Ерөнхийлөгч нууцлалтай утсаар холбогдож “Парламентын танхимаас хүмүүсийг гаргаад хаалгыг яаралтай хаа” гэж үүрэг өгсөн

Ерөнхийлөгч нууцлалтай утсаар холбогдож “Парламентын танхимаас хүмүүсийг гаргаад хаалгыг яаралтай хаа” гэж үүрэг өгсөн

Б.БАЯР

 

Ерөнхийлөгч нь гэнэт онц байдал зарласантай холбоотой улс төрийн үйл явдал Өмнөд Солонгост үргэлжилсээр байна. Тус улсын прокурорууд онц байдал зарласан асуудлаар Батлан хамгаалахын сайдыг баривчилсан. Ерөнхийлөгчдөө хилийн хориг тавьсан.

Улмаар парламентын Батлан хамгаалах асуудлын байнгын хороо нь дээрх асуудлаар энэ сарын 10-нд асуулга, манайхаар сонсгол зохион байгууллаа. Асуулгад онц байдлын үеэр үүрэг гүйцэтгэсэн цэрэг арми, тусгай хүчний 40 гаруй өндөр албан тушаалтныг оролцуулж “байцаасан” байна.

Тэдний ярьсан зүйлүүд олон улсын анхаарлыг ч татаад байгаа юм. Учир нь гишүүд “Тусгай хүчний командлагч Квак Жун Гын онц байдал зарлах гэж байгааг арванхоёрдугаар сарын 1-ний өдөр мэдэж байсан байна. Тэрээр үүнийгээ прокурорт хэлээгүй. Ер нь онц байдал зарлахад оролцсон цэргийн бүх алба хаагч юу ярихаа урьдчилан тохиролцсон” гэсэн. Харин тэдгээр цэрэг, тагнуул, тусгай хүчний өндөр албан тушаалтнууд “Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд хоёрын тушаал” гэдгийг тодорхой ярьжээ.

Тодруулбал, Цэргийн тагнуулын командлагч Мүн Сан Ху “Батлан хамгаалахын сайд 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өглөөний 10-11 цагийн орчимд залгаж “Ойрын үед тусгай үүрэг гүйцэтгэж магадгүй. Нэг багийг бэлэн байлга” гэж үүрэг өгсөн. Удалгүй дахин залгаж, “Өнөөдөр 21:00 цаг орчимд Гвачон хот дахь Засгийн газрын цогцолборын орчимд бэлэн бай” гэсэн. Дахин утасдаад Гвачон хот дахь СЕХ-ны байран дахь серверийн өрөөг хамгаалалтад авч, дараагийн баг очихоор хүлээлгэж өг” гэж үүрэг өгсөн. Тэр дагуу манай алба хаагчид серверийн өрөөнд зураг авалт хийсэн. Би тэднийг зургийг нь авч явуулахыг тушаасан” гэсэн.

Мөн Цэргийн сөрөг тагнуулын командлагч И Гён Мин “Цэргийн сөрөх тагнуулын командлагч Ёо Ин Хён -Умард Солонгосын өдөөн хатгалгатай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 1-нд бүх алба хаагчдыг бэлэн байдалд байлга” гэж тушаасан. Онц байдал зарласан арванхоёрдугаар сарын 3-нд “Умард Солонгосоос хог, хаягдалтай бөмбөлөг хөөргөх мэтээр өдөөн хатгалга ноцтой болж байна. Тиймээс өндөр дээд цолтой бүх алба хаагчид байнгын бэлэн байдалд байлга” гэж үүрэг өгсөн” гэв.

707 дугаар ангийн тусгай үүрэг гүйцэтгэх багийн ахлагч Ким Хён Тэ “Би Квак командлагчид “Дахин хүч хэрэглэвэл байдал ноцтой болно” гэхэд тэрээр “Ойлголоо, хэрэггүй” гэсэн.

Тусгай хүчний командлагч Квак Жон Гын “Онц байдал зарласан Парламентын ордонд Тусгай хүчний 707 дугаар ангийн бүрэлдэхүүн ажилласан. Батлан хамгаалахын сайд “Парламентын ордонд нэвтрэх гишүүдийн тоог 150-аас хэтрүүлж болохгүй” гэсэн. Бас тэр өдөр Ерөнхийлөгчтэй хоёр удаа утсаар ярьсан. Эхний удаад Ерөнхийлөгч цэргүүдийн байршлыг тодруулж асуусан. Дараа нь Ерөнхийлөгч надтай нууцлалтай дотуур утсаар холбогдсон. Парламентын хуралдааны танхимд яаралтай нэвтэрч, дотор нь байгаа хүмүүсийг гаргаад, хаалгыг яаралтай хаа” гэсэн. Үүнийг хэрхэн гүйцэтгэх талаар газар дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлах офицертой холбогдож буудах, цахилгааныг таслах зэргийг хэрэгжүүлж хэрхэвч болохгүй гэж тохирсон. Хэрвээ бид Ерөнхийлөгчийн тушаалыг тэр хэвээр үргэлжлүүлэн гүйцэтгэсэн бол парламентын танхимд нэвтэрсэн алба хаагчид хожим нь гэмт хэрэгтэн болж, олон хүн гэмтэж, бэртэх байсан. Тиймээс үүнийг буруу шийдвэр гэж үзээд биелүүлээгүй. Дахин ажиллагаа явуулахгүй байхыг тушаасан. Энэ талаар Ерөнхийлөгчид мэдэгдээгүй. Харин Батлан хамгаалахын сайдад хэлж, алба хаагчдаа буцаан татсан” гэв.

Мөн гишүүд түүнээс “Арванхоёрдугаар сарын1-нд онц байдал зарлахыг мэдэж байсан уу” гэдгийг тодруулсан. Тэгэхэд “Арванхоёрдугаар сарын 1-нд нууцлалтай дотуур холбоогоор Батлан хамгаалахын сайд залгаж “Арванхоёрдугаар сарын 3-нд Парламентын ордон, СЕХ, Ардчилсан намын байр, “Цэцэг” судалгааны төв зэрэг зургаан байрлалыг хяналтандаа авахыг үүрэг болгосон. Энэ тухай дотроо л төлөвлөсөн. Харин харьяа цэрэг, тусгай хүчний захирагч нартай хэлээгүй. Эрт хэлчихээр үүнээс болоод ямар нэг асуудал үүсэж болзошгүй гэж болгоомжилсон. Харин онц байдал зарлах үед бүх захирагч нарт хэлсэн. Гэхдээ би онц байдал зарлахыг огт ердөө мэдээгүй. Умард Солонгостой л холбож ойлгож байсан” гэсэн байна.

Хуурай замын цэргийн штабын дарга Паг Ан Сү “Батлан хамгаалахын сайдтай арванхоёрдугаар сарын 3-ны 16:00 цагийн орчимд ажлын шугамаар уулзсан. Сайд “21:40 цагт хүлээлгийн өрөөнд бэлэн байгаарай” гэсэн. Хэлсэн өрөөнд нь байж байтал 21:40 цагт онц байдал зарласан. Үүнийг хэвлэлээс мэдсэн. Тэгээд БХЯ-ны газар доорх удирдлагын байранд нь орсон. Тэнд намайг онц байдлын үеийн командлагчаар томилсон” гэв.

Цэргийн сөрөх тагнуулын Мөрдөн шалгах газрын дарга, бригадын генерал Ким Дэ Ү “Улстөрчдийг баривчлан хорих тушаал авсан нь үнэн” гэв. Тэрээр “Цэргийн сөрөг тагнуулын командлагч арванхоёрдугаар сарын 3-нд залгаж, нэр бүхий зарим улстөрчийг баривчлах шаардлагатай болсон. Сөүлийг хамгаалах командлалын газар доорх удирдлагын байранд түр хорих өрөө байгаа юу гэж асуусан” гэжээ.

Ер нь бол Цэргийн сөрөх тагнуулын Мөрдөн шалгах газрын даргын хэлсэн “Нэр бүхий зарим улстөрчийг баривчлах” гэдэг нь Өмнөд Солонгосын улс төрд нэлээд дуулиан тарьж байна. Парламентын асуулгын өнөх өдөр Үндэсний тагнуулын газрын дэд дарга Хун Жан Вон “Цэргийн сөрөг тагнуулын командлагч Ёо Ин Хэ арванхоёрдугаар сарын 3-нд залгаад баривчлах шаардлагатай 14 улстөрчийн нэрийг хэлсэн” гэж мэдүүлжээ. Тэрээр “баривчлах шаардлагатай 14 улстөрч” гэдэгт Парламентын дарга Ү Вон Шиг, Ард түмний хүч намын дарга Хан Дун Хүн, Ардчилсан намын дарга И Жэ Мён, бүлгийн дарга Пак Чан Тэ, гишүүн Ким Мин Сог, Хууль зүйн байнгын хорооны дарга Чон Чөн Нэ, Эх орон шинэчлэл намын дарга Чу Гүг, улстөрч Ким Ө Жүн, Дээд шүүхийн дарга асан Ким Мён Сү, Дээд шүүхийн шүүгч асан Квон Сүн Ил нарыг нэрлэсэн байна.

Харин онц байдлын дараа байдал эсрэгээрээ эргээд байгаа юм. Онц байдал зарласантай холбоотой болсон парламентын хуралдаанаар ерөнхийлөгч Юн Сог Ёл, Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд асан И Сан Мин, Хуурай замын цэргийн штабын дарга Паг Ан Сү, Цэргийн сөрөх тагнуулын командлагч Ёо Ин Хён, Сөүлийг хамгаалах цэргийн тойргийн командлагч И Жин Ү, Тусгай хүчний командлагч Квак Жон Гын, Цагдаагийн ерөнхий газрын дарга Чу Жи Ху нарын 7-8 хүнийг яаралтай баривчлахыг шаардсан тогтоол гаргасан.

Түүнчлэн Өмнөд Солонгосын прокурорын газраас ерөнхийлөгч Юн Сог Ёл, Батлан хамгаалах сайд асан Ким Юн Хён, Хуурай замын цэргийн штабын дарга Даг Ан Сү, Цэргийн сөрөх тагнуулын командлагч Ёо Ин Хён, Сөүлийг хамгаалах цэргийн тойргийн командлагч И Жин Ү, Цэргийн тагнуулын командлагч Мүн Сан Ху, Тусгай хүчний командлагч Квак Жон Гын, Цэргийн сөрөх тагнуулын дэд командлагч, Цэргийн сөрөг тагнуулын командлал мөрдөн, шалгах албаны дарга нарыг шалгаж эхлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ