Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, диализийн тасагтай боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа болон холбогдох албаныхан оролцлоо.
Тодруулбал, өргөтгөлийн барилгад диализийн тасаг иргэдэд үйлчилнэ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай болсноор хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ өргөжиж, бөөрний архаг цочмог дутагдлын эмчилгээ, үйлчилгээнд ахиц гарна. Өөрөөр хэлбэл, хавдрын химийн эмчилгээ хийх боломж бүрдэж байна. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, чадварыг дээшлүүлэх бусад эмнэлгийн болон резидент эмч нарыг дадлагажуулах, сургалт, судалгааны цар хүрээ нэмэгдэнэ. Өргөтгөлийн барилгыг дүүргийн хөрөнгө оруулалтаар “Жи Би Ти Эм Жи” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Ташрамд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2024 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 292 сая төгрөгийн өртөг бүхий дөрвөн ширхэг гемодиализийн аппарат, 2025 оны хөрөнгө оруулалтын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэн ажилласан билээ.