Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг бэлтгэлдээ гарлаа

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг бэлтгэлдээ гарлаа

FIBA Asia Cup оролцох Монгол Улсын үндэсний шигшээ баг бэлтгэлдээ гарлаа. Тус багийн ахлагчаар Б.Билгүүн ажиллаж байгаа бол хамгийн залуу тоглогч Сэдбазарын Төгөлдөр (2005 Он) тоглоно. Ахлах дасгалжуулагчаар Грекийн мэргэжилтэн Василис Фрагкиас ажиллана.

Тодруулбал, Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн 2025 оны аварга шалгуулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан билээ.

Урьдчилсан шатны "С" хэсэгт Хятад, Гуам, Японы шигшээ багтай таарсан Монголын шигшээ баг эхний тоглолтоо хоёрдугаар сарын 22-д Хятадын талбайд хийнэ. Үргэлжлүүлэн хоёрдугаар сарын 25-д нутагтаа Гуамын шигшээ багийг хүлээн авч тоглоно.

Монголын шигшээ баг урьдчилсан шатанд тоглохын тулд, сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд Малайз, Тайланд, Вьетнам, Таитийн багуудтай тоглож 2-р байраар хоёрдугаар шатанд шалгарсан. Улмаар хоёрдугаар шатанд Малайз, Тайландаас гадна Хонконг, Сингапур, Гуамын шигшээ багуудтай тоглож 3-р байраар урьдчилсан шатанд шалгарсан юм.

"FIBA Asia Cup 2025"-ын урьдчилсан шатанд нийт 24 баг дөрвөөрөө зургаан хэсэгт хуваагдаж байна. Баг тус бүр хэсгийн багуудтайгаа гэртээ болон талбайд нь ээлжилж тоглосноор нийт 6 тоглолтыг хийнэ. Хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноотой хоёр баг 2025 оны Азийн аваргад тоглох бол 3-р байрыг эзэлсэн зургаан баг нэмэлт шатны тоглолт хийж дөрөв нь Азийн аваргын эрхээ авах учиртай.

Азийн аваргын урьдчилсан шатанд Монголын шигшээ багаас гадна Арабын Нэгдсэн Эмират улс анх удаа оролцож байна.


ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ