"ESL Pro League Season 21" тэмцээнд Монголын "The MongolZ" баг 3-4 байрыг эзэллээ

CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох $400,000 (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай  "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн тэмцээн Швед Улсын Стокхольм хотод өнгөрсөн шөнө болж дууслаа. Тус тэмцээнд Шанхайн мажорын аварга Европын холбооны "Vitality" аварга болж 100 мянган ам.долларын эзэн боллоо. Тэд Европын холбооны "MOUZ" багийг 3-0 (Dust II 13-9, Nuke 13-4, Inferno 13-5) харьцаагаар хожсон байна.

Харин Монголын "The MongolZ" тэмцээний хоёрдугаар шатанд шууд уригдсан бөгөөд шилдэг дөрвөн багийн нэг болж 25 мянган ам.долларын эзэн болжээ.

Хэсгийн тоглолтод гурав хожсон баг нь шигшээ шатанд шалгардаг бөгөөд манай залуус эхний тоглолтоо Европын холбооны "GamerLegion" багтай хийж 2-0 (Inferno 13-9, Mirage 16-14) харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Европын холбооны "G2 Esports" багтай тоглож 2-1 (Ancient 9-13, Dust II 16-12, Mirage 13-10) харьцаагаар хожсон бол Мажорын аваргууд болох Оросын "Team Spirit" багт 0-2 (Anubis 6-13, Dust II 11-13) харьцаагаар хожигдсон юм. Шигшээ шатанд ганц хожил дутуу байсан манай залуус Францын "3DMAX" багтай тоглож 2-0 (Dust II 13-4, Ancient 13-7) харьцаагаар хожиж шигшээд шалгарсан юм. Улмаар манай залуус 3 хожил 1 хожигдолтой амжилттайгаар шигшээ шатанд шалгарч ESL Pro League-ийн шигшээ шатанд сүүлийн гурван улиралд шалгарч байна. 

Улмаар шигшээ шөвгийн наймд мажорын аварга Францын "Natus Vincere" багтай тоглож  2-0 (Mirage 13-6, Ancient 13-6) харьцаагаар хожсон байна. Өмнө нь тус багтай хоёр удаа таарч тоглохдоо бүгдэд нь хожигдоод байсан юм. Манай залуус шилдэг дөрөвт мажорын аварга "Team Vitality" багтай тоглож 1-2 (Anubis 6-13, Nuke 16-14, Inferno 2-13) харьцаагаар хожигдсон байна. Өмнө нь тус багтай дөрвөн удаа 7 map дээр таарч тоглохдоо бүгдэд нь хожигдоод байсан бөгөөд энэ удаагийн тоглолтод Францын багийн сонгосон Nuke дээр нь хожсон байна.

"ESL Pro League"-ийн эхний шатанд 16 баг оролцсоноос нь найм нь хоёрдугаар шатанд шалгарсан. Хоёрдугаар шатанд шууд уригдсан найман баг болон нэгдүгээр шатнаас шалгарсан найман багууд швейцар системээр тоглон түрүүлж гурав хожсон найм нь шигшээ шатанд шалгарах юм.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ