Шинэ он гарахтай зэрэгцээд спортынхон улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсаар байна. Тухайлбал, хүндийн өргөлт болоод чөлөөт бөхийн холбоо улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, аваргуудаа тодруулсан билээ. Тэгвэл өнөөдөр боксын УАШТ Спортын төв ордны “А” танхимд эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү зэрэг шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм. Э.Цэндбаатарын хувьд 56 кг-ын жинд Рио-2016 Олимпийн наадамд оролцож, шагналт тавдугаар байрт шалгарсан билээ. Тэгвэл энэ удаагийн улсын аваргад жин өгсөж орж ирж байна.
Харин 52 кг-д Х.Энх-Амар, М.Гандулам, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг зэрэг Монголын шилдэг ширэн бээлийтнүүд өрсөлдөж байгаа юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд өсрсөлдөж буй. Харин олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Азийн аварга З.Энхзориг, Б.Жавхлан, Т.Болортуул нар өнжжээ. Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-нд өндөрлөж, шилдгүүдээ тодруулна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.