Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.
Өнөөдөр Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Тажикстаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой, Б.Мишээлт Узбекистаны тамирчин Asadkhuja Muydinkhujaev-тай өрсөлдөнө.
63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0-ээр ялж, оноо алдалгүй медалийн төлөөх тулаанд шалгаран үлдсэн.
Шөвгийн наймд олимпын гурван хүрэл медальтай, дэлхийн гурван удаагийн аварга, Панамерикийн гурван удаагийн аварга тамирчин Кубын алдарт Ласаро Альварестай гар зөрүүлж, 4:1 харьцаатай буулгаж авсан билээ.
Тэгвэл 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3-аар ялж, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд мэргэжлийн дэвжээнд тулалдаж байсан Венесуэлийн Кристиан Паласиотой өрсөлдсөн юм. Эхний үед 5:0 хожигдсон ч хоёрдугаар үед илт илүүрхэж, Венесуэлийн тамирчны хөмсөг задарсан тул шүүгчид тулааныг зогсоож, манай тамирчин ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангасан юм.
Сонирхуулахад, Монголын боксын эрэгтэй шигшээ баг 14 жилийн дараа дэлхийн хос медальтантай болж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.