажилласан гэнэ. МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг улаан дипломтой дүүргэсэн тэрээр Намын дээд сургуульд ч суралцаж төгсгөжээ.
Харин амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болсон хянан шалгах байгууллагад 1952 оноос хойш 40 гаруй жил ажиллахдаа олон зуун албан байгууллагад хяналт, шалгалт явуулж, хэдэн зуун сая төгрөгийн зөрчил, хохирол илрүүлэн, түүнийгээ нөхөн барагдуулах, улсыг хохиролгүй болгох ажил хийсэн хэмээн мэргэжил нэгтнүүд нь дурсан ярих юм билээ. Увс аймгийн Хяргас сумын харьяат Хасагийн Хандсүрэн хэмээх бүсгүйтэй ханилан Цолмон, Шинэцолмон, Алимаа, Цогтбаяр, Хосбаяр нарын таван сайхан үр хүүхдийн эцэг, эх болжээ.
Ууган хүү Б.Цогтбаяр “Миний ээж 85 насыг зооглож буй сайхан эмэгтэй бий. Би ээжийнхээ нэг зан чанарыг ихэд үнэлдэг юм. Намайг хичээлээ тараад ирэхэд ээж минь гэрийнхээ тавилгуудын байрлалыг өөрчилчихсөн суудагсан. Ээж минь шинэ зүйл худалдан авч, гэрээ чимэх дуртай хүн. Миний ээж огт зүгээр суудаггүй маш их хөдөлмөрч, сайхан эмэгтэй” хэмээн өгүүлэв.
Би түүнээс “Хүн бүрийн чин хүсэл эцэг, эхийнхээ ачийг хариулах. Та аавынхаа ачийг хариулж чадав уу” гэж асуухад, “Энэ хорвоо дээр эцэг, эхийнхээ ачийг ингэвэл, тэгвэл хариулна гэсэн тогтсон зүйл үгүй шүү дээ. Мөр бүтэн явж, эцгийнхээ нэрийг муугаар дуудуулахгүй байх нь л чухал. Би аавынхаа ачийг хариулж яваа л гэж боддог. Дэлхийн анхны нэр хүндтэй сургууль болох Москвагийн кино урлагийн дээд сургуулийг 1988 онд төгссөн. Миний бүтээлүүдийн анхны үзэгчдийн нэг нь аав минь байдаг байсан. “За аав ямар болж” гэж асуухад минь яах вэ боломжийн, зүгээр л гэдэгсэн.
Монголын ард түмэн кино найруулагч Б.Цогтбаярыг “Дээд хэмжээ”, “Их говийн жонон-Гамлет, “Хубилай хааны зарлиг”, “Уучил”, “Луйвар”, “Богд хаан”, “Харанхуй хад” гээд олон сайхан дэлгэцийн бүтээлээр нь андахгүй сайн мэднэ. Үр хүүхэд нь мөр бүтэн явааг харах эцэг, эхчүүдийн хувьд хамгийн том жаргал байдаг биз ээ.
Түүнээс илүү тэднийг баярлуулах зүйл үгүй мэт. Ийнхүү сэтгэлийн гүнд нь мөнхөд хадгалагдсан нандин дурсамжийн хэлхээг тээн явтал аль хэдийнэ өмнийн говийн нутаг дөхсөн байв. Сайхан дурсамж, яриа дэлгэсэн болоод тэр үү замын холыг ажралгүй говийн улаан наран шингэхтэй зэрэгцэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бараа харагдах нь тэр. “Хүү минь аавынхаа нутагт ирлээ” гэсэн мэт говийн салхи хацар зөөлөн илбэж, Гурван сайхан уул нь ирэхгүй удсан хүүхдээ угтан тосох эцэг шиг алсаас бараагаа тодруулан байлаа.
Уг нь хаврын цагт говийн тэнгэр шороон шуурга тавихгүй байх нь ховор үзэгдэл аж. Ингээд бид Өмнөговь аймгийн Даланзадгад суманд суух Д.Бямбаа гуайн ах, дүүтэй уулзаж, маргааш болох үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулсаны дараа IV сургууль руу очив. Нээлтийн үйл ажиллагаанд зориулж, тус сургуулийн хамт олон эртнээс сэтгэл гарган бэлдсэн нь илэрхий байлаа. Учир нь сургуулийн төв хаалганы дээр байрлах урсдаг самбар дээр “МУГЭЗ Д.Бямбаагийн нэрэмжит IV сургууль” хэмээн бичжээ. Цаг аль хэдийнэ оройн 23:00 цаг өнгөрч, сургуулийн удирдлагууд гэртээ харьсан тул биднийг жижүүр багш нь угтан авсан юм.
IV сургууль Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч Долгорын Бямбаагийн нэрэмжит болов
2017 оны дөрөвдүгээр сарын 25. Өглөөний 09:00 цаг. Сургуулийн коридорт жингэнэх завсарлагааны хонх, сурагчийн дүрэмт хувцсаар гангаран энд тэндгүй дэгэж дэрвэн гүйлдэх сурагчдыг харсан хэн ч болов гэнэн томоогүй хүүхэд насаа дурсахгүй байхын аргагүй. Тус сургуулийн хананд олон толь байх бөгөөд дээр нь сурагчдад урам, ухаарал хайрласан мэргэн үгсийг бичсэн нь тэдэнд хичээл номдоо шамдан суралцах итгэл найдвар төрүүлдэг мэт санагдсан. Өглөөний 09:30 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын IV сургуулийн захирал, сургалтын менежер, багш нартай уулзаж, нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр болон цаашдын хамтын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ үеэр тус сургуулийн захирал Ц.Батцэнгэл “Манай сургууль МУГЭЗ Д.Бямбаагийн нэрэмжит болж буйд бид маш их баяртай байна. МУГЭЗ Д.Бямбаагийн нэрэмжит болсноор манай сургуульд маш олон боломж нээгдсэн. Тухайлбал, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд, Д.Бямбаа гуайн үр хүүхдүүд жил бүр дөрвөн сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай сургуульд хийхээр боллоо. Түүнээс гадна жил бүр нэг сурагчийг сонгон Олон Улсын Бизнес Технологийн “Зохиомж” дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцуулахаар болсон.
Бид үүнд маш их баяртай байгаа” гэв. Тус сургууль нь 2007 онд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаандаа цахим хэлбэрийг бүрэн нэвтрүүлсэн гэнэ. Мөн IV сургууль аймаг, орон нутагтаа бүжгийн спортоороо алдартай. Уг сургуульд одоогийн байдлаар 60 гаруй хүүхэд тогтмол бүжгийн дугуйланд хамрагддаг бөгөөд багш нар нь манай сургуульд бүжиглэж чаддаггүй сурагч байдаггүй хэмээж байлаа.
Үүний дараа нээлтийн ажиллагааны бэлтгэл ажилдаа шамдан орж, юун түрүүнд сургуулийн төв хаалганы дээд талд байрлах хуучин хаягийг авч, МУГЭЗ Д.Бямбаагийн нэрэмжит IV сургууль гэх шинэ хаягаар солив. Нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х. Сугир, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхцацрал, IV сургуулийн захирал Ц.Батцэнгэл, гавьяат эдийн засагч Д.Бямбаагийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон IV сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Тус үйл ажиллагааг нээж, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд “Нар гийсэн сайхан өдөр Өмнөговь аймгийн түүхийн нэгэн хуудас болсон та бүхэнд баярлалаа. IV сургууль МУГЭЗ Д.Бямбаа агсны нэрэмжит болсноор сургуулийн хамт олныг өндөр хариуцлага хүлээж байна. Хийж бүтээсэн ажлынхаа амжилтыг улам бататган, хүүхэд багачуудыг амьдрах ухаан, эрүүл аж төрөх ёсонд сурган, авьяас чадварыг нээн хөгжүүлэх үйлсэд тань их амжилт хүсье” хэмээсэн.
Түүхийн нэгэн хуудсанд тодоос тод мөнхрөн үлдэх баярт үйл явдалд хүрэлцэн ирсэн хүндэт зочид үг хэлсний дараа гавьяат эдийн засагч Д.Бямбаа агсны үр хүүхэд болон албаны хүмүүс тууз хайчиллаа. Энэ үеэр бидний хүсэл биеллээ хэмээн үр хүүхэд, ах дүү нар нь нүдэндээ нулимс цийлэгнүүлэн дурсан ярив. Учир нь МУГЭЗ Д.Бямбаа хүүхэд, багачуудын эрдэм мэдлэгт шамдан суралцахыг үргэлж дэмждэг нэгэн байжээ. Тиймээс ч ах, дүү, нутаг орныхоо хүүхдүүдэд эрдэм номын мөр хөөх гүүр нь болж байсан гэнэ. Ах, дүүсийнх нь хүүхдүүдийн дунд Д.Бямбаа агсны гэрт сууж, их, дээд сургуульд суралцан амьдрал хэмээх их далайд хөл тавиагүй нэгэн ховор аж.
Энэ талаар зээ дүү Л.Нэргүй “Одоо бодоход ах минь эрдмийн их уурхай байжээ. Гэрт нь ирсэн хүүхэд бүрийг хүний, өөрийн гэж ялгахгүй эрдэм сур, хүнд тусал гэдэг хоёр сургаалийг байнга л айлдана. Манай ах дүүсийн олон хүүхдүүд ахынд маань амьдарч, сургуулиа амжилттай дүүргэсэн. Одоо мянга мянган хүүхэд ахын минь нэрэмжит сургуулиар дамжин эрдмийн их далайд хөл тавих нь” хэмээн дурсан ярилаа.
Үнэхээр түүний хэлсэнчлэн мянга мянган хүүхэд багачууд МУГЭЗ Д.Бямбаагаар овоглон эрдэм ухаанд шамдан суралцана. Тус сургуулийг төгссөн хүүхэд бүрийн гэрчилгээн дээр МУГЭЗ Д.Бямбаагийн нэрэмжит IV сургууль хэмээх эрхэм алдар мөнхөд оршино. Хэдийгээр бага наснаасаа эхлэн улс орны нэр хүндтэй ажил албанд тохоогдон төрсөн нутгаасаа гарч, Улаанбаатар хотод аж төрсөн ч түүний улс эх орныхоо төлөө амь бие, сэтгэл зүрхээ зориулан байж хийж бүтээсэн бүхэн нь үр хүүхэд, хойч үеэр нь дамжуулан эх нутагтаа мөнхөд мандан цэцэглэх нь.
Хүн өтлөхийн цагт унасан, төрсөн газартаа ирдэг гэдэг энэ буй заа. Нээлтийн үйл ажиллагаа Оюуны мэлмий IV сургуулийн спорт зааланд үргэлжилсэн. Тус сургуулийн авьяаслаг хүүхэд, багачууд энэхүү баярт үйл явдлыг хуваалцан ардын бүжгээс эхлээд орчин үеийн бүжиг, хамтлаг дуу, гоцлол дуугаар ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлсэн. Манай сургуульд бүжиглэж чаддаггүй хүүхэд байхгүй хэмээн Ц.Батцэнгэл захирлын хэлсэн нь санаанд бууж суулаа.
Авьяаслаг сурагчдад зориулан Д.Бямбаа агсны үр хүүхдүүд 30 хос бүжгийн гутал бэлэглэсэн нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон. Бүжигчин хүнд гутал хамгийн чухал гэдгийг ч тус сургуулийн авьяаслаг багачууд онцолсон. Баярт үйл явдал үүгээр дууссангүй. Тус сургуулийн 13 багш, ажилтан, хоёр сурагчийг “Соёлын тэргүүний ажилтан”, “Боловсролын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн алдар”, “Тэргүүний сурагч” зэрэг цол тэмдгээр шагнав.
Энэ өдрийн үйл ажиллагааны арын албаны ажлыг нугалан ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй нэгэн бол Д.Бямбаа агсны том хүү Б.Цогтбаярын гэргий МУГБ Д.Энхжин билээ. Арван жилийн нэг ангийн хоёр амьдралаа холбож, олон сайхан хүүхэд төрүүлэн өсгөж, хүмүүжүүлжээ. Д.Энхжин багш хадам ааваараа маш их бахархдаг тухайгаа бидэнтэй ийн хуваалцсан. Тэрбээр “Аав минь маш эртэч, их уншдаг, хөдөлмөрч үлгэр дуурайл болсон сайхан хүн байсан. Мөн хүнтэй их сайхан мэндэлнэ. Би уг нь гэр бүлийнх нь гишүүн шүү дээ. Гэтэл надтай өдөрт хэдэн ч удаа таарсан хамаагүй мэндэлж, гэр орон, үр хүүхдүүдийн минь талаар асууж, үргэлж анхаарал тавьдаг байж билээ. Миний аав эрдэнэ мэт сайхан хүн байсан” хэмээв.
Аавын минь бууц
Говийн шаргал наран алсаас улаан шаргал өнгөөр туяаран мандаж, тэртээ харагдах уул толгод нь нүд баясгаж, зөөлөн салхи нь сэтгэл дүүргэсэн нэгэн сайхан өглөө бид Д.Бямбаа агсны төрсөн газар болох Номгон сумын Хармагтай багийн нутаг, Буурын хярын “Шил хуудас”-ыг зорилоо. Аймгийн төвөөс зүүн урагш 70 гаруй км шороон замаар давхисаар Буурын хярын “Шил хуудас”-т ирэв. Эргэн тойрон говийн толгодоор хүрээлэгдсэн нөмөр нөөлөг бүхий энэ л газарт гавьяат эдийн засагч Д.Бямбаа төрж, өсчээ.
Бид нэгэн зүйлд ихэд бэлгэшээсэн нь Д.Бямбаа агсны бууцыг Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Монгол Улсын арслан Г.Дэмүүлийн дунд охин Отгонжав гэр бүлээрээ 28 жил сахин амьдарч буй явдал байлаа. Гэр бүл болсон цагаасаа эхлэн Буурын хярын “Шил хуудас”-ыг тойрон нутаглаж ирсэн тухайгаа гэрийн эзэн А.Нэргүй бидэнд хуучилсан. Тэрбээр ирсэн зочид болгоноо уриалгахан гэгч нь угтаж, төмөр утсаар урласан оньсон тоглоомоор оюун ухаанаа сорихыг урина.
Түүний тоглоомонд өөрийнх нь төмөр утсаар урласан оньсон тоглоомуудаас гадна энд тэндээс цуглуулсан тоглоом ч байсан. Ирсэн гийчдээ хөгжөөн, сонин сайхан яриа дэлгэн суух эгэл жирийн монгол малчин айлын гэргий эртний сайхан заншлаараа биднийг борцтой сүүтэй цайгаар дайлсан нь замын ядаргааг тайлсан. А.Нэргүйн гэрийн хойд талд хоёр шон байрлах бөгөөд тэднийг анх нүүж ирэхэд нь гэрийн буйр байжээ. Аавынхаа төрж өссөн гэрийн буйран дээр хөрвөөж, эцгээ санасан сэтгэлээ тэд дэвтээсэн.
Аавынхаа бууцан дээр хөрвөөвөл бүх л муу муухай зүйлс үргэдэг хэмээн өвөг дээдэс ярьдаг билээ. Эцгийн минь өсч төрсөн газрын бууцны үнэр, уул, толгод нь хүртэл сэтгэлд ойрхон байна хэмээн ярих кино найруулагч Б.Цогтбаяр нулимс дуслуулан ийн ярив. “Аймгийн төвөөс гарсан цагаас эхлээд л сэтгэл ихэд догдолж явлаа. Яг л аавтайгаа дахин уулзах гэж буй мэт сэтгэгдэл төрж, сэтгэл маш их хөдөлсөн. Аавынхаа бууцан дээр хөрвөөж байхад аавтайгаа өнгөрүүлсэн бүх л дурсамж минь киноны кадр мэт урсан өнгөрсөн.
Тэр богинохон хугацаанд их зүйлийг бодсон” хэмээсэн. Харин бага хүү Б.Хосбаяр нь “Аавынхаа төрсөн бууцан дээр ирэхэд сэтгэл маш сайхан байна. Аав минь биднийг сайн сайхан өсгөж хүмүүжүүлсэн. Хатуу ширүүн үг хэлэхээс илүү өөрөөрөө үлгэр дуурайлал үзүүлдэг байлаа. Бидэнд үргэлж хүнд туслаж байхыг захиж, сургана. Их хөдөлмөрч хүн. Бид аавынхаа ажил хэргийг үргэлжлүүлэн IV сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллана. Цаашид хамтын ажиллагаатай байна” гэв. Ийнхүү бид бүйлс цэцэглэсэн хөндийгөөр давхисаар Өмнөговь аймгийн төвд буцан ирж, IV сургуулийн захирал болон нийгмийн ажилтан, багш нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонссон юм.
Тэд гадаадын аль нэг улсад багш солилцооны хөтөлбөрт хамрагдах, төгөлдөр хуур, цахилгаан хөгжим авах, сургалтын хэрэглэгдэхүүнтэй болох, чийрэгжүүлэх танхим байгуулах хүсэлтэй байгаагаа Д.Бямбаа агсны үр хүүхдүүдэд уламжилсан. Энэ үеэр бага хүү Б.Хосбаяр “Багш нарын саналыг хүлээж авлаа. Бид сургуулийн цаашдын үйл ажиллагаанд тодорхой хөрөнгө оруулна. Мөн жил бүр амьжиргааны төвшин доогуур хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл бэлэглэнэ. Бидний нэн тэргүүнд ирэх намар сургуулийн урд аавынхаа хөшөөг босгохоор төлөвлөж байна” гэсэн юм. Мөн Д.Бямбаа агсны том охин Б.Цолмон өөрийн зүгээс сургуулийн багш нарыг гадаадад багш солилцооны хөтөлбөрт хамруулах ажилд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Д.Бямбаа агсны дүү Чулуунтогоо, Болд, Алтангэрэл, Цэрэнпагма нар сургуулийн үйл ажиллагааг дэмжин цаашид өргөжүүлэн хамтран ажиллах талаар тодорхой саналууд дэвшүүллээ. Дөрөв дүгээр сургуулийн хичээлийн байр, дотуур байртай танилцаж, сурагчдын цайны газарт үдэлтийн амтат зоог барьсны дараа тус сургуулийн ахлах менежер И.Чингэрэл, бага боловсролын менежер Ш.Мөнх-Эрдэнэ, нийгмийн ажилтан Е.Цэцэгээ болон бусад багш нар биднийг үдсэн юм. Ийнхүү бид Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоо заллаа.
Хүн энэ хорвоод мөнх бус оршдог ч хүний хийж бүтээсэн бүхэн үр хойчоороо дамжин мөнхөд оршдогийн илрэл энэ буй заа. Сайхан эцгийн сайн үрс, ач, зээ, ахан дүүс түүний хүүхэд, багачуудыг эрдэм номын замд хөтлөн оруулах чин хүслийг нь өртөөлөн цаашид ч тасралтгүй үргэлжлүүлнэ. Биднийг явах үед өмнийн цэнхэр говь сайхан айлаараа угтсан шигээ зөөлөн салхи нь сэвшин үлээн үдэж билээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.