Улсын Их Хурлын даргын ивээл дор “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг угтаж уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр (2026.01.11) аваргуудаа тодрууллаа.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулдаг тус тэмцээнийг сум, дүүргийн хүрээнд анхан шат, аймаг, нийслэлийн хэмжээнд хагас шигшээ, улсын хэмжээнд шигшээ гэсэн гурван үе шаттай явуулдаг. Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4922 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 108, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв.
Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгарсан оролцогч Б.Гантулга 7.5 оноогоор тэргүүлж, удаах байрт Сэлэнгэ аймгийн оролцогч Ж.Пүрэвдорж /7.0/, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Баттүвшин /7.0/ тус тус шалгарсан юм.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Говь-Сүмбэр аймгаас шалгарсан оролцогч А.Энхдэлгэр 8.0 оноогоор нэгдүгээр байр, Орхон аймгаас шалгарсан оролцогч Д.Жаргалсайхан 6.0 оноогоор хоёрдугаар байр, нийслэлээс шалгарсан оролцогч Д.Булгантамир 6.0 оноогоор гуравдугаар байрыг эзлэв.
Тэмцээний V-VI байрын шагналыг эрэгтэйчүүдээс нийслэлийн оролцогч Г.Цолмон-Осор /6.5 оноо/, Хэнтий аймгийн оролцогч Э.Банзрагч /6.0 оноо/, нийслэлийн Баянгол дүүргийн оролцогч Ш.Энхбат /6.0 оноо/ нар, эмэгтэйчүүдээс нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Т.Ариунзаяа /5.5 оноо/, нийслэлийн Баянзүрх дүүргийн оролцогч Г.Маралгуа /5.5 оноо/, мөн дүүргийн оролцогч Б.Энхдэлгэр /5.5 оноо/ хүртэв.
Түүнчлэн тэмцээний эрэгтэйчүүдийн 70-аас дээш насны ангилалд Г.Оюунбаяр, 60-аас дээш насны ангилалд Ш.Ганболд, 55-аас дээш насны ангилалд А.Зоригтбаатар, чансаа нь 1700 хүртэлх онооны ангилалд Б.Оргил, чансаагүй оролцогчдын ангилалд Б.Амарзаяа, эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны ангилалд Г.Оюунжаргал, чансаагүй оролцогчдын ангилалд Э.Болор-Эрдэнэ, Ц.Нармандах нар тус тус тусгай шагнал хүртлээ.
Монголын шатрын холбооноос олгодог "Оюунлаг түшээ” батламжийг Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунбаатар /4.5 оноо/, Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар /4.0 оноо/ нарт гардуулсан юм.
Энэ удаагийн шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Улсын Их Хурлын Тамгын Тэргүүн дэд дарга П.Батбаатар, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэг нар гардууллаа.
Ийнхүү Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хааж, Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг эл тэмцээнийг шатар сонирхогч хэн бүхэн хүсэн хүлээдэг болсныг онцлоод цаашид монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг оюуны спортоор хичээллэх сонирхол, хандлагыг нэмэгдүүлэхэд шатрын уралдаан тэмцээнийг ивээн тэтгэж, бай шагналыг нь нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид Монгол Улсын спортын дэд мастер цолны болзол хангаж буй бөгөөд ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгээ гардан авна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.