Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, “Барилга инженерийн цэргийн удирдах газар”, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Хангайн Ган Эрдэнэ” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах Өглөө” ХХК, “Өсөх Зоос” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын харцага Э.Ууганбаяр, улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй “Нутгийн буян” групп үзэгчдийн дундаас гурван азтан тодруулж, тус бүр нэг сая төгрөг гардуулсан бөгөөд түрүү бөх 10 сая, үзүүр бөх 6 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая, наймд шалгарсан бөхчүүдэд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардууллаа.
Мөн “Нутгийн буян” групп өөрийн нэрэмжит барилдааныг тохиолдуулан тус компанийн бөх, энэ жилийн баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Т.Довчинсэмбээд “Хаппи Ресиденс” хотхонд хоёр өрөө байр бэлэглэсэн юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО