Л.Хосбаяр: Нийслэлийн 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд зайлшгүй зохицуулалтуудыг хийхийн тулд төсвийн тодотгол хийсэн

Л.Хосбаяр: Нийслэлийн 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд зайлшгүй зохицуулалтуудыг хийхийн тулд төсвийн тодотгол хийсэн

НИТХ-ын ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр буюу өнөөдөр Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраас тодрууллаа.

-Өнөөдрийн НИТХ-аар баталсан 2025 оны Нийслэлийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлтүүдийг тодруулахгүй юу?

-2025 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл дээр жижиг зохицуулалт хийхийн тулд төсвийн тодотгол хийсэн. Энэ юу юм гэхээр 2024 онд 500 тэрбум төгрөгийн дотоод бонд босгосон. Энэ хүрээнд өнгөрсөн онд 87 байршилд 160 орчим км замын шинэчлэлт, өргөтгөлийн ажил хийсэн бөгөөд тус ажлын гүйцэтгэл оны эцэст гараагүй учраас 200 тэрбумын бондын худалдаа бид хийгээгүй гэсэн үг. Уг гүйцэтгэлийн үлдэгдлийг гаргахын тулд бид төсвийн тодотголд зохицуулалт хийх журмаар зохицуулалтыг хийсэн. 24 мега төслийн хувьд Метроны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г мэргэжлийн байгууллагуудаар батлуулсан. Үүнтэй холбоотой төсвийн орлого хэсэгт өөрчлөлт ороогүй. Гэхдээ төсөвт өртөг нэмэгдсэн. Энэ нь 2025 онд санхүүжих хэсэг дээр ачаалал бага байсан учраас метроны төслийн 2025 оны санхүүжилтээс зарим зардлыг санхүүжүүлэх зохицуулалт хийсэн. Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Хүннү хот зэрэг зарим бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийгдсэн төслүүдэд санхүүжилтын эх үүсвэр хэрэгтэй байсан учраас худалдан авалт нь зарлагдаад амжилтгүй болсон, ажил нь огт эхлээгүй, хөрөнгө оруулалтын эрэмбээр хойшлуулж болох зардлуудыг ТЭЗҮ батлагдсан төслүүд рүү зайлшгүй шилжүүлэх шаардлага үүссэн.

-Тодорхой тоон мэдээлэл өгөхгүй юү?

-Товчхондоо, Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогыг 101.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын шууд төсвийн нийт орлогыг 1 их наяд 664.5 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 4 их наяд 127.1 тэрбум төгрөг байхаар, урьд оны үлдэгдлээс санхүүжих дүнг 95.8 тэрбум төгрөгөөр бууруулж 677.7 тэрбум төгрөг байхаар, нийслэлийн үнэт цаасны орлогыг 200.7 тэрбум төгрөгөөр бууруулж 1 их наяд 987.5 тэрбум төгрөг байхаар, нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195.0 тэрбум төгрөгөөр бууруулж 6 их наяд 792.3 тэрбум байхаар тооцоолон төсвийн тодотголын төсөлд тусгасан. Нийслэлийн 2025 оны төсвийн урсгал зардлын хэмжээ 1 их наяд 421.9 тэрбум төгрөг болж, үүнээс 63.9 хувь буюу 908.9 тэрбум төгрөгийг хотын төсвийн урсгал зардал, 36.1 хувь буюу 513.0 тэрбум төгрөгийг есөн дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна. Хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмсэнтэй холбоотойгоор дүүргүүдийн урсгал зардлын хэмжээ бага зэрэг өссөн.

-Орон нутгийн өмчит компани болон үйлдвэрийн газруудын зарим удирдлагуудын цалин сарын 9 сая төгрөг хүрсэн тохиолдол ч байсан. Үүнийг НИТХ өнгөрсөн хуралдаанаар бууруулж нэг түвшинд болгож тогтоосон. Энэ төсөвт багагүй хэмнэлт болсон болов уу?

-Тийм ээ, төсөвт гол хөдөлгөөн орох болсон нэг шалтгаан нь энэ. Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 238-р тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын  газрын 2022 оны 184-р тогтоолоор Нийслэлийн Нутгийн захиргааны төрийн өмчит компаниудын цалингийн шатлалыг тогтоосон байдаг. Нийслэлд хэд хэдэн орон нутгийн өмчит компаниуд байгуулагдсан. Дээр нь орон нутгийн өмчит компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагуудын цалингийн ангиллыг нэг түвшинд барих буюу татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй орон нутгийн өмчит ашгийн бус компанид ажиллаж буй төрийн удирдах албан тушаалтнууд төрийн албаны цалингийн зарчмыг барих нь зүйтэй гэж НИТХ-аас үзсэн учраас цалингийн өөрчлөлтүүдийг нэг түвшинд хуулийн зарчмын дагуу тогтоосон. Энэ хүрээнд урсгал зардлаас цалинтай холбоотой нэлээд хэмнэлт үүссэн.

Мөн нийслэлд дамжуулан зээлийн төлбөрүүдтэй холбоотой хэмнэлт буюу валютын ханшийн алдалгүй үе буюу нэгдүгээр сард төлөөд энэ жил төлөх дамжуулан зээлийн төлбөрөөсөө тодорхой хувийн хэмнэлт гаргасан. Эдгээр хэмнэлтүүдийг хөрөнгө оруулалтын зардалд шилжүүлэх зэрэг жижиг хөдөлгөөнүүдийг төсвийн зохицуулалтаар хийж өнөөдөр НИТХ-аар баталлаа.

-Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс санхүүжүүлэх орон сууцны барилгуудыг дуулах төслийн тухайд?

-Орон сууцны барилгуудыг дулаалснаар эрчим хүчний үр ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг уртасгаж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх уг төслийг Нийслэлийн Засаг даргын зүгээс ач холбогдол өгч ажиллаж байгаа. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хотын нэг. Дулааны хэрэгцээ хүрэхгүй байгаа эдгээр хотуудад яаж дулаанаа, эрчим хүчээ зохицуулах уу гэдэг толгойны өвчин болдог. Харин Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Нийслэлийн захирагчийн ажлын алба Барилга хот байгуулалтын яамтай хамтран энэ том төслийг маш богино хугацаанд хэрэгжүүлж дуусгах шаардлагатай байна. 2022-2027 онд хэрэгжүүлэх төсөл өнөөдөр дөнгөж бичиг цаасны ажил дээр явж байна. Засгийн газраас хүлээх үүргээ цаг хугацаанд нь хүлээхгүй байгаагаас том төслүүд удааширдаг талтай. Тэгэхээр Нийслэлийн зүгээс Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирсэн дулаалгын төсөл дээр өөрийн хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлэхийн тулд өнөөдрийн НИТХ-аар хэлэлцсэн. Иргэдээс хэдэн хувийг нь санд төвлөрүүлэх, санд төвлөрүүлсэн санхүүжилтийг хэрхэн зарцуулах, Нийслэлийн Засаг дарга он, оны төсөвт дулаалгатай холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг тавих гээд тодорхой үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг НИТХ-аас гаргалаа. Цаашдаа ч НИТХ-аар хуралдаанаар шийдэх олон асуудал байгаа. Бид иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шуурхай шийдэх зорилготой ажиллаж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ