Чөлөөт бөхийн шигшээ баг дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд зодоглоно

Чөлөөт бөхийн шигшээ баг дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд зодоглоно

UWW-гийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхнийх “Zagreb Open” энэ сарын 2-5-нд Хорватын нийслэл Загребийн “Dom Sportova Sport Hall”-д эхэллээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жил чансааны оноо олгох дөрвөн тэмцээн зохин байгуулна. Тэмцээний аваргууд 1500 швейцар франк, мөнгөн медальт бөх 750, хүрэл медалийн эзэд 500 франкийн шагналтай.

Чансааны тэмцээн болгонд 30 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд 390 мянган швейцар франкийн шагналын сантай. Энэ улиралд чансааны тэмцээн Хорватын Загреб (2-р сарын 1-5), Египетийн Александр (2-р сарын 23-26), Киргизийн Бишкек (6-р сарын 1-4), Унгарын Будапешт (7-р сарын 13-16) хотод болно.

Загребийн “Ranking Series”-т манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан гэсэн долоон тамирчин зодоглохоор өчигдөр эх орноосоо мордсон.

Олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тус тэмцээнийг дэнслэнэ.

Загребийн дэвжээнд Хассан Яздани (Иран), Кайл Снайдер (АНУ), Гено Петриашвили (Гүрж), Гажи Алиев (Азербайжан), Жейден Кокс (АНУ), Рави Кумар (Энэтхэг), Амирхоссейн Заре (Иран), Таймураз Салказанов (Словак), Юи Сүсаки (Япон), Хелен Марулис (АНУ) нарын дэлхийн шилдэг бөхчүүд хүч үзэхээр болжээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.