ESL-ээс зохиож буй 1 сая ам.долларын шагналын сантай CS2 (Counter Strike 2) төрлийн мажор тэмцээний араас орохуйц хамгийн том тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний хасагдах шатны тоглолт өнөөдөр эхэлнэ.
Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр /2025.02.07/ 22:45 цагт Туркийн алдарт Eternal Fire багтай тоглоно. Улмаар хожвол Европын алдарт "Team Vitality" багтай тоглох бол хожигдол шууд тэмцээнээс хасагдах юм.
Манай баг дэлхийд эзэлж буй байраар урьдчилсан шатанд тоглоогүй бөгөөд хоёр шатны эхний тонглолтоо Team Liquid багтай 2-1 (Nuke 10-13, Mirage 13-8, Ancient 13-11) харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Европын холбооны "GamerLegion" багтай тоглож (Nuke 13-10, Mirage 13-5) харьцаагаар хожлоо. Улмаар Польшийн Spodek Arena-д өрсөлдөх эрхийг анх удаагаа хүртээд байсан юм. Хэсгийг тэргүүлэх эсэх тоглолтод Европын холбооны "Navi" багтай тоглож 0-2 (Mirage 3-13, Ancient 9-13) харьцаагаар хожигдсон юм.
Тус тэмцээн гурван үе шаттай бөгөөд дэлхийн шилдэг 24 баг оролцоно. Эхний шатанд 16 баг өрсөлдөж найм нь хоёр дахь шат руу шалгарна. Харин хэсгийн шатнаас зургаан баг плэй офф руу шалгарч тоглох юм.
Польшийн Катовиц хотод хоёрдугаар сарын 9-ийг дуустал үргэлжлэх тэмцээний ялагч нь 400 мянган ам.долларыг авна.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.