М.Анхцэцэг: Ганцаараа явах үнэхээр хэцүү юм байна, багшийгаа их саналаа

М.Анхцэцэг: Ганцаараа явах үнэхээр хэцүү юм байна, багшийгаа  их саналаа

Монголын шинэ залуу шилдэг тамирчин М.Анхцэцэг Японд болсон хүндийн өргөлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Мексикт зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аваргад оролцож, хоёуланд нь түрүүлсэн билээ. Тэгвэл хоёр том тэмцээнд дасгалжуулагчгүйгээр оролцож, түрүүлсэн М.Анхцэцэг одоогоор  Японд байгаа бөгөөд тэндээ хоёр хоноод энэ сарын 21-нд эх орондоо ирэх юм байна.

Тэрбээр Япон нисэхийг өмнө АНУ-аас  өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан шууд бичлэг хийж, зарим мэдээлэлтэй холбоотой тайлбар хийсэн юм.

М.Анхцэцэг “Гараа эвгүй болгочихсон, сойчихоод байж байна. Гэхдээ гайгүй. Намайг үргэлж дэмждэг багш, ар гэрийнхэн, хүндийн өргөлтийн холбооныхондоо баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ивээн тэтгэж, тусалж, тэмцээнд явахад тусалсан бүх хүмүүст баярласнаа хэлье.

Д.Дагвадорж аваргатай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байх шиг байна. Дагваа аварга намайг ивээн тэтгэж, бэлтгэлийн хувцас, уураг, бэлдмэл гээд олон зүйлээр хангаж байгаа. Энэ удаад л боломж багатай байна гээд тусалж чадаагүй юм. Түүнээс биш байнга тусалж, дэмжиж байгаа гэдгийг ойлгоорой” хэмээлээ.

Мөн ганцаараа тэмцээнд оролцсон тал дээр “Багшгүй явах үнэхээр хэцүү юм байна. Багшийгаа л их санаж, үгүйллээ. Дахиж багшгүйгээр тэмцээнд явмааргүй юм байна аа.  Бусад орны тамирчид, дасгалжуулагч яагаад багшгүйгээр ганцаараа яваа юм. Бид туслах уу гээд маш их тус, дэм болсон. Канадын нэг эгч ирээд надад туслах уу гээд тусалсан.  Бүр сүүлд онгоцонд суун суутал цүнхийг минь барьж өгч, тусалсан” хэмээсэн юм.

Харин гадаадаас ирж байгаа саналын талаар “Солонгосоос 16, 20 мянган ам.долларын санал ирээгүй ээ. Тодорхой хэмжээний мөнгөн санал ирсэн. Тэгэхдээ  би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Тэрнээс биш миний хувьд мөнгө чухал биш. Энэ бол миний гэр бүлийнхэнтэйгээ хамт шийдсэн сонголт. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад "Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах" юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ"  хэмээсэн юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.