Бага дэлхийн аварга эхэллээ

Бага дэлхийн аварга эхэллээ

Бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Жүдо бөхийн бүхий л шилдгүүдийн чансааг шалгадаг энэ тэмцээнд өнөө жил дэлхийн 41 орны эрэгтэй 155,  эмэгтэй 132, нийт 287 тамирчин албан ёсоор оролцохоор болжээ. Уг нь 50 гаруй орон мэдүүлгээ өгөөд байсан ч эцсийн дүндээ 41 болж цөөрлөө. Харин манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй дөрөв, нийт 12 тамирчин оролцохоор боллоо. Өмнө нь 13 тамирчин мэдүүлэг өгсөн байсан ч эрэгтэйчүүдээс Г.Болдбаатар  барилдахааргүй болсон юм. Японоос энэхүү тэмцээнд зохион байгуулагч орон гэдэг утгаараа нэг жинд дөрөв, нийтдээ 56 тамирчнаа барилдуулж байна.

Тэр дунд Таканори Нагасе, Рики Накаяа, Тору Шишиме, Наохиса Такато, Кондо Ами, Шишиме Ай зэрэг томчууд барилдана. Дэлхийн шилдгүүдээс олон бөхчүүд энэ тэмцээнд оролцож байгаа юм. 66 кг-д гэхэд Олимпийн наадмын аварга Италийн Фабио Басиле, Солонгосын шилдэг бөх, Олимпийн мөнгөн медальт Ан Баул, Оросоос Хан Магомедов, Михайл Пулаев гэх мэт шилдгүүд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн 48 кг-д гэхэд манай М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, Японоос Кондо Ами гээд томчууд тулахаар цуглаад байна. Ердөө л хоёр жингийн бөхчүүдээс дурьдахад л ямархуу чансаатай тэмцээн болох гэж байгаа нь харагдана. 

Тэгвэл өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болох юм. 60 кг-д манайхаас Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин барилдах бөгөөд манай тамирчин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Солонгосын Ким Чан Ёнтой барилдахаар оноолт таараад байна. Тэгвэл 66 кг-ын жинд Д.Алтансүх, Г.Хэрлэн нар барилдана. Д.Алтансүхийн хувьд В хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Колумбийн Хуан Эрнандез болон Испанийн Алберто Гайтеро Мартин нарын аль ялсантай нь барилдана.

Тэгвэл Г.Хэрлэн С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Австрийн Тидар Ноамтай учраа таарлаа. Ялж гэмээнэ Словены бөх Адриан Гомбоктай тулна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М.Уранцэцэг зодоглож байгаа бөгөөд эхний тойрогтоо Чилийн бөх Мэри Де Варгастай барилдахаар оноолт таарсан. Харин 57 кг-д Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа барилдана. Манайх бөх Олимпийн наадмаас хойш анх удаагаа тэмцээнд оролцож байна. Тэрбээр А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Хонконгийн Квок Кит Фонг болон Тайландын Юрико Варашиа нарын ялсантай нь барилдахаар оноолт таарлаа.  Токиогийн “Их дуулга” ангиллын тэмцээний хэсгийн барилдаанууд өнөөдөр өглөө эхэллээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.