Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22-д Хятадын шигшээ багийн эсрэг Шэньси мужийн Шиань хотод тоглоно.
Тодруулбал, Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн 2025 оны аварга шалгуулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан билээ.
Урьдчилсан шатны "С" хэсэгт Хятад, Гуам, Японы шигшээ багтай таарсан Монголын шигшээ баг эхний тоглолтоо хоёрдугаар сарын 22-д Хятадын талбайд хийнэ. Үргэлжлүүлэн хоёрдугаар сарын 25-д нутагтаа Гуамын шигшээ багийг хүлээн авч тоглоно.
Тоглолт Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэлнэ. Тус хэсгийн эхний тоглолт Гуам болон Японы шигшээ багийн хооронд мөн өнөөдөр 18:05 цагаас болох юм.