Архангай аймгийн баг алтан цом гардлаа

Архангай аймгийн баг алтан цом гардлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай–Булган аймгийн багууд “Алтан цом”-ын төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаануудтай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны алтан цомын эзэн боллоо.

Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 16 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /1/, улсын начин Х.Цогтгэрэл /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт 9 даваа авцгаасан юм.

Цуврал барилдаанд тэргүүлсэн Архангай аймгийн баг Алтан цом, 200.000.000 төгрөг, дэд байрт шалгарсан Булган аймгийн баг 50.000.000 төгрөг тус тус гардлаа.

Мөн хэсгийн барилдаанд хамгийн олон буюу 10 барилдаанаас 10 давсан улсын харцага Ц.Бямба-Отгон, шигшээ барилдаанд хамгийн олон буюу 45 барилдаанаас 39 давсан улсын начин Д.Хүдэрбулга нарт МҮБХ-ны Батламж, мөнгөн шагнал гардуулсан бол “Бэлгэдлийн баг” буюу үзэгчдээс хамгийн олон санал авсан зургаан бөхөд мөн "Батламж" гардуулав.

Бэлгэдлийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /1930 санал/, улсын гарди М.Бадарч /1393 санал/, улсын заан М.Лхагвагэрэл /1085 санал/, улсын начин Э.Батмагнай /1081 санал/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /1028 санал/, сэлгээнээс орсон бөхчүүдээс улсын арслан Р.Пүрэвдагва /1692 санал/ тус тус авч "Бэлгэдлийн багийн гишүүн"-ээр тодорсон юм.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан"-ы тэтгэгч байгууллагууд, идэвх зүтгэлтэй оролцсон бөхийн дэвжээ галууд, хүчээ сорьсон нийт бөхчүүд, маргаан будлиангүй, шударга сайхан зохион байгуулсан жаяг дэгийн багийнхан, монгол бөхөө шимтэн үзэж, уухайлан дэмждэг үзэгч олондоо халуун талархал илэрхийлье.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ