Электрон тоглоомын PGL-ээс зохиож буй CS2 (Counter Strike 2) төрлийн 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн хоёрдугаар сарын 14-23-ны хооронд Румын улсын Бухарест хотод болж байна.
Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг шууд урилгаар оролцсон бөгөөд өнгөрсөн шөнө гурав дахь тоглолтоо Бразилийн paiN багтай хийж 2-1 (Inferno 16-13, Dust II 14-16, Mirage 13-8) харьцаагаар хожлоо.
Манай залуус эхний тоглолтоо Хойд Америкийн "Complexity" багийн эсрэг хийж 2-0 (Dust II 13-7, Ancient 13-7) харьцаагаар хожил байгуулсан бол хоёр дахь тоглолтоо Хойд Америкийн "Wildcard" багтай хийж 2-0 (Inferno 19-16, Ancient 13-10) харьцаагаар хожиж манай баг хоёр хожилтой болсон.
Улмаар S-Tier буюу CS2-ын хамгийн өндөр зэрэглэлийн гурван тэмцээн дараалан плэй ффт шатанд шалгарсан анхны Ази баг юм.
Плэй оффын тоглолт баасан гараг буюу энэ сарын 21-ээс эхлэх бөгөөд тус тоглолтууд Румын улсын Клүж-Напока хотын BT Arena-д болох бөгөөд The MongolZ багийн дараагийн тоглолтын хуваарь нь хэсгийн шатны тоглолтууд бүрэн дууссаны дараагаар тодорхой болно.
Тэмцээнд оролцох 16 баг оролцож байгаа бөгөөд түрүүлж гурав хожсон найман баг плэй оффын шатанд шалгарах бөгөөд тоглолтууд Bo3 журмаар болно.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.