Германы хөл бөмбөгийн шигшээ баг энэ оны Европын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод Шотландын багийг 5:1-ээр буулган авлаа.
Тоглолтын эхний үе 3:0-ээр өндөрлөж, тоглолтын үр дүн үндсэндээ тодорхой болсон байна. Германы шигшээ багийн довтолгооны хагас хамгаалагч Флориан Виртц 10 дахь минутад эхний гоолыг оруулсан бол 9 минутын дараа Жамал Мусиала дубль хийжээ. Ийнхүү германчууд нэгэн төрлийн дээд амжилт тогтоов. Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа 22-оос доош насны хоёр тоглогч (хоёулаа 21 настай) нэг багийн төлөө нэг тоглолтод гоол орууллаа.
Тоглолтын 45 дахь минутад Кай Хаверц торгуулийн цохилтыг гүйцэтгэсэн байна. Райан Портьюс өөрийн торгуулийн талбайд дүрэм зөрчиж, талбайгаас хөөгдсөнөөр Шотландын баг 10 хүнтэй тоглолтыг үргэлжлүүлжээ
Хоёрдугаар үед Хаверцын оронд сэлгээгээр талбайд гарсан Никлас Фюлькруг 68 дахь минутад тооны харьцааг 4:0 болгов. Шотландчууд тоглолтын 87 дахь минутад нэр хүндийн гоолыг оруулжээ. Гэхдээ гоолыг Германы багийн тоглогч Антонио Рюдигер өөрийн хаалганд оруулсан байна. Нэмэлт цагт Эмре Жан оновчтой цохисноор тооны харьцааг 5:1 болгов.
Европын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт Мюнхен хотын цэнгэлдэх хүрээлэнд болж, 66 мянган хүн үзжээ.
А хэсгийн дараагийн тоглолт зургаадугаар сарын 15-нд буюу өнөөдөр болох бөгөөд Унгар, Швейцарын шигшээ багууд өрсөлдөнө. Өнөөдөр мөн В хэсгийн Испани, Хорват болон Итали, Албанийн багууд тоглоно.