Такато Наохиса: Олимпоос алт авах хүртэл ямар ч тэмцээнд ялсан сэтгэл минь ханахгүй

Такато Наохиса: Олимпоос алт авах хүртэл ямар ч тэмцээнд ялсан сэтгэл минь ханахгүй

Японд спортын бүхий л төрлийн шилдэг тамирчид бий. Гэхдээ монголчуудад жүдо, чөлөөт бөхийн тамирчид нь илүүтэй танигдсан байдаг гэвэл хэтийдсэн болохгүй. Саяхан Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээн болсон бөгөөд энэ тэмцээний өмнөхөн Риогийн олимпийн хүрэл медальт Такато Наохиса хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр Риогийн олимпийн тэмцээний талаар болоод ирээдүйн зорилгынхоо тухай сонирхолтой ярилцлага өрнүүлснийг энэ удаа орчуулан хүргэж байна. Такато Наохиса бол 1993 оны тавдугаар сард төрсөн эдүгээ 23 настай тамирчин бөгөөд 60 кг-ийн жинд зодоглодог Японы чадварлаг жүдочдын нэг билээ.
Тэрбээр өсвөрийн (2009) болон залуучуудын (2011) ДАШТ-д түрүүлж, 2012 оноос Их дуулга, Мастеруудын тэмцээн гээд очсон л бол алтан медаль шүүрдэг  ч,  2014 оны Челябинскийн ДАШТ, 2016 оны Рио-де-Жанейрын олимпоос  тус тус хүрэл медаль хүртсэн байдаг.  

-Бразилын Рио де Жанейрод болсон олимпоос та  хүрэл медаль хүртсэн. Шулуухан асуухад олимпод өөрийнхөө сэтгэлд хүртэл барилдаж чадсан уу. Хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Олимпоос хүрэл медаль авсан. Хэдийгээр медаль хүртсэн ч гэлээ, алтан медаль биш болохоор яаж ч бодсон сэтгэл хангалуун байж чадахгүй шүү дээ. Хэрэв би жүдогийн спортыг орхихоор шийдсэн байсан бол сэтгэл ханаж магадгүй. Гэхдээ яг одоо бол Олимпоос алт авах хүртлээ ямар нэг тэмцээнд ялсан ч сэтгэл минь ханахгүй байх гэж бодож байна даа.

-Олимпийн дараа эх орондоо ирсэнийхээ дараа олон ч хэвлэлд ярилцлага өгч, нэвтрүүлэгт оролцсон. Харин одоо олимпийн талаар эргээд дурсахад, гомдох зүйл байна уу?

-Хэвлэл мэдээллийн  байгууллагад очиж ярилцлага өгөх үед алтан медаль хүртсэн тамирчин эхлээд  ярьж, хүрэл медальтнууд сүүлд нь ч гэх юм уу ийм дэс дараалалтайгаар оролцдог байсан. Гэхдээ мэдээж, одоо бол өөр л дөө. Хүрэл медаль ч авч чадаагүй бол бүр л тоохгүй байсан байх.  Ийм зүйлийг ч гэсэн  сайн судалж бэлтгэлтэй байх хэрэгтэй юм байна гэж бодсон.  Ичгүүртэй ч юм шиг, гомдмоор ч юм шиг санагдаж билээ.  Тийм мэдрэмжийг авсан минь надад  цаашдаа туршлага болох байх.

-Олимпийн наадамд анх удаагаа оролцсон. Ер нь олимпийн дэвжээнд гарах ямар байсан бэ?

-Мөрөөдлийн дэвжээ. Төрсөн сэтгэгдлээ үгээр илэрхийлэхэд тун хүнд байна. Зүүдлээд ч байгаа юм шиг санагдсан. Мөрөөдлөөсөө атгах боломж нь гагцхүү тэр дэвжээ байлаа. Хэрвээ тэндээс алтан медаль авсан бол миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, мөрөөдлөө биелүүлсэн мэт мэдрэмж төрөх байсан болов уу.  Гэхдээ тэр дэвжээндээ би өөрөө хангалттай барилдаж чадаагүй, бас хэт  алтан медалийн төлөө улайрсан.  Энэ л миний сул тал байлаа.

-Та тун их харамсч буй бололтой?

-Алтан медаль авч чадаагүйдээ л харамсч байна. Гэхдээ би харамслаа гээд Рио де Жанейрогийн олимп эргээд ирэх биш дээ.  Аль хэдийнэ өнгөрсөн болохоор одоо “хэрэв тэгсэн бол” гэж ярихыг хүсэхгүй байна.

-Хагас шигшээд ялагдахад танд хэцүү байсан байх. Тэр шокоо яаж даван туулав даа?

-Түрүүн хэлсэн шүү дээ. Би одоо яриад хүрэл медалиа сольж чадахгүй. Олимпийн алтан медальтан болох миний мөрөөдөл. Гэхдээ тэр медалийг би авч чадаагүй. Олимп дууссан. Ямартай ч, “Токиогийн их дуулга”-д оролцоно гэсэн бодлоор шокийн байдлаасаа гарахаас өөр сонголт надад байгаагүй.

-Авч чадаагүй медалиа дөрвөн жилийн дараа Токиогийн олимпоос авах юм шүү гэж бодоогүй гэж үү?

-Риогийн олимп руу тэмүүлж байсан. Харин одоо дахиад дөрвөн жил хүлээнэ. Гэхдээ энэ хугацааг үр бүтээлгүй алдаж болохгүй.  Ирэх дөрвөн жилд хэрхэн өөрийгөө бэлдэх талаар төлөвлөлт хийх болно. Дөрвөн жилийн хугацаанд хүндрэл бэрхшээл тохиолдохыг үгүйсгэх аргагүй ч, хичээл зүтгэлгүйгээр алтан медалийг атгаж чадахгүй. Энэ удаагийн  туршлагаа дараагийн удаа үр дүнтэйгээр ашиглана.  Хэрэв тэгж чадахгүй бол нас нэмэх тусам байдал хүндэрч магадгүй.

-Өөрийн тань барилдааны оргил үе Токиогийн олимптой давхцах нь ээ?

-Оргил үе гэж хэлж болохгүй байх. Гэхдээ алтан медаль авчихвал л болно шүү дээ. Хамгийн сайн барилдааныг харуулах болно. Нэг олимпод оролцсон юм чинь дараагийн дөрвөн жилд үр дүн гарах нь гарцаагүй гэсэн бодолтой байна. 2020 оны олимп Токиод болохоор шийдвэрлэгдэх үед “Миний төлөө Токиод болох нь” гээд л их нааштайгаар хүлээн авсан шүү /инээв/.  Олимпийн татамид гарвал дэвжээ нь хаана байх бол, алтын төлөө барилдаж чадах болов уу гэх мэт асуудлуудаа мэдэх боломжтой болно. Тиймээс олимп, олимп гэж хэт ярихыг оронд  тэнд оролцоход учирч болох бэрхшээлд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Эхлээд тэмцээнүүдэд нэг нэгээр нь оролцож, цаашдынхаа төлөвлөгөөг боловсруулна даа.
 

-Тэгвэл таны бэлтгэлийн нэг алхам нь Токиогийн их дуулга юм байна?

-Зөвхөн жүдо бөхийн хөгжлийн төлөө гэсэн бодолтой байвал учир дутагдалтай байх. Тиймээс өөрийгөө, хүч чадлаа харуулахыг хүсч байна. Үнэндээ хүрэл медаль бус, алтан медаль авч, түүнийг жаахан ч гэсэн хармаар байна. Тиймээс ялалтын төлөө л барилдана.  Токиогийн их дуулгад ялсан ч бай, ялагдсан ч бай ирэх дөрвөн жилд маш том өөрчлөлт гарах байх. Японд болсон ямар ч тэмцээн уралдаанд дандаа түрүүлдэг болох болно. Намайг хүлээж байгаарай л гэж хэлье.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.